Засгийн газрын тэргүүнийн хэлсэн “АТГ, МАН хоёр ажил хийлгэхгүй байна” гэсэн үгэнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил болохоос Н.Алтанхуягийн хийсэн ажил биш” хэмээн хариу барьсан нь ҮХАА-н сайд Х.Баттулгын найруулах шог гарааны сэдэв болов. Энэ сэдвийг сонгож авсан сайд салбарынхнаа шог гарааныхаа гол дүрийн баатруудаар сонгожээ. Эхний үзэгдэлд нь Монголын малчдын хөгжлийг дэмжих холбоо болон Төв, Хэнтий, Дорнод аймгийн малчид оролцов. Энэ хэсэгт илэрхийлэх ёстой хамгийн чухал санаа нь малчдыг хуц ухнаас дор хэмээн үзсэн гэдгийг харуулах зорилготой. Ингэхдээ МАН-ыг өнөөдрийг хүртэл дэмжиж байсандаа харамсч байна гэсэн үгсээр хачир хийх ёстой. Эцэст нь С.Бямбацогтыг малчдаас уучлалт гуйхыг шаардах сценаритай. Яг л энэ сценарийн дагуу Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал явагдаж дууссан.
6
Үүний дараа өчигдөрхөн ҮХААЯ дээр бас нэг хэвлэлийн хурал болов. Энэ удаа Монголын малчдын нэгдсэн холбооноос С.Бямбацогтыг огцруулахыг шаарджээ. Өмнөх үзэгдлээс арай хүч нэмэгдүүлсэн юм уу даа. Эхлэл нь уучлалт гуйхыг шаардсан бол өрнөл нь огцруулах тавилттай. Энд С.Бямбацогтыг малчин түмний саналаар төрийн түшээ болсон гэдгийг тодотгож өгөх ёстой. Мөн халуунд халж, хүйтэнд хөрж мал сүргээ адгуулдаг 144 мянган малчныг хуц ухнаас дор үзсэн гэдэг санаагаа орхигдуулж болохгүй. Тэгээд С.Бямбацогтыг МАН-ын бүлгийн даргын суудлаасаа огцрох ёстойг дахин сануулна. Энэ хэсэгт орхигдуулж болохгүй өөр нэг санаа нь Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө аж ахуй, тэр дундаа малчдад чиглэсэн бодлогыг түлхүү явуулж байгааг заавал дуулгах ёстой.
6
Ингэж эхэлж, өрнөсөн шог гараанд чимэг болох зүйлс бас хэрэгтэй. Энд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан чухал үүрэгтэй. Ингэхдээ салбарын яам Монголын эдийн засагт мал аж ахуйн салбар хэрхэн нөлөөлж байгааг ярих чиглэлтэй. Энэ ч дагуу өчигдөр яамнаас мэдээлэл хийж, “хөдөө аж ахуйн салбар манай улсын ДНБ-ий 15 орчим хувийг бүрдүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж байгаа бол экспортын нийт орлогын 10 орчим хувийг бүрдүүлж буй тул Монголын эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна” хэмээн ярьж, сайддаа хүч нэмэв.
6
Харин одоо тайлалыг сайд Х.Баттулга хийх дараалалтай. Төлөвлөсөн ёсоор ҮХАА-н сайд Х.Баттулгын гарын үсэгтэй мэдэгдэл гарчээ. Энэ хэсгийн онцлог нь арай албаны шинж чанартай. Дурдагдах төдий өнгөрсөн Шинэчлэлийн Засгийн газрын гавьяа зүтгэлийг тодотгох чиглэлтэй. Гол текст нь "төр засгаас малчдын болон мал аж ахуйн хөгжлийн талаар орон нутаг руугаа чиглэсэн олон арга хэмжээг явуулж байна. Ялангуяа малчин ардаа “Мянган мэргэжлийн эзэн” гэж үнэлэн мэргэжлийн үнэмлэх, жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга тэмдэг олгож, арилжааны банкинд харилцах данс нээн, эдийн засгийн идэвхтэй харилцааг өрнүүлээд байгаа" тухай. Салбарын сайдын оролцох хэсэг учраас арай тулхтай. “Мал аж ахуйн салбарт өсөлт гарсан нь Засгийн газрын ажил биш, “Хуц ухны ажил” гэж хэргийн эзний хэлсэн үгэнд арай дөхүү өгүүлбэр ашигласан нь үнэнд дөхнө. Мэдээж төрийн түшээ хүний амнаас унах ёсгүй үг хэлсэн, түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, бүлгийн даргын суудлаа өгөх ёстой гэсэн санааг эцэст нь илэрхийлж. Женкогийн найруулсан шог гараа одоогоор нэг ийм сценараар явагдаж байна. Төгсгөл хэсгийг бодож, төлөвлөж суугаа нь мэдээж.
6
Яаж төгсөх нь бидэнд чухал биш. Өөрөөр хэлбэл С.Бямбацогт огцрох, эс огцрох нь маньд падгүй. Харин шог гараа хэтэрхий инээдтэй бас эмгэнэлтэй байгааг хэлэхийг хүслээ. Хамгийн эхэнд С.Бямбацогтын хэлсэн үгийг эргэн харъя. Тэр “Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил болохоос Н.Алтанхуягийн хийсэн ажил биш” гэж хэлсэн. Энд малчдын тухай огтхон ч яригдаагүй. Хэрэв “Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил болохоос малчдын хийсэн ажил биш” гэж хэлсэн бол хэрэг бишдэх нь тодорхой. Малыг малчид өсгөж байгаа нь үнэн. Эндээс харвал Н.Алтанхуяг гэх хүнийг Ерөнхий сайд уу, малчин уу гэж эргэлзэхэд хүрнэ. Тэгээд ч мал өссөнд гүйцэтгэх засаглал тийм ч их хамаатай биш.
6
Нөгөөтэйгүүр цөөнгүй хэсэгтэй энэхүү шог гараа нь Х.Баттулгын хийсэн хэргээ цайруулах гэсэн арга гэж харагдана. Давхар дээл тайлах хугацааг наашлуулж, цаашлуулах санал хураалтад намынхаа эсрэг санал өгсөн дөрвөн нөхрийн нэг нь Женко. Энэ үйлдлийнхээ гороор эсэргүү нэр зүүгээд байгаа түүнд С.Бямбацогтын үг гэмээ цайруулах том боломж болон харагдсан байж болно. Намаас хөөх тухай хүртэл яригдсан байхад тэр нүгэлээ наминчлахыг хичээх нь жам ёсны зүйл. Тиймээс сөрөг хүчний даргын амнаас унасан үгийг мушгин гуйвуулж, шог гараа бэлдсэн нь энэ. Эндээ малчдыг, төрийн яамыг ч ашиглалаа. Хаврын хахир цагт малчдыг улс төрд ашиглаж байгаа салбарын сайдад мэдрэмж алга. Бас улс төрийн тоглоом шоглоомдоо төрийн яамыг ашиглаж байгаа нь бүр ч эмгэнэлтэй харагдаж байна. Улс төр гэх обьект хогийн цэгээс бохир завааныг хэн хүнгүй мэднэ. Гэвч улстөрч гэх субект эрүүл ухаан, ичих булчирхайтай байх ёстой.
7
В.Хэрлэн