Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа хүлээж аваад, танхимаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн танхимаа парламентаас бүрдүүлнэ гэдгээ томилогдох үедээ мэдэгдсэн. Учир нь “Дан дээл”-тэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд парламентын босго өндөр байх магадлал тун өдөр.
Нэг хэсэг “давхар дээл”-ийг эсэргүүцэн квотлон хуульчлахаар хэлэлцдэг байсан. Гэвч цаг цагаараа байдаггүй аж. Өнөөдрийн тухайд Ерөнхий сайд танхимаа парламентаас бүрдүүлэх цаг үеийн шаардлага тулаад байна. Засгийн газар хуулийн төсөл, бодлого шийдвэрээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг. Гүйцэтгэх засаглалын оруулж ирж байгаа бодлого шийдвэрийг парламентаар дэмжүүлэхэд “дан дээл”-тэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танхимын гишүүд нь дэм болох юм. Нөгөө талаас “давхар дээл”-тэй сайд нар УИХ-аар баталсан хууль тогтоолыг гүйцэтгэх засаглал хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар олон нийтэд таниулж, тэдний саналыг төр, засагт хүргэхэд ч гол нөлөөтэй байдаг. Тэгээд ч парламентын гишүүд бол ард түмнээс сонгогдсон төрийн элч.
Эдүгээ эрх баригчид алдаагаа давтахгүй, алдагдсан нэр хүндээ эргүүлэх өсгөж авахын тулд ярьсан шигээ хийдэг, ажилладаг байхыг нийгэм шаардаж байгааг тэд гадарлах бус доторлосон биз. Мэргэжлийн, чадварлаг баг бүрдүүлэхийг шинэ Засгаас шаардаж, саналаа ч хэлсэн байна лээ, МАН-ын бага хурлын гишүүд. Мэргэжлийн гэдэгт салбартаа туршлагатай, мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна багаар ажиллах чадвар давуу тал болдог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн бариагүй ч сайдаар томилогдох эрхмүүдийн нэрс хөвөрсөөр байгаа.
Тухайлбал Шадар сайдад Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын даргад Д.Сумъяабазарын нэр явж байгаа. Харин Сангийн сайдад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ч.Улааны хэн томилогдох вэ гэсэн таамаг гарч байна. Аль аль нь мэргэшсэн санхүүч, улстөрчид. Ч.Улаан Сангийн сайдаар, Ч.Хүрэлбаатар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ГХ-ны сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилогдохоор яригдаж байна. Хуульзүйн сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гэсэн таамаг явж байгаа.
Мөн БСШУС-ын сайдаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийг томилох тохироонд хүрчээ. Улстөр дэх төмөр хатагтай нарын нэг Д.Сарангэрэл хүний хөгжлийг чухалчлах зарчим барьдаг. Тэрбээр чуулганы хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэх үед “Хүн рүү чиглэсэн бодлого хэрэгтэй байна” гэдгийг онцолж байсан.
БОАЖ-ын сайдад гишүүн Б.Саранчимэг, Ц.Гарамжав нэр гарч байгаа бол Засгийн газрын танхимд багтах дан дээлтэй сайд нарын нэрст одоогийн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн нэр дуулдана лээ.
Ийн У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын сураг эхнээсээ тодорсоор байна. Өнөөдрийн тухайд УИХ дахь МАН-ын бүлэг дотроо зөрчилтэй байгаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын зүгээс Засгийг огцруулахад гарын үсэг зураагүй гишүүдээ сайд болгох шантаажийг тулгаад байгаа юм билээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөн барих үед эрх баригчдын зөрчилдөөнөө шийдэж, ойлцголд хүрэх байх гэж ажиглагчид харж байна. УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг багтай нь хамт дэмжинэ гэсэн байр сууриа бататгаж, Ерөнхий сайдын томилгооны асуудал хэлэлцэхэд бүрэлдэхүүнээ оролцсон. Танхимын сайдуудыг хэлэлцэхэд ч сөрөг хүчин ирцээ бүрдүүлэн, дэмжих биз. Харин тэд төр, засгийн тогтвортой үйл ажиллагааг хангуулах зорилготой болохоос Засгийн газарт АН хамтрахгүй гэж мэдэгдсэн.
Ийнхүү ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барьж, хэлэлцүүлэх биз ээ.
Н.Энхлэн