Агуу гэгддэг Путины сонгуулийн сурталчилгаа хаалтдаа орж байхад “Путин биш бол өөр хэн гэж” гэсэн ганцхан асуултаар төгс ялалтыг нь дархалж байлаа. Энэ бол Путиныг тахин шүтсэн туйлширсан үзэл бус зүгээр л өөр өрсөлдөх лидер гарч ирээгүй байгааг үнэнээр нь хэлсэн хэрэг. Өнөөдөр Монголын улс төрийн тогоо хуйвалдаандаа халсаар цоорч бие биенээ түлж шалзалж эхэлж байхад “У.Хүрэлсүх биш бол өөр хэн гэж” асуух нь пялдага асуулт биш.
Түүхэндээ засгаа унагааж байгаагүй гэдэг нь МАН-ын сайрхах зүйл биш. Нэг талдаа Шинэ үеийн түүхэндээ хариуцлагыг шударгаар тооцож чадахгүй дүлийрч ирсэн гэдгийг харуулдаг тааруухан үзүүлэлт болчихно. Хүссэн ч эс хүссэн ч улс төрийн царцанги байдалд доргилт орсон. Шинэ үе хуучнаар солигдох нь улс оронд ч, хувь хүнд ч ирдэг. Харин хуучрагсад ба хоцрогсод хүлээн зөвшөөрч эвлэрэх нь тийм ч амархан бус. Тэдний явцуу хүслээр болдог байсан бол түүх зогсоно. Энэ үнэнийг нам дотроо хэлж ирснээрээ хамгийн зөв байрлалд байгаа улс төрч бол У.Хүрэлсүх.
МАНАН ч бай Мафи ч бай тусгаар улсын баганыг түшилцэж буй МАН толгойноосоо үнэр орсоныг бид харж байна. Ингэсээр нэг мөсөн ялзарвал төрд маш том хор уршигтай. Гинжийг таслахаас илүүтэй” тасалцгаая” гэж шийдэн хөдлөх нь өөрөө ялалтын 50 хувь. Энэ намрын ээлжит бус чуулганаар халайрууд энэхүү 50 хувийг хийж чадсан. Шар бор хоногуудаар амьдарч буй иргэдийн шудрага ёсны хүлээлтийг тээсэн залуус том сорилтыг давсан. Намынхаа амлалтыг хүн танихгүй болгож хэрэгжүүлсэн алдаатай нүсэр том Засгаа унагааж чадлаа. Тэд худалдагдсан бол, тэд айж няцсан бол МАН-ыг уучлах өөр зай ард түмэнд нь үлдэхгүй бол яах байсан бэ.. Үүгээрээ засаг унагаагчид намаа аварсан. “Хэдхэн дарга нараа дийлэхээсээ өнгөрчээ” гэсэн иргэдийнхээ гуйвч дайвсан итгэлийг нэг зүгт хандуулж чадсан нь энэ засгийн газрыг унагаасан эхний гаьяа болно. МАН эргээд улс төрийн НАМ болох уу, мафийнхаа гарт үлдэх нь үү гэсэн хүлээлт бий болсон байгааг мэдэрч байгаа нь ирээдүй цагт улс төрдөө үлдэнэ.
Бид сонгуулиас сонгуульд сул гишүүдээ сугалж, шинэчлээд байгаа ч мөнгөөр гаргадаг сонгууль хийдэг тул эргээд тэднийгээ алдчихаад байна. Нөгөө талдаа их хуралд эзлэх оюунлаг гишүүдийн тоо зудтай жилийн малын хорогдол мэт болж, баячуудын өв залгамжлал“ хун тайж” нар төрд нэмэгдсээр байх боллоо. Тэд эхэндээ чуулганд даруухан сууж эрх ашгаа дэмжүүлж, чимээгүйхэн хууль батлуулдаг байсан бол одоо ил цагаан болсон харагдана. Жижиг орны сул тал энэ. Төсөвт өндөр татвар төлдөг гэж аархах баян компанийхаа буяныг хүртсэн ганц жишээ хэлчих гэхэд хэцүү. Улсынхаа армийг тамхи бохиор үнэгүй хангадаг Өмнөд Солонгосын том компаниудын дэргэд нүүр түлэгдмээр. Харин манай олийнууд намдаа төлсөн хандиваа төрөөс хэд нугалж авсаар байгаа нь ганц үнэн.
Төрийн албыг худалдах хувиарлах нь бялууны хэмжээсээс давж хунтайж нарын өв залгамжлал, гарын бэлэг болгох нь бараг албан ёсоор хуульчлагдах дөхлөө. Ийм дампуурлын туйл дээр МАН сая нэг сэрлээ. Засгаа унагаасныг МАНАН-г сөрсөн шинэ тэмцэл гэж харвал бол дөнгөж оршил.
Одоо эрх баригч намын торхонд ямар хор исэж буй талаар нийтээрээ ярьж таамаглаж байна. Хэсэг бүлэг нөхөд шинэчлэл нэрээр эрх мэдлийн төлөө улайрч байна гэсэн мессежийг эрх мэдлээ алдахгүйн төлөө улайрч байгаа талаас тарааж байгаа нь ч тодорхой.
