ЯРУУ АЛДАР
2017-09-26

Энэ үгийг түүхэн замналдаа зүүх гавьяатай хэдхэн салбар бий. Монголын шинэ үеийн түүхийг бичилцсэн боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, харилцаа холбоо, зэвсэгт хүчин хүчний байгууллага яруу алдарт  хэдэн салбар эдүгээ нуруугаа авахуулсан морь гэдэг болчихжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ихэнхдээ төрийн дэмжлэгт тогтнож, төсөв мөнгөний цараар хөгжлийн хандлагаа тодорхойлж байдаг хэдэн салбарт улс төрийн бохир  сүүдэр хамгийн түрүүнд тусаж хавдарын нянгаа цацсан байдаг. Сая хүрэхгүй хүн амтай дэлхийгээс мартагдсан Монголын лам нарыг заг тэмбүүнээс нь салгасан  доовторууд , хагархай “ Га” үсэглүүлж үр хүүхдийг гэгээрүүлсэн багш нар хөдсөн дээлтэй хувьсгалчидтай мөр зэрэгцэх гавьяатай, энэ улсыг хөгжүүлж ирсэн.

 

Яруу алдар дуу, шүлэгт үлдсэн

 

Багш, эмч нарын алдар хүндийг цол тэмдэг, хүндэт өргөмжлөлөөр хангалттай дархалсан. Харин салбарын нэр хүнд нь навс унаж нийгмийн үнэлэмж нь  доод түвшиндээ хүрсэний бурууг хэнээс нэхэх вэ. Набор аваад инээмсэглэдэг эмчийг авлигачин гэж уйдсан сэтгүүлчид баалж, хонхны баяраар бэлгэнд  хивс авчихсан багшийг юм үзээгүй гэж шоолж бичих шар сонин олон болсон. Яагаад ийм болов. Эмч нар тариагаа таллаж өөртөө тариад үлдсэнийг нь өвчтөндөө шахдаг болчихоогүй. Багш нар 35 үсгийг цалиндаа тааруулж  таллаж заагаад, үлдсэнийг нь бэлгээр солих гээгүй. Тэд үеийн үед үхэл болоод амьдралд ямар ч тусламжгүй эгэл хүнтэй хамт байж энэ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Тэдний ариун хөдөлмөр их зүтгэл дээр буруу гарын яруу алдар хүртэгсэд харин цөөнгүй.

 

Эрүүл мэнд, боловсролын сайд нарын Яруу алдар

 

Ардчилал утгаа алдаж, төр ялзарч эхлэхэд улстөрчдийн хамгийн түрүүнд самарч сааж эхэлсэн салбар бол шууд  төрийн хараа тэтгэлэгт байдаг эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, эрчим хүчний салбарууд байсан. Гол тэргүүлэгч салбаруудынхаа толгойд нь мэдлэг боловсролгүй зусарч бялдууч, мөнгө угаагчдыг томилж, хөгжил дэвшилтэд нь зориулж  гаргадаг төрийн мөнгийг нь тендер болгон завшиж эхэлсэн. Эмч багш нарын цалинг 2 сая хүргэчих даанч их мөнгийг эрүүл мэнд, боловсролын салбараас  улстөрчид л үгсэн хуйвалдаж хулгайлсан. Дээхнэ үеийн жишээ гэвэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ид үеэр эрүүл мэндийн сайд байсан нэг эрхмийн тэрбум илүү мөнгөтэй сейф хогийн цэг дээр байхыг АТГ олж авч байв. Хүү нь сайд аавдаа уурлаад тэр их мөнгийг нь хог дээр хаячихсан гэж дуулдсан.

 

Үе үеийн улстөрчдийн томилгоон дор эрүүл мэнд, боловсролоос идэж уусан нь үнэхээр “яруу алдарт” хүрсэн ба хэн ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлийн жишээ одоогийн үүрэг гүйцэтгэгч А.Цогтцэцэг. Өөрөө хувийн эмнэлэгтэй, илт ашиг сонирхлын зөрчилтэй байтал хүчиндээд сайд болчихож байв. Элэгний “С” гэдэг хадны мангаагаар ЭМД-ын сангаас иргэдийн шинжилгээний мөнгийг шууд өөрийн эмнэлэгтэй авч чадах бүх нөхцөл, онцгой боломж энэ сайдад байлаа. Боловсролын салбар мөн адил. Бүх шатанд нь  дарга болох матаасын дайн байнга өрнөх ба үүний цаана  салбарын хөгжил дэвшлийн төлөө бус төсөвт мөнгийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх ариун бус эрх ашиг байдаг.

 

Нам улс төрийн яруу алдар

 

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт тавигч, түвшин тогтоогч нарын бараг арми бүрдсэн ба тэд багш, эмч нараасаа өндөр цалинтай ажиллаж, хямсгар суудаг. Боловсролын салбарын ийм хяналт шалгалтын албан тушаалтнууд ихэнх нь олдмол “төрмөл” ба бүгд шахуу намын угшилтай тусдаа томилгооны  нөхдүүд.

