2015.12.16-ны өдөр: Оюутолгойн гүний уурхайн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс эхлэн Оюутолгойд улс төрийн асуудал байхгүй, цэвэр бизнесийн үйл ажиллагаатай боллоо. Оюутолгойд дэлхийд алдартай 15 том банк төслийн санхүүжилтийн зээлийг олголоо. Ингэснээр бусад хувийн хэвшлийнхэн гадаадаас хөрөнгө оруулалт авах боломж нээгдэж байна. Ийнхүү МОНГОЛ УЛС БИЗНЕСДЭЭ ЭРГЭН ИРЛЭЭ гэдгийг онцолъё.
2017.09.04-ний өдөр: Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт эхэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээрбайна...
Хоёр жилийн зайтай гэхэд мөн ч адилхан илтгэл шүү. Манай төр жил бүр бизнестээ ингэж л эргэн ирдэг юм.
Энд өчигдрийн чуулга уулзалт дээр Ерөнхий сайд нэг зүйлийг дутуу орхисныг дараа нь үг хэлсэн Баабар гүйцээв. Монгол Улс улс төрийн бохир системтэй, бизнесийн бүлэглэлүүдтэй гэж. Үүнийг нь задалж харвал энэ бүлэглэлүүдийн сонирхолд хөрөнгө оруулагчдын сонирхол мөн хавчуулагдахгүй бол шууд цавчуулдаг. Мөн манай сонгуулийн мөн чанар ба санал татах арга хэлбэрээс үүдэлтэй завхрал хөрөнгө оруулалтын салбарыг хамгийн ихээр дэвсэлсэн.
Намууд болоод нэр дэвшигчдийн популист өрсөлдөөнд гадаадын шулаачдыг шахах хөөж гаргах уриалга нь нутгийн сонгогчдын саналыг бөөндөх нигууртай тул сонгууль дөхөхөөр хөрөнгө оруулагчдын хөлс чийхардаг. Хөрөнгө оруулалтын салбарт 78 хувийг эзэлж буй уул уурхайн салбарт үнэндээ улстөрчид л ташаа тулдаг.
Алт, нүүрс, уул уурхай хайгуул олборлолт нь газар шороо бэлчээр нутагтай салшгүй холбогдох тул уугуул иргэд, малчдын эмзэг сэдэв байсаар байдаг. Энэ нь улстөрчдөд дуртай өдрөө популизм хийх нөөц талбар болчихсон. Өөрийн дэвших тойрогтоо байгаа уул уурхайн компаниуд, лиценз эзэмшигч, хөрөнгө оруулагчдыг хавчих дарамтлах, үйл ажиллагааг нь хаах зэрэг акцыг гэнэт хүчтэй явуулах нь тухайн тойрогт нэр дэвшигчийн рейтенгийг дор нь босгоод ирдэг. Ганц нэр дэвшигчийн популист зорлигын дор маш их судалгаа яриа хэлцэл, харилцан айлчлал зочлолоор боссон хөрөнгө оруулалтыг дөнгөж гараан дээр нь боомилдог. Энэ жишиг болсон жалга довны амбицыг дараагүй цагт манай билэг танхай хөдөөний улс төрчдөд найдаж, Монголын талд хөрөнгөө хаях шар толгойт үнэндээ байхгүй болсон.
Давхар мэх сайтай хятадууд л ерөнхийдөө манай жалга довныхнынд тааруулсан өөрсдийнх нь дүрмээр хууль дүрэмгүй шахам тоглож жижиг уул уурхайд үндсэндээ ноёрхож байна.
