УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг эргэн сэргээхийг шаардсан морьт жагсаал болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хаврын морин уралдаан бол уламжлал биш. Өөрөөр хэлбэл, хаврын морин уралдаан нь эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг хэсэг биш гэдгийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Түүнчлэн хаврын морин уралдааныг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 15-хан жилийн түүхтэй байтал өв соёл гэж тодорхойлтлоо андуурах болсон нь улстөрчдийн асар хүчтэй нөлөө, оролцооны илрэл.
Манай улс 2004 оноос хойш Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд оролцсон тохиолдолд тухайн уяачид цол, чимэг олгодог хуультай болсон. Тэгэхээр энэ үеэс бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. Харин 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд Хүүхдээр морь унуулж, уралдуулах, аливаа уралдаан сунгаан зохион байгуулахгүй байх тогтоолыг батлан гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын ийм тогтоол, хоёр ч удаагийн шүүхийн шийдвэртэй боловч хууль зөрчиж ирсэн. Сонгуулийн үеэр уяачдын зүгээс “Хэрвээ та нар бидний саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэх шахалт үзүүлдэг. Өнгөрсөн жилийн Цагаан сараар л гэхэд Ерөнхий сайд алдарт уяачидтай суугаад нэвтрүүлэг хийхэд хаврын уралдааныг сөхөж гаргаж байсан. Энэ бол уяачдын лобби улс төрд асар хүчтэй байдгийн илрэл" гэв.