Эрх баригчид дахиад л зөрчилдөн талцлаа. Засгийн газрын гишүүдийн зарим томилгоонд Ерөнхийлөгч хэсэгчилс эн хориг тавьсан. Ингэснээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан тушаал түдгэлзээд байгаа юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдан ажиллаад сар ч хүрэхгүй хугацаанд нэг гишүүнийх нь асуудал сөхөгдөн, Засгийн газар дэнжигнэлээ.
Ерөнхий сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд “Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас бусдыг дэмжсэн” албан хариуг хүргүүлсэн байлаа. Гэхдээ энэ удаагийн зөвшилцөлд Ерөнхийлөгч дээрх хариуг хүргүүлсэн ч, эс хариулсан ч Ерөнхий бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх заалттай.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх эрх зөвхөн парламентад байгаа. Парламентийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэвэл асуудал шийдэгдэнэ.
УИХ дахь АН-ын бүлэг нэгэнтээ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдэг 100 хувийн санал нэгдсэнийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх кноп үнэмлэхүй олонхий эрх баригчдад байгаа. Гэхдээ эрх баригч “бүдүүн 65”-ын бүлэг зөрчилтэй байгаа. Өмнөх Засгийн газрыг огцруулах гарын үсэг зураагүй МАН-ын бүлэг дэх 32 эрхэм үлдсэн 33-ынхаа эсрэг нэг талд зогссон. Тиймээс ч эрх баригчид дотроо “33:32”-ын бүлэг болоод байгаа.
Парламентад эдүгээ 15 хоногийн дотор ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлах хуулийн хугацаатай асуудалд толгой өндийх завгүй ажиллах цаг хугацааны өмнө ирээд байгаа. Гэвч өчигдөр 2018 оны улсын төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгээс МАН тав хоногийн завсарлага авсан. Олны өмнө ирэх оны төсвийн хэлэлцүүлгээр завсарлага авч байгаа хэдий ч Сангийн сайдын асуудал шахаанд орсон тул бүлгийн гишүүд нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага үүссэн юм.
Хуулиараа албан тушаал нь түдгэлзээд байгаа Сангийн сайдтай ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийх хориотой. Тиймээс 2018 оны улсын төсвийн хэлэлцүүлгээс өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч өчигдөржин Төрийн ордонд хоёр хэсэг болон хуралдаж, уулзалдсан эрх баригч намын гишүүд бүлгийн хуралдаанаа хийх ирц бүрдүүлэхгүй хүлээлт үүсгэсэн билээ.
Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг барьцаалан МАН дахь “32-ын тал” тохироо хийх эс бөгөөс Сангийн сайдыг огцруулахад санал нэгдээд байгаа аж. Хэрвээ МАН-ын бүлэг “32-ын тал”- тай тохироонд хүрч үл чадвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдэнэ. Учир нь МАН-ын 32 дээр АН-ын бүлгийн гишүүд болоод МАХН, бие даагч гишүүд нэмэгдэн, дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм.
Ирэх онд өр, зээлийн хүүгээ төлөх нөхцөл бүрдэж, олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бонд босгосон нь энэ долоо хоногт орж ирэхээр байгаа. Мэдээж, валютын урсгалыг наашлуулж, эдийн засагт эерэг дохио авчирсан гавьяа Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн огцорсон Засгийн газарт оногдоно. Тиймээс огцорсон Засгийн газрын гишүүд өөрсдийн ажлын үр шимээ хүртэж чадалгүй дараагийн ээлжнийхэнд бэлэн хоол болгон хүртээж байгаа болохоор гомдолтой байхаар аргагүй. Наанадаж, хувийн компанидаа биш гэхэд тойрогтоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөв нэмэгдүүлэх тендэр авах гээд юу эсэхийг төлөвлөх билээ.
Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 32-тойгоо тохироо бүрдүүлэхгүй бол шинэ Засгийн газрын гишүүд сандал ширээгээ зөөн төвхнөж амжилгүй огцрох нь.
Ийнхүү ирэх гурван жил эрх баригчдын талцал нэг бус хэдэнтээ давтагдах нь тодорхой харагдана. Тэгээд ч эрх баригчдийг эрх ашгийн нэгдэл л эвтэй байлгах даг.
Н.Энхлэн