Бид өөрснөө эдийн засгаа царцаасныг өдөр ирэх тутамд мэдэрч байна. 68 хувийн татварын хууль, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээр мөн чиг их хүчин зүтгэлээ. Үр дүн нь гадаадын хөрөнгө оруулалт дүрвэсэн. Өөрснөө л авчихья гэж зүтгэсэн хэрэг. Байгалийн баялаг хөрсөн дороо л бий. Тэрнийг хөгжил дэвшлийн гарц болгоход хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагчдыг ад зэтгэр шиг л нүд үзүүрлэж байна. Засгийн газрын тогтоолоор хүчинтэй тусгай зөвшөөрлийнхөө 30-40 хувийг зогсоогоод тавьчихсан. Хайгуул хий гэж төрөөс тусгай зөвшөөрөл өгчихөөд эрсдэл хийгээд хайгуулд мөнгө зарсных нь дараа “Ноёдоо, зайгаа тавиад өгчих” гээд түлхчихсэн. Ямар ч хүний дургүй хүрнэ. Дараа дараагийн хүмүүс үл итгэнэ.
6
Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 2012 онд дууссан. 2008-2012 оны хооронд Монгол Улсад оруулсан гэх хөрөнгө оруулалтын 88 орчим хувь нь Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт. Одоо тэд эргэлзээд эхэлсэн. Цаашид яах бол гэсэн айдас. 2013 онд байдал гайгүй болох байх гээд хөрөнгө оруулалтаа хийгээд явсан. Жилийн эцсийн тайланг нь хараарай. Манайхан болохоор үгүй ч гэдэггүй за ч гэдэггүй нэг тийм бөөрөнхий байсаар ирлээ.
6
Хөрөнгө оруулалт байхгүй болоод асар их зардал шаардагдсан тогтолцоо цангаж эхлээд байна. Уул уурхай энэ цангааг хэсэгтээ тайлна гэж төлөвлөсөн нь талаар болоод ирэхээр Засаг төр ганхуулах хэмжээний асуудал яригдана. Зарим нь ч сайхан тоглож байна. Асуудал ингэтлээ хүндэрчихээд байхад давхар дээл тайлах төдий асуудал яриад засаглалын хямралыг өөгшүүлэхээс өөр гавьяа энэ УИХ-д алга. Уг нь уул уурхайг яавал хөгжлийн түүчээ чигээр нь хадгалж үлдэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулмаарсан. Зөвхөн ухах олборлох биш, харин төмөрлөг-машин үйлдвэрлэл-химийн салбар, кокс-химийн үйлдвэрийн салбар, нүүрс, газрын хий, нефть бүтээгдэхүүн боловсруулах химийн үйлдвэрийн салбар болж хөгжихөөр зорих ёстой. Нүүрсээ түлээд эрчим хүч үйлдвэрлэх бус сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө хангахыг зоримоорсон.
6
Тулга тойрсон хэрүүл бидэнд хохирол учруулахаас хэзээ ч өнгөтэй өөдтэйг авчрахгүй. Түүний оронд уул уурхайн салбарыг царцаагаад байгаа тэр олон хууль тогтоомжоо нэг тийш нь болгох гэж хичээвэл төгрөг үнэгүйдэж доллар чангарахгүй, гадаадын хөрөнгө оруулалт зогсч хүнд байдалд ормооргүйсэн. Асуудал төр засгийн мэдсэн мэдээгүйн хооронд өөртөө асар олон зөрчлийг агуулж байгаа хууль тогтоомжууд. УИХ ажлаа хийдэггүй, Засгийн газар нь тулгадаг энэ Монгол парламентын засаглалтай орон мөн үү. Ашиг сонирхлын зөрчил парламентыг хэдэн хэсэгт хувааж тэр бүлэг болгон нь Засгийн газрын атганд байгаа. Сайд болгон өөрийн фракцтай. Фракцууд болгон УИХ-ын шийдвэрт нөлөөлнө. Аймаар тогтолцоо шүү. АН-ынхан түүхэн дэх хар өдрүүдийнхээ тоог дөрвөөр нэмж байна. Ташуур өгөгчид олон.
6
Гадаадын хөрөнгө оруулалт зогссон энэ үед төр засаг үндэсний үйлдвэрлэгч нарт анхаарлаа хандулж байгаа нь энэ хар өдрүүдийн ганц гэрэл гэгээ болж байна. Энэ тус нэмрээ татварын бодлогоор дэмжээд өгвөл шүтээд байсан уул уурхайгаас илүүтэй ашиг тусаа өгнө. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг дээ. Нэг их наядыг үндэсний үйлдвэрлэгч нартаа тарааж эхэллээ. Үр дүн нь чамламгүй. Засаг ээлжлэн барьсан хоёр намын сонгуулийн уриа ажилгүйдлийг багасгаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх байлаа.
7
Бодоод бодоод олоогүй гарц нь үндэсний үйлдвэрийг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг өөртөө бий болгох байсан гэдгийг нэг их наяд төгрөгийн дотоод дахь санхүүжилт харуулаад байх шиг. Зээл нь бага хүүтэй, дарамт багатай, борлуулалтыг нь төрөөс дэмжээд өгвөл мөнчиг их амжилтад хүрэх нь тодорхой харагдлаа. Саарын хажуугаар сайн гэдэг энэ. Бодит амьдралын хөрсөн дээрээ бууцгаая л даа. Монгол орон хөгжиж байгаа, эдийн засгийн үзүүлэлт дээшилж байгаа тухай өөрсдийн мэдэлд байгаа элдэв мэдээллийн хэрэгслэлүүдээр баяр бахдалтай мэдээлж тунхаглаж байгаа хэдий ч, бодит байдал, амьдрал дээр огт өөр байгаа нь зөвхөн засаглалын төлөөх түмний тархи угаалт байжээ. Жаахан түлхэц өгөхөөр л эдийн засгийн түмэн тулгуур өөрөө л босоод ирэх нь байна шүү дээ. Хос морьтон хорвоог туулна гэдэгсэн. Үндэсний үйлдвэрлэл, уул уурхайг зөв зохистойгоор хослуулбал холын ирээдүй мөнчиг дөт ойр байна даа.
6
Н.Бадамжав
Уншиж байна |