УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ парламентын хувьд намрын хоёр дахь чуулган. Энэ парламентын тухайд хаврын чуулганы завсарлагааны хугацаа түүхийн хуудсанд хар, цагаан алинаар нь ч тэмдэглэгдэн үлдэх хэд хэдэн үйл явдал тохиолоо. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд улс төр намжаагүй улам ч буцалж байлаа. Гэхдээ энэ нь аль нэг гуравдагч хүчин эсвээс иргэний хөдөлгөөний зүгээс бус эрх баригчдын дотоод асуудлын хүрээнд явагдсанаараа онцлогтой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнгөрсөн 25 жилийн хугацаанд анх удаа явагдлаа. Хуулиараа хаврыг чуулган долдугаар сарын нэгэнд завсарлах дэгтэй. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд долдугаар сарын 6-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд намрын чуулганаар хэлэлцэх асуудал, зарим хууль тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Харин долдугаар сарын 10-нл ээлжит бус чуулган зарлаж, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үдэж, шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөр үндэсний их баяр наадмаа угтлаа.
Өнөөдрийн парламентын олонхийг бүрдүүлж байгаа үнэмлэхүй олонхи “бүдүүн 65”-ын бүлэг чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газартаа хариуцлага тооцлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүн гүйцэтгэх засаглалыг “Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, зарим төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг уртасгаж нийгмийг бухимдуулсан, концессийг өөрсдөдөө хуваарилсан, гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан алхам хийсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг ялагдалд хүргэсэн” гэж дүгнэн Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Ийнхүү дээрх асуудлын хүрээнд ээлжит бус чуулганыг хуралдуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. Тиймээс ч чуулган завсарлагааны хугацаанд намрын ургац хураалт, өвлийн бэлтгэлийг хангах ажлыг огцорсон Засгийн газар хийж гүйцэтгэсээр ирлээ. Ерөнхийлөгч болоод УИХ дахь сөрөг хүчин АН-ын зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Ерөнхий сайдаа томилж, цаг үеийн асуудлыг шийдвэрлүүл гэсэн санал, хүсэлтийг гаргасан хэдий ч эрх баригчид хуулин дахь “дараагийн Засгийг бүрдүүлэх 30 хоногийн хугацааг ягштал баримталж, намрын чуулган хүргэлээ.
Гэхдээ Засгийн газраа огцруулсны дараагаар эрх баригч хүчин МАН бага хурлаа хуралдүулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг батламжилсан. Цаашлаад УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар 100 хувь дэмжүүллээ.
Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд шинэ Ерөнхий сайдыг томилно. Намрын чуулган энэ парламентын хувьд тэр дундаа эрх баригчдын хувьд ихээхэн хариуцлагатай үе. Үйл хөдлөл, үг хэлээ гэхээсээ гаргасан шийдвэр нь нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудалд хэрхэн нөлөөлөхөөс улс орны цаашдын хөгжил, МАН-ын ирээдүй ч шалтгаалах юм.
Ер нь аль ч парламентын үеийн намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталдагаараа ачаалал ихтэй, хариуцлагатай үе байдаг. Харин энэ намрын чуулганд эрх баригч хүчин шинэ Засгийн газраа байгуулж, шинэ удирдагчаа томилно. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газрын танхим “нэмэгдэхүүний байрыг сольсон” байх уу, МАН-ын шинээр сонгогдох дарга залгамжлагч байх нь уу, эрх баригчдын шинэчлэлт дороо эргэлдсэн байх эсэх, бодлогын шинжлэл гаргах нь уу гэдгийг олон нийт чих тавин, хараа бэлчээж байгаа.
Басхүү чуулганы нээлтэд Ерөнхийлөгч тааллаараа оролцдог. Тэр дундаа шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ намрын чуулганаар Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон гурван сарын хугацаандаа дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чуулганы зохион байгуулж, Владивостокийн чуулганд оролцож, нүүрсний салбарын асуудаар хойд хөрштэй гэрээ байгуулж, оффшорт байгаа мөнгөө эх орондоо оруулж ирэхийг монголчууддаа уриалж,г 49 хоногийн уучлалын хугацаа өгсөн. Ямартай ч өнгөрсөн хугацаанд оффшор бүсээс Монголд 4.3 сая ам.доллар оруулж ирсэн гэх сайн мэдээтэйгээр намрын чуулганыг угтаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд оролцон, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад асуудлаар эрх баригчдад болон олон нийтэд хандн үгээ хэлэх биз ээ.
Н.Энхлэн