12 настай С.Нарангэрэл охин гурван жилийн хөдөлмөрөө үзэсгэлэн болгон өчигдөр М арт галерейд дэлгэлээ. Тэрбээр анхны бие даасан үзэсгэлэнгээ “Гэгээ” хэмээн нэрлэжээ. Бага ангийн багшийнхаа өгсөн даалгаварын дагуу “Халбаганы хаант улс” гэсэн үлгэр зохиосноор мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Бие даасан үзэсгэлэнгээ нээж байгаад баяр хүргье. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Намайг Сэлэнгийн Нарангэрэл гэдэг. Би 12 настай тавдугаар ангийн сурагч.
Үзэсгэлэн нь нээлтэн дээрээсээ л олон хүний магтаалыг хүртэж байна. Үзэсгэлэнгээ гаргах санаа анх яаж төрсөн бэ?
-Гурван жилийн өмнө зургийн дугуйланд явж эхлээд үзэсгэлэн үзэж байсан. Тэрнээс хойш өөрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргах мөрөөдөлтэй болж, амралтын нэг өдөр бүтэн зураг зурахад зориулсан.
-Зургийнхаа санааг хаанаас олдог вэ?
-Би ээждээ зориулж үлгэрийн ном зохиож, зураг зурдаг. Үүнийгээ ээжийнхээ ачийг хариулах арга гэж боддог болохоор илүү олон бүтээл хийнэ гэж боддог.
-Үеийн найзууддаа уран бүтээлээрээ дамжуулж олон зүйлийг ойлгуулахыг хичээдэг гэж үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ярьж байсан. Юу хэлэхийг хүсдэг вэ?
-Би байгалийн зураг зурах их дуртай. Тэр зургуудаараа дамжуулж, үеийн найзууддаа болон ах эгч нарт байгаль дэлхийгээ хайрлаж, халамжлах хэрэгтэй. Байгаль дэлхий бидэн шиг амьтай гэдгийг ойлгуулахыг хүссэн.
-Зураг зурах, ном зохиох сонирхолыг нь аав ээж нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай аав ээж, эмээ, өвөө, ангийн багш маань хүртэл маш их дэмжиж намайг дандаа магтаж, урамшуулдаг. Энэ нь намайг аз жаргалтай хүүхэд болгодог.
-Чамайг бас үлгэрийн ном зохиодог гэсэн. Хамгийн анхны үлгэр нь ямар нэртэй байсан бэ? Санаагаа юунаас олж байв?
-Анх манай багш үлгэр зохиох даалгавар өгсөн юм. Тэр даалгаварт “Халбаганы хаант улс” гэдэг үлгэр зохиосныг багш маань их магтсан. Тэгээд би үлгэр зохиох, зурах дуртай болсон.
-Бяцхан зураачийн хамгийн том фен нь хэн бэ?
-Миний хамгийн том фен бол эмээ, өвөө хоёр. Бас аав, ээж, ангийхан, найзууд, багш гээд надад ер нь олон фен байдаг.
-Тэр олон хүний итгэлийг хүлээгээд тэмцээн уралдаануудад оролцох, хажуугаар нь хичээлээ орхигдуулалгүй явахад хэцүү зүйл байдаг уу?
-Долоо хоногийн ганцхан өдөр л зураг зурдаг. Бусад үед нь хичээлээ хийдэг болхоор зүгээрээ. Хааяа жаахан ядардаг ч дуртай зүйлээ хийж байгаа болохоор шантардаггүй.
-Үе тэнгийн найзууддаа хандаж юу хэлмээр байна вэ?
-Дуртай зүйлдээ тууштай байж, өөртөө итгэлтэй байгаарай. Чи хамгийн мундаг нь шүү. Бас битгий залхуу байгаарай гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа, мундаг зураач болоорой.
Б.Намуунзаяа
Уншиж байна |