Ерөнхий сайдыг тодруулах ер бусын эрхийг МАН-ын 330 гишүүн атгачихжээ. Засгийн тэргүүнийг томилохыг чуулганаар оруулж хэлэлцүүлэх байтал наана нь намын бага хурал гэж том нөхөд гарч ирлээ гэж эгдүүцэх хүмүүс байгаа.
УИХ-д олонхийн суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх субьект нь намын удирдах дээд байгууллага буюу намын их хурал. Харин их хурал жил бүр хуралдаад байх нь нэгэнт 4 жилээр сонгогдсон дарга нарт нь төвөг ихтэй тул намын их хурал хооронд намын бага хурал онцгой эрхийг нь хэрэгжүүлж улс төрийн шийдвэр гаргадаг. Үндсэн хууль дагасан холбогдох хуулиудын энэхүү заалтаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд МАН-ын бага хурлаас тодрохоор болоод байна.
Улс төрд гэнэтийн хэрэг явдал үүдэхэд төрийн хэргийг атгаж болдог энэ онцгой эрхийг нь ”үнэлдэг” тул бүлэг фракцийнхан бага хуралдаа өөрийн хүнээ олноор байршуулахыг эрмэлздэг. МАН-ын хувьд аминд тулсан буюу албан тушаалын томилгоо ба эрх мэдлээ хадгалахын төлөөх тэмцэлдээнд цэг тавихад энэхүү бага хурлын том шийдвэр маш чухал. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэрлэх ба их хурлын 76 гишүүдээс ч давсан том эрхээ эдлэх МАН-ын ээлжит бага хурлын шийдвэрээс ирэх жилүүдийн улс төрийн шар зурхайд хар, цагаан хэрхэн буух нь харагдана.
Цаг үеийн шаардлагаас үүдсэн дотоод задралын түлхэлт, цааш хадгалагдах энерцийг үл ойшоон тойрон хүрээлэгчдийн байр сууриндаа үнэнчээр саналаа нэгтгэвэл дараагийн давалгаа олон нийтийн зүгээс улам хүчтэй ирж таарна. МАН асуудлаа дотроо хайрцаглаж массын хүлээлтийн эсрэг шийдвэр гаргаж болох ч дараагийн сөрөг үр дагавар нь улам бүр томорч ирэх болно.
У.Хүрэлсүх биш хэн нэгнийг яаж ийгээд гаргаж чадлаа гэхэд Их хурал дээр гарын үсгээрээ нэгдсэн 32 гишүүн түүнийх нь эсрэг кнопоо дарж болно. Үүн дээр АН ба гишүүн суудалтай бусад дэмжигчид нэмэгдвэл 65 бүлгийн санал дахин хуваагдсанаар Ерөнхий сайдаа батламжилж чадахгүй буцаахад хүргэнэ. Их хурлын том томилгоон дээрх ийм зөрчил ямар сунжируу, хүнд явцтай ба улс оронд хохиролтойг харуулсан хар дурсамж бий. АН нэгэнтээ хагаралдан нэр дэвшигчээ 7 удаа буцаалгаж эцэст нь ногоон гэрлээр гарах байсан ганц нэр дэвшигч С.Зориг асан амиа алдсанаар хоёр тал цагаан тугаа өргөж байсан.
Энэ удаагийн МАН-ын Бага хурлын том шийдвэрийн ард яг ийм байдал үүсэх эсэх болгоомжлол байгаа юм.
МАН дотор лидерүүдээ дагасан хуваагдал талцал санал зөрөлдөөн байгаа юу, байгаа. Ил цагаандаа гарсан дайралт дарамтыг бие биендээ үзүүлж байгаа эрхмүүд өнөөдөр хурлын танхимдаа халз уулзаж хайнаа хагална. Эерэгээр харах юм бол эвээ эвдэхгүй байж амлалтаа биелүүлцгээе гэж тогтоод бүлэг фракцаа хойш тавьж намынхаа төлөө саналаа нэгтгэж болно. Энэ байр сууринаас У. Хүрэлсүхийгээ дэмжээд дэвшүүлэх юм бол Их хуралд дээр гацаа үүсэхгүй явчихна. Шинэ засаг хурдан бүрдэж төрийн ажлын царцаа мөн гарна. Эсрэгээр нь М.Энхболд даргыгаа дагас гээд нэр дэвшүүлсэн хүнийг нь дэмжээд өгөхөөр Их хурал дээр очоод гишүүд дахин хагаралдаж, хоёр талын ” гүрийлт” үүснэ. Үнэн бол Д.Тогтохсүрэн гишүүний бланк дээр “Ерөнхий сайдад У. Хүрэлсүхийг дэмжинэ” гээд гарын үсгээ зурсан байгаа 40 гаран гишүүд байгаа гэдэг. Тэд бага хурлаас бярдаад гаргаад ирсэн өөр өөр нэр дэвшигчийг унагаана л гэж үзэх байх. Ийм нөхцөлд дахин зөвшилцөл хэлэлцээр хэрэгтэй болж ингэсээр МАН жинхэнэ Их хурлаа үзэх хэрэгтэй болно. Энэ нь яарлаа гэхэд 12 сарын дунд үеийг хүргэнэ. Үүн дээр замын дунд өөр ямар улс төрийн тоглолтууд болж бас хэм хэмжээнээсээ хальсан дайралт гүтгэлэг хэрхэн өрнөж, ямар үр дагавар үлдээхийг таашгүй. Ард нь улс орны асуудал нам зогсож, үүрэг гүйцэтгэгч засагтай удах тусам цалгар хариуцлагагүй хэмнэл улс орныг бүрэн ноёлно.
Энэ намыг нь Миеэ нь авна уу, Нямаа нь залгамжилна уу... олон нийтэд тийм чухал бус. Энэ хямарсан улс орныг удирдаж залах Ерөнхий сайдаар хэн тодрох нь нийгмийн хүлээлт. Харин үүнийг шийдэх субьект нь ард түмнээс сонгогдсон парламентын олонхийн бүлгийн “дарга” намын бага хурал болчихоод байна.
Ард түмний итгэлээр үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Бага хурал ТОМ шийдвэрээ гаргах өдөр иржээ. Бээрсэн Монгол нь Ерөнхий сайдаа хүлээж байна...
Пүрэвжавын Баярхүү / тоймч /