 

Боловсролын салбарын хөгжилд улстөрчдийн бодит хувь нэмэр

 

Боловсролын салбарт хувийн хэвшил орж ирснээр дээд боловсролын чанар ба нэр хүнд хуучин цагийн цэвэрлэгчийн түвшинд хүрсэн ба хувийн сургуулиар хөлгүй баяжсан нь цөөхөн улстөрчид л байдаг.

 

Сонгуулийн яруу алдар

 

Аль шатны сонгуульд улайрч цайрч ажилладаг гол хүчин нь багш нар болдог. Эцэг эхийг нь таних халуун нүүрийг нь ашиглаж орон нутгийн сонгуульд төвөггүй ялсан Засаг дарга нар нь өнөөдөр цалингаа нэмүүлэх ажил хаялтыг нь зогсоох дарамтыг багш нартаа үзүүлж сууцгаана. Ийм л бэртэгчингүүд багшийн нэр хүндийг самарч салбарын мөнгөнөөс нь цавчиж суудаг.

 

Бага цалинтайгаа нуусхийгээд байдаг нэрэлхүү багш нар сонгуулиар ширэн нүүрлэж зүтгээд нэг ухуулагч оюутны л хэмжээний шагнал авдаг. Цаана нь сонгуулийн хар бохиртой багшийн нэр хүнд нь навс унаж, шалаар нэг болж ирсэн.  Сонгуулиар идэхтэй ба улааран зүтгэж ичих булчирхайгаа тастаж ёс зүйгээ гээж ажилласан багш нар хот аймгийнхаа боловсролын газарт дарга даамал хяналтын мэргэжилтнээр суга татагддаг.

 

Цалингийн тухай ба Үндэсний асуудал

 

Асуудал цалин мөнгөндөө ч байгаа биш. Хүүхэд шуугисан их өргөөний эзэн БАГШ-ийн хөдөлмөр шүлгийн мөр шигээ үнэлэгдэхээ болиод байна. Эрдэнэнийн хайгуулч багш нар   мөнгөний хайгуулч болчихоод Солонгост багаараа ажиллаж байна. “Цалингийн зээл байгаа нь хүний өмнө сэхээтэн шиг явах ганц боломж минь шүү” гэж бас нэг нэрэлхүү багш хэлсэн. Үнэн байх. Яруу алдарт зээл төлөгч нарын эгнээнд багш нар маань армиараа нэгдсэн байна. Сүүлийн 20 жил чулуун хөөрөг, хурдан морины үнэ өссөн ч хүүхдийг “ХҮН” болгодог багшийн хөдөлмөр үнэгүй, хүндгүй болчихжээ.

 

Төсөв хүнд байгаа тул цалин нэмэхгүй. Хэний буруу юм бэ. Урсгасан хөлс хүч, зарцуулсан цаг хөдөлмөртөө дүйцсэн шударга цалин хөлс нэхэж буй эмч, багш нар төсөв хүнд байгаад ямар буруутай юм бэ.  Багш нарын шаардаж буй цалинг шууд хуурай өгөх нь үнэнээс хол байгаа ч ажилласан жил, үүрч буй хариуцлага ачаалалд нь дөхөж очих шударга үнэлгээ тарифыг яаралтай батлах, мөрдүүлэх талаар салбарын яам нь санаачилга гаргахгүй таг сууна. Уул уурхайн зөвлөлдөх уулзалт жилд хоёр зохиогддог. Харин боловсролын бугшсан асуудлаар багш нарын үндэсний чуулганыг яаралтай хуралдуулчихад яагаад болохгүй байна. Яаманд тийм мөнгө байхгүй гэж яруу алдарт төсвийн хулгайч нар нь хэлэх байх.  Бугласан асуудлаа ил гаргаж яруу алдарт салбараа аврахын тулд Монголын багш нар их хурлаа хийх цаг нь болсон харагдана.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хурдан морины үнэ өссөн нь уяачдын холбооны буруу юу ?
2017-09-26
Асуудал мөнгөндөө биш:
Ерхөг найгасан талаас Монголыг Ертөнцийн чихнээ дуурсгасан багш нар ... юу хийгээгүй чалчсаар тэрбумтан болсон улс төрчид .хэн нь баян хангалуун амьдарч байна... Энэ ариун явдал уу ...У. Хүрэлсүхээ
2017-09-26
ЗОЧИН:
Ардчилал утгаа алдаж, төр ялзарч эхлэхэд улстөрчдийн хамгийн түрүүнд самарч сааж эхэлсэн салбар бол шууд төрийн хараа тэтгэлэгт байдаг эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, эрчим хүчний салбарууд байсан. Сонгуульд ямар ч аргаар ялахын тулд бүгдийг үнэ цэнэгүй болгож үнэгүй цэцэрлэг, эмнэлэг амлаж хүний хөдөлмөрийг сохор зоосны үнэгүй болгож үнэгүйдүүлсэн. Харин өөрсдөө их сургуультай уурхайтай эд хөрөнгөтэй болцгоосон
2017-09-26