...Нүүрсээ зөөвөл зөөсөн шиг зөөгөөд үгүй бол бүр больчихмоор юм сда... энэ олон мянган хүнийг ингэж махыг нь зулгаах хэрэг байгаа юмуу? ...
Ийм уур хилэнтэй комментыг “Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч” нар гэсэн пэйж хуудаснаас өдөр бүр харах боллоо.
Одоогоор 5332 гишүүнтэй энэ пайж хуудасны уур амьсгал Өмнийн говьд юу гээч тамын явдал болж буйг төвөггүй харуулна. Ажил, гэртээ ч 24 цаг онлайн байж уран жиргээ хийж суудаг төрийн албатууд, зам тээврийн, гадаад харилцааны яамныхан гэсэн онцгой багынхан энэ комментыг харахгүй хаагуур нь төөрөөд байдаг юм бол гэж гайхлаа.
Товчдоо урд хөршийн хил талынхан манай нүүрсний сувгийг маш нарийхан болгочихжээ. Хятадын тал Гашуунсухуйт-Ганцмодны боомтын хяналт шалгалтаа нэмэгдүүлсний улмаас боомтоор цөөн машин нэвтрүүлж эхэлсэн нь нүүрсний экспорт буурахад хүргэсэн төдийгүй олон мянган иргэд хээр зам дээр цөлөгдөөд байна. Эх сурвалжийн яриагаар бол Хятадын тал 4 сувгаар шалганы хил нэвтэрдэг байсныг хоёр болгож, машин нэвтрэлтийг тавин хувь шахсан байна. Учир мэдэх нэг хэсэг нь улс төрийн шалтгаантай, гэхдээ сайн мэдэхгүй гэж бөөрөнхийлсөн байдалтай сууна.
Хятадууд нүүрс авалтаа ийнхүү хүндрүүлээд эхлэхээр үр дүн нь манайханд урьдын адил хатуу тусчээ. Цагаан хадыг хаалаа гэж цуурснаас хойш 5000 орчим нүүрс тээвэрлэгч Монгол жолооч нар 150 км урт дугаарт гацаж, машиндаа амьдрах болсоор 20 дахь хоног руугаа орж байгаа гэнэ. Таван ханатай гэр ачаалчихаагүй, 60-80 тонн нүүрс аччихсан мангар машинаа зам дээр хаяад зугтах аргагүй тул ийнхүү кабиндаа амьдрах шийтгэлтэй. Нутаг заагдсан мэт болоод даруй хагас сар болцгоосон тухайгаа өөр хоорондоо постолж дүлий засаг төрдөө хүргэхийг хичээсээр.
Энэ асуудлын тойрогт олны мэдэх хамгийн тод мэдээ бол саяхан огцорсон Засгийн газрын нэгэн хуралдаанаас дуулиантай зарласан нэг шийдвэр. Энэ бол Цагаан хадны боомтыг хаах талаар мэдээлэл байлаа. Нүүрс уртын тээвэртэй амьдрал орлого нь холбогддог хүн бүр Цагаан хадыг хаалаа гэж ойлгосон. Гаалийнхан ч тогтоол биелүүлж байна гээд нам зогссон байдаг. Ингээд нүүрсчид уртын урт гэдэгтээ зүтгэсэн хэрэг. Ердийн гэж тооцогддог байсан 60 км цуваа 150 км болоод ирэхэд ч Засгийн газрын энэ шийдвэр хэвээр гэсэн тайлбар хөвөрсөөр байлаа. Гэтэл Засгийн газрын ээлжит булталт, бухаа нь гарч Цагаан хадыг хаах тогтоол бол яг гаргаагүй. Зүгээр хаах талаар хэлэлцсэн талаар хуралд тэмдэглэгдсэн болж хувирав. Хэн энэ тэмдэглэлийг нь тогтоол гэж ойлгоод Цагаан хадын үйл ажиллагааг хаасугай гэсэн шийд гаргаж, хил гаалийн хяналтыг тас зогсоосон юм бол... Одоо үүнд хариулах хүн олдохгүй.
Ингээд 5000 мянган жолооч тээвэрчдийг 20 хоног хашраасан буруутан нь Засгийн газар ба түүний түшмэдүүд биш болж таарав. Үндэслэлгүй шахам огцорчихлоо гэж гомдоллож байсан Засгийн газрын хувьд зөвхөн энэ тогтоол тойрсон будилаан нь хангалттай огцруулах үндэслэл болно.
240 км нүүрсний зам дагасан 6000 мянга гаран жолоочийн амьдрал ар гэр, зам дагуу амьдралаа залгуулдаг 20 мянга гаруй иргэдээр хатуу наадсан энэ тэнэглэлийнх хариуцлагыг яам тамгын түшмэдүүдээс нэхэх хэрэгтэй. Засгийн хурлаар хэлэлцсэн гэх тэмдэглэл нь тогтоол болчихсон хэрэгжээд явчихсан талаарх тайлбарыг асууж, шат шатанд нь хариуцлага ярих ёстой. Сайд нар нь улс төрийн хариуцлага гээд огцроод мултардаг байж. Цаана үлдэж цалингаа аваад ажилласаар байгаа өөрийн толгойгүй яамдын түшмэдүүдэд иргэдээрээ наадаж болохгүй гэдэг том сургамжийг өгөх хэрэгтэй болжээ.
Өөрт нь харьяалах асуудлыг тавихаар сайдаас асуу гэж бултах. Хэвлэл мэдээллийнхэн сурвалжлаад явахаар араас нь утас цохиод “ахыгаа бодоорой, аятайхан бичээрэй” гээд санаа тавиад байдаг. Ийм “сонгуулийн түшмэдүүд” яам агентлагаар дүүрэн болсон гэдгийг урд хил дээр үүссэн уртын урт цуваа, тэнд машиндаа “хоригдсон” 6000 мянга гаран жолооч нарын цөхрөл, комментуудыг харахад тодроод ирнэ.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ шинэ сайдуудын томилгоон дээр алдаж болохгүйг энэ явдал харуулж байна. Шахааны боловсон хүчнээр тасаг хэлтсийн дарга нар бүрдүүлсэн яамд үнэндээ л хэлбэрийн төдий яам, үнэн хэрэгтээ МАН-ын төрөл саднуудын нэг тасаг нэгж болчихоод байгааг иргэд ААН, ТББ-ынхан дуу нэгтэй хэлж байна. Аль ч яаман дээр асуудал тавьж түшмэдүүд, дунд шатны дарга даамал нартай уулзахад “ сайдтай уулзчих гэж” улайм цайм бултахыг харсаар залхсан иргэд“ өнөөгийн яаманд ганц сайд л ажилладаг, бусад нь бүгд туслахууд нь ...“ гэж хошигнож байна.
Шинэ Ерөнхий сайдын нэр тодорсноор хэн сайд болох тухай бөөн таамаг, захиалгат “шургуу” явуулж, шинэ танхимын зурхай зурж суугаа, бид. Харин сайд даргыг алдаж томилбол юу болдгийг кабиндаа “хоригдож”, гэртээ илгээх ч мөнгөгүй болж хуурай өлсөж яваа 6000 жолоочоос шууд асуу. Тэд өдөрт 3-4 км урагшилж байгаа ч 150 км замын цаана гарч нүүрсээ өгчихнө, 1000 юань авчихаад гэртээ илгээнэ гэж найдсаар ...
Харин хотод шинэ сайдуудын бооцоо өсч байна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /