Эрх баригч хүчин МАН бага хурлаа хийж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гурван эрхмийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр бага хуралдаа оруулж ирснээрээ онцлогтой. Учир нь нэг эрхмийн нэрийг оруулж ирдэг жишгээсээ энэ удаад татгалзсан. Энэ нь МАН-ын бүлэг фракцууд хоорондоо тохироонд хүрч чадалгүй толхилцсоноос Удирдах зөвлөл хэн нэг эрхмийг нэр дэвшүүлэх шийдвэрт хүрч чадаагүйтэй холбоотой. МАН-ын Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн Бага хуралдаа оруулж ирсэн эрхмүүд У.Хүрэлсүх Зүүний хүчний холбооны, Ө.Энхтүвшин “Шударга ёс” жигүүрийн тэргүүн бол Н.Энхболд хотын фракцыг төлөөлөн Ерөнхий сайдад нэр дэвшсэн байлаа.
МАН дахь бүлэг фракцуудын төлөөллөөс энэ удаад зүүний хүчний тэргүүн, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх бага хурлын 188 гишүүний буюу 24.9 хувийн саналыг авч Ерөнхий сайдад нэр дэвших мандат өвөртөллөө.
Бага хурлын гишүүдийн дийлэнхийг МАН-ын дарга М.Энхболдын хотын фракц эзэлж байсан. Гэвч хотын фракцынхан ч дотроо хагаралтай, УИХ-ын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалтыг авчирсан ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн намын даргадаа итгэл алдарснаа дахин нотоллоо.
Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр явсан, олны таамаглал зөрсөнгүй.
УИХ-д нэрийг нь өргөн барьж, чуулганаар хэлэлцэн томилсноор тэрбээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох юм. “Дан дээл”-тэй Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь мөн л олны анхаарлыг татаж байна. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, сайд нараа Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд томилох уу, тохироогоор шийдэх үү гэсэн олон асуулт урган гарч, таамаглал дагуулж байгаа.
Ямартай ч бага хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэх үед нэр бүхий гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, парламентад анх удаа сонгогдсон гишүүд нь шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б. Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүд “Шинээр байгуулагдах Засгийн газар хүчтэй байх ёстой. Засгийн танхимд УИХ-д доод тал нь хоёр удаа сонгогдсон гишүүд ажиллах нь Засгийн газар хүчирхэг, бодлого нь даацтай байхад хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.
Нөгөө талаас зарим нэг “салшгүй сайн нөхөртөө марташгүй муу үг хэлж”, Ерөнхий сайдыг огцруулахад тэргүүлэн оролцчихоод дараагийн Засгийн газарт сайдын суудалд тухлахаар зүтгэвэл нам нь хүлээн зөвшөөрсөн ч, нийгэм эсэргүүцэж угтана гэдгийг парламентын шинэ гишүүд мэдэж байгаа биз.
Ер нь Бага хурлын гишүүд шинэ Засгийн газрын танхимыг мэргэжлийн, туршлагатай багаар бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардах ёстой” гэсэн захиасыг Ерөнхий сайдад нэр дэвшигчид дайсан байна.
Бага хурлын гишүүдийн захиас, сургамж биеллээ олох эсэх нь парламентаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлах үед тодорхой болно. Албан тушаалд томилогдоод үг үйлдэл зөрвөл үйл хэрэг нь ч нурдаг өмнөх Засгийн газрын жишээ мартагдах болоогүй байна.
Намрын чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Ирэх өдрүүдэд МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д танилцуулна. Ийнхүү намрын чуулган нээлтээ хийж, ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайд томилогдох юм.
Н.Энхлэн