Загас ч бас толгойноосоо өтдөг гэдэг. Яг л үүнтэй адил үйл явц АН-ын дотор үүсээд буйг илтгэх үйл явдлууд ээлж дараалан болж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, мөн УИХ-ын гишүүдийн олонх гэх мэтээр төрийн бүх эрх мэдлийг атгаж буй. Дээр нь яам, тамгын газар, нийслэл, хууль хүчний байгууллага гээд хаа сайгүй АН-ын ноёрхол тогтсон. Яг л энэ цаг хугацааг ашиглаж, АН-ынхан бие биенийхээ дээр гарах, нэгнээ гишгэлэх гэсэн мэт үйл явц ажиглагдсаар удаж байна.
:
Хамгийн сүүлийн жишээ гэхэд улиг болтол яригдаж байгаа давхар дээлний асуудал. Талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, давхар дээл тайлахыг шаардсан нь л МАН болохоос энэ асуудал АН-ынхнаас эхтэй. Бүр тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төсөл. Түүхэндээ анх удаа төрийн бүх эрхийг авсан АН-ынхан дуугүй дөрвөн жилийг өнгөрөөх боломж байсан. Монгол төрийн түүхэнд дан дээлтэй байсан түүх байхгүй гээд суухад тэд буруутан болохгүй. Тэгээд нам дотроо байх жигүүр, франкцынханд бүгдэд нь хувь хүртээчихээд чихээ бөглөөд суучихад улс төрийн орчинд үүссэн жамаас нэг их хазайхгүй. Сайнаар төсөөлөхөд өнгөрсөн 20 жилийн турш бодож төлөвлөж ирсэн зүйлээ хийх. Саараар бодоход хувь хувьдаа ашигтай ажиллахад дөрвөн жил хангалттай. Гэвч өөрийн хүнийх нь тавьсан урхи хөлд нь орооцолдчихоод шинэчлэлийнхэн дэнжигнэж байна.
:
Нэмэр дээр нэрмээс болгож, АН-ынхан дотроо зөрчилтэй байгаагаа кноп дарах мөчид харуулав. 2014 оны долоодугаар сарын 1-нээс давхар дээлийг тайлах саналыг дэмжсэн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарын санал ч АН дотроосоо өтөж байгаагийн энгийн жишээ. Мөн Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг Р.Гончигдорж хийсэн. З.Энхболд хуулийн хэлэлцэх хугацааг хойшлуулаагүй гэх мэтээр МАН-ынхнаас бус АН-ынхнаас гарсан учир шалтгаан олныг нэрлэж болно. Харин одоо намын эсрэг санал өгсөн "хэргээр" Р.Бурмааг зайлуулах аянд мордов бололтой. Уг нь Р.Бурмаа Монгол Улсын Засгийн газарт хамаатай асуудлаар кноп дарсан. Гэвч өдгөө энэ нь Алтангадасын эсрэг санал болж хувирав. Товчхондоо одоо өрнөж буй үйл явдлыг АН-ын доторх МоАХ, Алтангадасын хоорондох "дайн" гэж харж болно. МоАХ-ынхан тодруулбал Х.Баттулга, Р.Бурмаа нар эсрэг санал дарсан нь Алтангадасынхныг хариу арга хэмжээ авахад хүргэсэн. Тэр нь Р.Бурмаагаар оролдох. Харин Женко энэ асуудалд амархан бууж өгөхгүйгээ цахим хуудсаараа зарласан байгаа. Ямар ч байсан АН дотор үүссэн ан цав эхнээсээ гадагшилж эхэллээ.
:
Өөр нэг жишээ нь АТГ, Н.Алтанхуяг хоёрын хоорондох дайсагнал. Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг Цэвэр агаар сангийнхны хэрэгт холбоотой гэдгийг АТГ-аас мэдэгдсэний дараахан Н.Алтанхуяг “АТГ, МАН хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн ярьсан. Н.Алтанхуяг болон түүний багийнхнаас АТГ-т дуудагдаж, олон өдөр хоногоор ажлаа алдсан тохиолдол байхгүй. Энэ мэдэгдлийн хариуг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өгчээ. Тэрбээр “Ерөнхий сайд ямар агуулгаар АТГ ажил хийлгэхгүй байна гэж хэлснийг үнэндээ сайн ойлгоогүй. Тэр үг нь Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож, Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш гэдэгт итгэж байна” гэсэн тайлбарыг өгсөн байх юм. Ерөнхий сайд, АТГ-ын дарга хоёрын дунд шидэлцсэн энэ үгнээс Н.Алтанхуяг охин А.Саранзаяагийнхаа асуудалд ихээхэн эмзэг хандаж буй нь харагдана. Хэдийгээр АТГ бие даасан, хараат бус ажиллах чиг үүрэгтэй ч АН-ын томчуудын хараанаас гарч чаддаггүй гэдэг шүү дээ.
.
Үүнээс гадна Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт нарын жийлцэл ч нэгийг өгүүлнэ. Ардчиллын партизан хэмээн намдаа томоохон байр суурь эзэлж, аль ч засгийн үед нүүр алдаж байгаагүй Б.Билэгтийг Х.Тэмүүжин ад үзэх болсон нь сонирхол татна. АН доторх МоАХ-нд чамгүй нэр нөлөөтэй Б.Билэгтийг оролдвол Х.Баттулга зүгээр суухгүй байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Алтангадас, МоАХ хоёрын дунд зөрчил үүсэх шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. Х.Баттулга АН-ын эсрэг кноп дарсан нь үүнтэй ямар нэг байдлаар холбогдож ч болзошгүй. Бас түүний нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгааг ч орхигдуулж болохгүй.
.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, АН-ын ҮЗХ-ны гишүүн А.Мурат зэргээр АН-ыг болж бүтэхгүй байгааг хэлдэг хүмүүс цөөнгүй. Дотроосоо хэлж буйг нь ардчилал хэмээн ойлгож болох ч нөгөө талаар зөрчил, хагарал ч ийм хэлбэрээр илэрдэг. Зөрчил, тэмцэл аль ч улс төрийн хүчинд байдаг. Гэвч бүх хүчийг гартаа атгасан энэ цаг хугацаанд АН-д аз авчрахгүй. МАН-ынхан Төрийн ордны гаднаа орилж, төв талбайд дээл тайлах жүжиг тавилаа ч ордон доторх үйл явц АН-ын тавилтын дагуу л явна. Жингэр нохой хуцаж байлаа ч жингийн цуваа явдгаараа л явах байлаа. МАН-ын яруу найрагч Генсек төв талбайд зассан индрээс уран сайхан шүлэглэхээс өөрцгүй байгаа цаг хугацааг ашиглах л хэрэгтэй.
.
Дотроосоо өтсөн өрмийг нохой ч тоож долоохгүй, зөвхөн хаягддаг.
.
В.Хэрлэн