“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох өргөдлөө өглөө” гэсэн шуугиан өчигдөр орой дэгдээд намжив. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Г.Отгонбаяр энэ үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг зарласнаар сайтуудаас мэдээ устгагдаж, газар авсангүй. Хэдийгээр энэ худал мэдээлэл ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын суудал өнцөгдсөнийг илэрхийлэх нэг сэжим байж болох юм.
Засгийн газрын хувь заяаг шийдэх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлогджээ. Хэрвээ хэлсэндээ хүрдэг бол МАН-ын 33 гишүүн Засгийн газрыг унагаах товч дарна.Мөн Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн тэдэнтэй нэгдэнэ. Энэ Мэргэжлийн Засгийн газрыг унагаах хангалттай хүч.
Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцээд, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гаргасан. Байнгын хорооны огцруулах шаардлагагүй гэсэн саналыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонх ШААРДЛАГАТАЙ гэж үзвэл Ж.Эрдэнэбат суудлаа тавьж өгөхөд хүрнэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас хойш МАН-ынхан ил, далд хэд хэд хуралдсан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хэлсэн үгнээсээ буцсан гэх сураг ажиг ч гарсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Сумъяабазар, Ц.Даваасүрэн нар гарын үсэгнээсээ буцаагүй гэдгээ хэлсэн ч цаана нь цөөнгүй гишүүд бий. Тэд гарын үсэгнээсээ татгалзаагүй ч чуулганы хуралдаан дээр замаасаа буцаж болзошгүй. Бүр чуулганы хуралдаанд ирэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь МАН-ын бүлгийн хуралдаанд огцруулах гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө ирэхгүй, тойрч зугтаж буй чимээ анир бий.
Ямартай ч өөрийн Засгийн газраа унагаасан АН-ын замыг МАН-ынхан дагаж явна. Эцсийн шийдвэр хэрхэн гарахаас энэ Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Бүтэн жилийн хугацаанд юу ч хийгээгүй, дорвитой нэг ч шийдвэр гаргаагүй гэсэн дүн аваад буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ удаа үлдвэл томоохон сургамж амсана. Харин унавал МАН-ын дараагийн ээлж хоолондоо орох гэж багагүй асуудал үүснэ. Магадгүй аль хэдийнэ тохироо хийгдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Бодит үнэн гэвэл хэн гуай нь ч гарсан ард түмний амьдрал бахь байдгаараа, өрнөөс өрний хооронд байсаар л буй.
В.Бат