Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн таатай мэдээг төр засаг, олон улсын байгууллагуудаас дуулгаж буй. Тэгвэл энэ сэргэлт иргэдэд хэзээнээс мэдрэгдэх вэ гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм хариулт өгч байна.
Тэрбээр “Жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай, улсын төсөв 23 хувиар тасарсан байсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6 хувь руу орж байна. Энэ нь уул уурхайн эдийн засаг ил болж, боомтууд сэргэж байгаатай холбоотой. Тавантолгойд гэхэд 100$-аар зарж байсан нүүрсний үнийг 180$ болгосон. Тонн тутамд 80$-ын хулгайг илрүүлсэн нь буруу зүйл биш.
Эдийн засгийн 6 хувийн өсөлт ирэх 06, 07 дугаар сараас иргэдэд мэдэгдэж эхэлнэ. Улсын төсөв байнга тасалдалтай явж ирсэн бол 06 дугаар сарын 01-нээс улсын төсөв багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч, оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ. Энэ эх үүсвэрийг төрийн албан хаагчдын цалин нэмэх, тэтгэвэрийн зөрүүг арилгахад зарцуулах боломж бүрдэнэ” гэсэн хариултыг өгөв.
Мөн тэрбээр аливаа шүүмжлэлээс шалтгаалж, Засгийн газар авлигатай хийх тэмцлээ зогсоохгүйг хэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэгтэй ч тэмцэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх тэмцэл бол иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал. Засгийн газар авлигатай тэмцэх шаардлагагүй, зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа явуул гэдэг шүүмжлэл бол байгаа оносон шүүмж биш. Аль алийг нь хийх ёстой.
Засгийн газар хууль хяналт, шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа асуудал огт биш. Харин Засгийн газар цахим орчин бий болгож байгаа нь мөрдөн шалгах байгууллагуудад эрхзүйн дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |