Улаанбаатарын өнгө төрх орчны тохижилтоос шууд шалтгаалдаг. Товчхондоо бол бидний алхаж байгаа зам, салхилж байгаа цэцэрлэг, гудамжны гэрэлтүүлэг гээд энгийн жижигхэн зүйлсээс улсын нийслэлийн царай зүс харагддаг. Тиймдээ ч нийслэлд жил бүр хэдэн тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгддэг. Бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гээд хөрөнгө төсөвлөсөн ажлууд цөөнгүй. Энэ жил гэхэд 24.9 тэрбум төгрөгийн тохижилт хийхээр төлөвлөжээ. Дээр нь дүүргүүдийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө тохижилтод зориулагддаг. Хангалттай биш тохижилтод зориулах хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэвч тохижитын ажил жилээ даадаггүй гачлантай. Өнгөрсөн жил будаг нь ханхалж байсан тохижилт энэ жил шороонд дарагдаж, эвдэрч хэмхэрсэн байх нь энүүхэнд. Үүний нэг жишээ нь төсвийн хөрөнгөөс багагүйг зарцуулж байгуулдаг бичил цэцэрлэгүүд. Орон сууцнуудын дунд байгуулагдсан цэцэрлэгийг СӨХ-дод хариуцуулдаг. Харамсалтай нь СӨХ-ынхон эзэн болж чаддаггүй. СӨХ-ноос хөрөнгө нь гаргаагүй учраас хүний сэтгэлээр хандана. Дээр нь бид эвдсэн биш гэж ширэн нүүрлэнэ. Ингээд эвдэрсэн сандал, хазайсан хогийн сав үлддэг.
4
Тэгэхээр орон сууцны хорооллуудын дунд баригдах бичил цэцэрлэгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр бус тухайн байрны СӨХ-дын мөнгөөр тохижуулъя. СӨХ мөнгөө гаргаж, цэцэрлэгээ байгуулж, орчноо тохижуулна. Эцэст нь эзэн суух бүрэн эрхтэй. Өөрсдийнх нь мөнгөөр хийсэн учраас оршин суугчид ч өөриймсөг, СӨХ-ынхон ч хариуцлагатай хандана. СӨХ-нд бичил цэцэрлэг байгуулах хэмжээний хөрөнгө төвлөрдгийг хэн хэн хүнгүй мэднэ. Сард нэг айл дундажаар 17500 төгрөгийг СӨХ-доо төлдөг. 12 давхар 274 айлтай сууц байлаа гэхэд сард 4.7 сая төгрөг цугларна. Хоёр сарын мөнгө нь бараг 10 сая төгрөг болон СӨХ-ны дансанд төвлөрнө. Харин энэ мөнгөөр байрныхаа дунд дундаж хэмжээний бичил цэцэрлэг байгуулах боломжтой. Хэдэн сандал тавьж, хогийн сав байрлуулан, сүүдрэвч хийхэд хангалттай хүрнэ. Бүр сэтгэл гаргах юм бол хүүхдийн хэдэн тоглоом байрлуулах ч боломжтой. Энэ нь нийслэлийн төсвөөс гаргадаг хэдэн зуун сая төгрөгийг хэмнэж, нийтийн эзэмшлийн зам талбайд зарцуулах мөнгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл орон сууцны хорооллын дунд тавигдах авто болон явган зам, гэрэлтүүлэг, байрны лифт зэрэгт зарцуулах мөнгөнөөс хумслахгүйгээр бичил цэцэрлэгтэй болно гэсэн үг.
5
Харин энэ цагт СӨХ-дыг зөвхөн мөнгө хураадаг кассын машин гэж харахаа болино. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх үндсэн үүргээ биелүүлдэг зөв менежменттэй байгууллага хэмээн тоогдох ч юм билүү. Идэж уудаг, мөнгө хураахаас өөрийг мэддэггүй гэх мэт муу гуншингаас салах боломж СӨХ-д бий. Магадгүй энд хотын зүгээс ташуур эсвэл ямар нэг урамшуулал хэрэгтэй байж ч болох. Нэг СӨХ хамгийн багадаа л хоёр байр хариуцдаг. Тэгвэл өөрийн хариуцаж байгаа байрнуудынхаа дунд цэцэрлэг байгуулах ажлыг заавал биелүүлэх заалттайгаар үүрэгдэхэд буруудах зүйлгүй. Ажлын үр дүнгээс нь хамаарч хотоос эсвэл СӨХ-дын Дээд зөвлөлөөс ч урамшууллын системийг бий болгох боломжтой. Энэ мэтээр мөнгө хураагч гэж харагддаг байгууллагыг ажиллуулах цаашлаад нийслэлийн төсвийн үр ашиггүй зарцуулалтыг хэмнэх саналыг нэмэрлэе.
5
Нэгэнт их хотын ажил, амьдралын нэг эд эс болж яваа СӨХ-дынхон ч үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүйн хэрэг биз ээ.
5
В.Хэрлэн