Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг МАН Ерөнхийлөгчтэй зөвшилцлөө. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилөх процесс шуурхай явагдсаныг энд онцлох нь зүйтэй биз.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцорсноос хойш төрийн албаныхан цагаа бүртгүүлэх төдий ажилласан нэр зүүж, дараагйин сайд, дарга нар хэзээ томилогдож, өөрчлөгдөхийг чих тавин хүлээж байгаа нь нууц биш. Уг нь намрын дунд сар гарсан энэ өдрүүдэд найр наадам хэсэх бус өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар цаг хугацаатай уралдан ажиллахыг хааяахан хялмаалах цас, шөнөдөө хасах хэмд хүрч байгаа цаг агаар бидэнд бодитоор сануулж, анхааруулсаар байгаа.
Тиймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга ч нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаг алдалгүй, нэн даруй УИХ-ын дарга М.Энхболдод хариу өргөн барьсан. Энэ цалгар назгай байдал ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайд томилогдсоноор арилна гэж найдах үлдэж.
Парламентаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад хэлэлцэхэд ногоон гэрлээр томилогдох нь тодорхой. Учир нь парламент дахь үнэмлэхүй олонхи 65 бага хурлынхаа шийдвэрийг эсэргүүцэж шогтохгүй, түүний талд кноп дарна.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодрох У.Хүрэлсүхийг Засгийн газрын танхимаа хэрхэн бүрдүүлэх, сарын дараа болох намын их хурлаараа намын дарга болох эсэх асуулт нэхсэн таамаглал хөвөрч байна.
Юун түрүүн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал яригдана. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдвол бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг өргөн мэдүүлэх учиртай. Гэхдээ шинээр томилогдох Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ Засгийн бүтцийг өөрчлөхгүй гэдгээ бага хурал дээрээ мэдэгдсэн байна лээ. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ч энэ байр суурин дээрээ хэвээр байх биз. Дахин учирлахад У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилогдох үе улс төрийн мөчлөг бус улирлын онцлогоос шалтгаалан төрийн аппаратыг өөрчилж бужигнуулах бус, ид ажиллуулах цаг.
Өөрчлөгдөх бүрэлдэхүүний тухайд шинээр томилогдох сайд нарын нэрс гарч эхэллээ. Шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Улаан хоёрын нэр явж байгаа. Гишүүн Ч.Улаан өмнө нь Шадар сайд, Сангийн сайдаар, гишүүн Ж.Энхбаяр Батлах хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан эрхмүүд. Хэрвээ энэ хоёр эрхэм Шадар сайдад томилогдохгүй ч Засгийн газрын танхимд багтаж, Ж.Энхбаяр БХ-ын, Ч.Улаан Сангийн сайдаар томилогдох дараагийн хувилбар ч гарч байна.
Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын нэр дуулдана лээ. Тэрбээр өмнө нь ГХ-ны сайд, БОАЖ-ын сайдаар тус тус ажиллаж байсан мэргэшсэн дипломатч гэдгийг олон нийт андахгүй.
Ерөнхий сайдад нэр нь явж байгаа чимээгүй болсон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаад хуульзүйн салбараа дахин тэргүүлэх сурагтай. Парламентад суусан олон жилийн хугацаандаа хамгийн хүнд шийдвэрээ гарган, өөрийн намын Засгийн газраа огцруулахад гарын үсэг зурсан Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилогдоно, эсвэл өөр салбар удирдана бор шувуу нисч байна. Гэхдээ тэр хуульзүйгээс өөр салбар руу хальтираад байдаггүй эрхэм.
Дээрх сайдад нэр нь явж байгаа эрхмүүдийг салбартаа мэргэшсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайж, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ нэр дэвшигч У.Хүрэлсүх бага хурлын гишүүдэд танилцуулсан юм билээ. МАН-ын Удирдах зөвлөл ч шинэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулна, гэхдээ хариуцлага алдвал тооцоо хийнэ гэдгийг нэр дэвшигчид сануулсан байсан.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд танхимаа мэргэшсэн, туршлагатай эрхмүүдээр бүрдүүлэхийг бага хурлын гишүүд ч сануулсан, басхүү нийгмийн захиалга байгаа.
Парламентад манай нам олонхи гэж Засгийн газарт дураараа дургих бус, УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаа сайн гүйцэтгэхгүй бол журмын нөхөд нь хариуцлага тооцдгийг өөрсдийн жишээн дээр харлаа. Тиймээс л У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод танхимаа хэрхэн бүрдүүлэхээс шинэ Засгийн газар орших уу, эс орших уу гэдэг нь харагдана.
Н.Энхлэн