Ардчиллын үеийн 2016 оны Монгол Улсыг #Хардаа. Энэ намыг МАН гэнээ. Сонгуулиар ялалт байгуулж, төрийн эрхийг барихаар болжээ, #Хардаа, эцэг чинь буц даа.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн цаг үе рүү буцвал монголчууд сонголтоо эрс өөрчлөх биз. Ямар ч байсан шийдэмгийгээр МАН гэсэн нэрийг дугуйлахгүй нь лавтай. МАН хуйвалдаж, огцруулж, гацааж л чаддаг юм байна. Монгол төрийн сул дорой байдлыг өөрчилж, эдийн засаг, нийгмийг бага ч атугай өөрчилнө гэж итгэж найдан, олонх болгосон МАН нь өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй. Зөвхөн өөрсдийнхөө хүмүүсийг сандал ширээнд суулгаж, буулгаж тоглодог юм байна.
Ерөнхийлөгчөөс бусад бүх эрх мэдэл МАН-д бий. УИХ, Засгийн газар, НИТХ, дүүрэг, аймаг, сумд гээд товчхондоо Монгол Улсын бүх эрх мэдлийг МАН-ынхан атгаж байна. Гэвч МАН-ынханд Монголыг удирдах ухаан алга. Эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй муйхрал, гацаалтыг л тэд чадаж байна.
МАН-ынхан Засгийн газраа унагаасан. Үнэндээ МАН-д Ж.Эрдэнэбатаас хавьгүй илүүгээр Засгийн газрыг тэргүүлэх хүн байхгүй. Түүнийг мууд нь биш зөвхөн Ерөнхий сайдын суудлын төлөө МАН-ынхан уралцаж, татаж унагаасан. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулах гэж МАН-ынхан нэлээдгүй хугацааг “идсэн”. Саун массажны газраас эхлээд зочид буудалд Монгол төрийн эрх мэдлийг хэрхэн хувааж авах тухай ярилцаж, сэм хуйвалдсаар арай гэж У.Хүрэлсүхийгээ гаргаж ирсэн.
Харин одоо хотын парламентын ажил нам гацлаа. НИТХ түүхэндээ анх удаа МАН-ыг эрх барьж буй цаг хугацаанд даргаа огцрууллаа. Мөн л МАН-ынхан өөрсдөө татаж унагасан. Орны хүнийг нь гаргаж ирэх оройгүй тэмцэлд МАН-ынхан төөрч сууна. Өнгөрсөн баасан гаригт үргэлжлүүлэн хуралдаж, даргаа сонгох байсан НИТХ-ын хуралдааныг МАН-ынхан л хойш татсан. Өчигдөр ч мөн ялгаагүй, МАН-ын бүлэг дахин завсарлага авлаа. Шалтгаан нь МАН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. МАН-ын томчууд нь Д.Баярсайханыг хурлын даргын суудалд залах сонирхолтой. Харин тэднээс хүч дутуугүй олонх хэсэг нь С.Амарсайханыг дэмжиж, санал хураавал л дарга нарын хүн нь ойччих гээд буй учраас дахин завсарлага авч, хуйвалдаанаа хийхээр болов.
Юун 90 жилийн түүх, төр тэргүүлэх туршлага, олон чадварлаг боловсон хүчин... үгүй ээ, өнөөгийн МАН-д ийм чадамж алга. Сандал ширээний төлөө муйхарлан зүтгэж, нэгнээ шоронд хийж, шороонд булахаас сийхгүй шунагчид МАН-ыг дүүргэж, удирдаж байна. Монголын төрийг МАН удирдсаар ирсэн гэж бардамнадаг. Харин энэ бардамналыг өнөөгийн МАН-чууд уландаа гишгэж, түүхээ үргэлжлүүлэх чадвар чадамжгүй байна. Тэд Монголыг удирдах бус бүр унагаж байна.
Ядаж л огцруулж чаддаг шигээ сонгож, томилж сураач, МАН-ынхаан.
В.Бат