МАН өнгө мөнгөн дороос босох эсэх нь одоо бага хурлын гишүүдийнх нь сонголтод үлдсэн. Томчууд чинь томорч л байг. Мөнгө боломж амалж л байг. Үзэл бодол итгэл үнэмшлээрээ тэсэж үлдвэл олон нийтийн дэмжлэгийг авч чадахыг энэ зуны халуун сонгууль, намрын засаг огцруулалт харуулсан. Бага хурлын гишүүдийг хотынхон залгичихна л гэнэ. Их хурлынхныгаа худалдаад авчихна л гэнэ. Хөгжилтэй ардчилсан улс оронд жигшдэг бохир бүхэн манай улс төрд хэвийн л яриа болж. Маш том нөөцтэй нам яагаад ийм ялзарсан харагдах болсон юм бэ гэдэг бага хурал дээрээ тавих асуулт. Намаа дагаж төрийн алба хашилцсан бүхэнд мөнгө хөрөнгө, байр суурь байна. Харин шудрага ёсны төлөөх үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх орон зай нь МАНАН дунд бүдгэрсээр харагдана.
Хэдий болтол ард түмэн дангаараа МАНАН-тай үзэлцэж, сонголтоороо тэмцэж байх ёстой юм бэ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн шударга ёсыг нэхсэн.. Үлдснийг нь гүйцээчих улс төрчид байгаа гэж итгэл тавин шинэ Ерөнхий сайдыг хүлээж байна. Эдийн засгийн өсөлттэй тайлангаар хооллосоор энэ ард түмэн чинь залхсан тул МАН-ын шинэчлэлийг хагарал биш аврал нь гэж харж байгааг хуучиндаа хоргодон эргэлзсэн гишүүд нь мэдрэх ёстой байх.
Засаг унаснаас хойшх хүлээлт сунжрах бүр шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэлтээр сошиалыг бялууруулж байгаа харагдана. М. Энхболдыг Н Энхболдоор нь солихын төлөө эхлүүлсэн шинэчлэл юм уу. Нэг саданг нь арай унагахаар нөгөө ах нь гараад ирдэг ургийн ТӨР юм уу. Дахиад л тохирооны хүүхэлдэйгээр Ерөнхий сайд тавчихаад ард түмнийхээ урамруу ус цацмаар байгаа юм уу. Дахиад л албан тушаалаа наймаалцаах гээд байгаа юм уу. Байгаа бүхнээрээ дэнчин тавьж, өөрчилье гэж боссон МАН-ын залуу улс төрчдийн гайдаа гарсан зориг юм уу.
Улс орноо авч ирсэн түүх болоод төр түших боловсон хүчнээр илүү гэдгээрээ бахархаж ирсэн ийм том намыг хэдхэн гэр бүл, том мөнгөөр эрхшээсээр байхыг бага хурал нь дахин зөвшөөрөх юм бол тэгээд ”баяртай”. Олны итгэл ийм их унасан байхад МАНАН дундаас дахиад бялуу авахаар алалцвал бүгд хувцсаа л норгоно. Ийм л үед МАН-ын бага хурал сунгаа хийх болжээ.
Хагарал нэртэй ч авралынхаа зам дээр байгаа МАН-ын гишүүд Хүрэлсүх ба бусад хэн нэгэн гэдэгдээр бүх бооцоогоо тавих болоод байна. У.Хүрэлсүх нь улс төрчийнхөө хувьд намын даргаа авчих хэмжээнд хүрч, улаан шугам дээр гарч чадсан тод мөртэй. Гэхдээ туйлын удирдагч болох хүн гэвэл пялдагадсан юм болно. Харин улс төрд залуу үеийнхний цаг үе иржээ гэж харвал цаг үеийнхээ талд зогсож гараас нь татаж, хонхыг нь цохиж буйулс төрч бол У.Хүрэлсүх. Маш далд хорон тоглолттой улаан зангиатнууд дотроо арай дээр нээлттэй, ардчилалд элэгтэй, “мужик” гэвэл Хүк мөн нам дотроо дээгүүр бичигдэнэ. Хүрэлсүх нь засгийг толгойлбол масс буюу олон нийт эерэг хүлээн авч намын унасан рейтэнг нь дээшилбэл ирэх сонгуулийн зураг арай гэрэлтэй бууж магад гэж ажиглагчид хэлж байна. Сунгаанд байгаа Ө.Энхбтүвшин болоод Н.Энхболд нарын хувьд намдаа тулхтай эрхмүүд мөн боловч МАН-ыг шинээр харах гэсэн одоогийн том хүлээлт дээр бол арай л удаан хэт “дөлгөөн” хүмүүс.
Би хувьдаа нам бус. Гэхдээ МАН одоо төр барьж буй учир тогооны асуудал нь төрийн хэрэг болсон нөхцөлд ийн нуршлаа.
Ард түмэн рүүгээ ойртьё гэсэн зоригтой эхлүүлсэн алхмаа төгс гүйцээе гэвэл зөвшөөрөгдсөн Лидерээ л нягт хүрээлэх. Улс төрийн хүрээнд яг одоогийн ээдрээтэй нөхцөл байдал, том хагарлын солбилцол дунд У.Хүрэлсүх биш бол өөр хэн МАНАН-г задлах жагсаалын оройд зогсоно гэж...
Пүрэвжавын Баярхүү /тоймч/