Тэрбээр агуу удирдагч Ким биш ардчилсан орны ерөнхийлөгч тул ард түмэн нь түм наслатугай гэж уухайлаагүй ч хурдан эдгээд ирээсэй гэж чих тавин хүлээж байлаа. Улс төрийн хүрээнийхэн ч мөн адил аавыгаа ирж маргаан таслахыг хүлээсэн мэт өөр хоорондоо сөргөлцөөнтэй, нударга зангидаастай хаврын синдромоо хэрүүл талцлаар огшуулж суусан. Ерөнхийлөгчийн эзгүйд өөрийнх нь санаачилсан ухаалаг төрд шилжих ажил урагш муутайхан байгаа гэж хэвлэлээр шүүмжилж байгаа нь ч үнэн. Ямар ч байсан Монгол гэдэг айлд мөнгө орж ирэхээ больж эдийн засаг нь сөхөрсөн болохыг өсөлттэй байгаа гэж гүрийгээд байсан төр засгийнхан ил цагаан зөвшөөрцгөөлөө.
5
Улс төрийн хүрээнд тэр дундаа Ерөнхийлөгчийн онцгой анхааралд хамаарах хуулийн салбарынхан өөр хоорондоо гомдол тунирхалтай хэрүүл уруултай байлаа. Хууль зүйн сайдыгаа хусаж, хуулийн тогтолцоогоо хуучнаар нь авч үлдье гэсэн хэсэг бүлэг ч бий болсон ба ил цагаан үүнийгээ илэрхийлэх өнгө аястай. Иргэдэд чирэгдэлтэй тэгш бус ялгавартай үйлчилдгээрээ дээгүүр жагсаж байгаа хуулийн салбарынхан ийн төлхөлцөөнтэй болж энэ салбарт эхэлсэн шинэчлэл гацаж байгаа нь Ерөнхийлөгчийн эзгүйд болсон тун таагүй зүйлийн нэг мөн.
5
Ерөнхийлөгчийн шууд хараанд байдаг АТГ-ыг ажил хийлгэдэггүй хадны мангаа болсон гэсэн гомдол засгийн тэргүүн болоод том улстөрчдийн амнаас ойр ойрхон унах болсон нь юуг хэлээд байгааг Ерөнхийлөгч тайлж унших хэрэгтэй болж байх шиг байна. Авилгачдыг намнах төдийгүй авилгыг бууруулах, хазаарлах зорилготой энэ байгууллага одоо яг ямар түвшинд хүрснийг Ерөнхийлөгч эргэн нэг цензурдэх болсон ч байж магадгүй. АТГ үнэхээр хэн нэгнийг тодорхой зорилгоор айлгадаг, улс төрийн байдлаар нь ялгавартай үзэж хэрэгт татдаг газар болоод байна уу, нэг бол энэ цаг хүртэлх хугацаанд авилгачидтай хийж байгаа болон өргөжүүлэн хийхээр төлөвлөж буй бодлого үйл ажиллагаа нь тодорхой хэсэг бүлэглэлийнхэнд таалагдахгүй болж ирсэн үү гэдгийг дүгнэн харж байр сууриа илэрхийлэх Ерөнхийлөгчийн үгийг олон нийт хүлээж байна. Хууль зүйн сайдыг унагаах операци болон АТГ-ын үйл ажиллагагаанд ихэс дээдэс илт тааламжгүй хандах болсон зэрэг үйл явц нэгэн зэрэг өрнөж байгаа нь анхаарахгүй өнгөрч болохгүй давхцал байх гэж бодогдоно.
5
Дараа нь давхар дээлний асуудал. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан давхар дээлийг тайлах буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь явсаар одоогийн Засгийн газрын орших эс оршихуйг шийдэх болчихоод байна. АН-ын нэр бүхий тодорхой гишүүд намын олонхынхоо саналыг сөрж кнопдсоноор хууль энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжихээр дэмжигдээд байгаа. Ингэснээр давхар дээлтэн буюу гишүүн сайдуудыг халж Үндсэн хуулийн гажуудлаа засах гэсэн хуулийн үзэл санаа, зорилго нь бүдгэрч зөвхөн энэ Засгийн газрыг солих нь зөв буруу гэсэн нийгмийн талцаан хуваагдлыг бий болгох сөрөг тал ажиглагдаж эхлээд байна. Хэрвээ хуулийн төсөл энэ чигтээ явсаар чуулганаар одоо дэмжигдсэн байгаа найруулгаараа батлагдан гарвал Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн маргаан дэгдэж, зун намраа даасан засаглалын хямрал нүүрлэж үүнд нь жирийн иргэд чирэгдэж болохыг ч тооцон харах биз.
5
Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын одоогийн үйл ажиллагаанд олон нийт, сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж алдаа дутаглыг нь бодитой шүүмжилж байгааг Ерөнхийлөгч тунгаан дүгнэж байгаа байх. ААН байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж иргэд олноороо ажлаас халагдаж, санхүү эдийн засгийн хүндрэл бүхий л салбарт нөлөөлж эхэлсэн. Өнгөрсөн жилд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг засгаас одоог хүртэл аваагүй, мөн тендэрээр ажил аваад валютын ханшийн хөөрөгдлөөс болоод дандаа алдагдалтай ажилласан дүнтэй бүтээн байгуулагчид бий боллоо. ААН-үүд олноороо ашиггүй ажиллахаар улсад татвараар төвлөрөх орлого нь тасалдаж, орлого тасалдахаар бүтээн байгуулалтын ажил ч цаашид тасалдахаар болоод байгаа зэрэг шүүмжлэлүүд үнэндээ бодит байдал мөн юм.
6
Ерөнхийлөгч сонгуульд ялж дахин бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд үндсэндээ нэг жил тойрох дөхөж байна. Энэ хугацааанд улс орныг хамраад байгаа хямрал уруудлын үндсийн үндэс болсон данхар том төр, түүнийг атгагч улс төрийн намуудаар дамжсан авилгыг шахах, Үндсэн хуулийн гажуудлыг засах, иргэддээ ойр менежменттэй ухаалаг төрийг бий болгох зэрэг цөхөрсөн олонд итгэл төрүүлсэн санал санаачилгуудыг гаргасан. Харин одоо дэвшүүлсэн саналууд нь энэ төрд суурьшиж хуулиар засагладаг төртэй болох хүлээлт нийгэмд үүсээд байна. Мөн АН-ын төр барьсан өнгөрсөн хоёр жилийн ажилд болоод энэ цагийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч бурууд нүд хурц байх цаг нь болсон гэж ард түмэн Ерөнхийлөгчөө хүлээсэн.
5
Пүрэвжавын Баярхүү /тоймч/