Хөрөнгө оруулалтын түүхэнд төр хөрөнгө оруулагчдаас булаасан хамгийн том дээрмийн нэгэнд гэнэтийн ашгийн татвар тооцогддог. 2007 онд гэнэтийн ашгийн татвар нэрээр 68 хувийн татварыг уул уурхайн салбарт бий болгосон. Ингэснээр хайгуул хийж байсан маш олон компани манай улсаас гараад явчихсан гэдэг. Тооцоо хийсэн хүмүүсийн дүгнэснээр бол эцсийн бүтээгдэхүүнээс 68 хувийн татвар төлөөд дээрнь НӨАТ, ААНОА гээд бараг 80-аад хувийг нь ашгаас нь аваад явчихаар уул уурхайн компаниуд үйлдвэрлэл явуулах, ажиллах аргагүй болж байгаа буюу бушуухан гарах минь болсон. Үүнийгээ баллуурдаж тогтвортой байдлын гэрээ гэгчийг өөрсдийн дэмждэг компаниудтай жич хийж эхэлсэн. Энэ нь дээр өгүүлсэнчлэн улс төр бизнесийн нам дамнасан бүлэглэлтэй найраагүй бол хөрөнгө оруулалтын ирээдүй бүрхэг болох ба “цаашаа шүү“ гэдгийг бусдад нь ойлгуулсан.
Татварын орчныг таатай болголоо гэж зарладаг хөрөнгө оруулагчдын форум жил бүр болдог. Төрийн тэргүүнүүдийн илтгэл, яам тамгынхны тайлан, хөрөнгө оруулалтын өсөлттэй дүнг хэвлэлийнхэнд хувилан тараадаг. Орой нь зурагтаар уул уурхайн яам тамгынхан тайлангаа яриад л байна. Бараг нэг ч хөрөнгө оруулагч болчихмоор гадаад нүүр царай харагдахгүй. Өөрсдөдөө өөрсдийгөө сурталчлаад байгаа мэт.
Мөн чанартаа хөрөнгө оруулагчдын эцсийн харах өнцөг бол Монголд шударга ёсны үнэлэмж ямар түвшинд байгаа вэ. Засаглал нь ямар байна. Хууль дээдлэх ёс нэг мөр тогтсон уу. Авлигын түвшин нь ямар байгаа вэ гэдэг суурь үзүүлэлтүүд байгаа. Хөрөнгө оруулалтын судалгаа нь ч энэ чиглэлд алсаас хийгддэг. Энэ үнэлэмжээр харах юм бол манайх төр одоо ч “тэг” заасан хэвээр байгаа.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь чухал гэж илтгээд байна лээ. 17 хувиас 1 хувь болтлоо унасан хөрөнгө оруулалтын орчныг ганц татварын орчноор өөд нь татахгүй. Ганц тойрог тойгдсон эрхэм гишүүн арай гэж босгосон уурхайд нь тоос босгон давхиж очоод наад уурхайгаа хаа, надад ямар ч хууль үйлчлэхгүй. Нутгийн удирдлага яахаа мэднэ гээд хөөчихөж чадаж байгаа шүү дээ. Ингээд өнөөх Монголын хуультай нь биш хуулиас дээгүүр эрх мэдэлтэй нөлөөтэй гишүүнд нь хошуу цорвойж, юм амалж суух болно.Ийм хууль үйлчилдэггүй, жалга довны жишгээр ажил нь явдаг улс оронд эрх зүйт төр жинхэнэ утгаараа хөгжсөн, бизнесийн орчин нь авлигагүй хөгжилтэй орны ямар хөрөнгө оруулагч азаа үзэж орж ирэх юм бэ.
Энэ бичигдээгүй дүрмийн автор бол ядуу байгаад гэнэт баяжсан улстөрчдийн хүрээлэл ба одоогийн оффшорчид, уул уурхайн дэд бүтцийг бүлэглэлдээ атгасан хэдхэн гишүүд байгаа. Эд нар сүүлийн 15 жилд хөрөнгө оруулалтын өрмийг аваад бэнзийсэн. Одоо ч уул уурхайд хөл тавьж байгаа хэд нь энэ томчуудын хаяагаар алхагүй бол явдаггүй л гэж яригддаг. Энэ дурдаж буй таагүй жишээ бол хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг үйлчлэлийн дөнгөж зах зух нь байж таарна.
Үнэн хэрэгтээ “Монгол бизнестээ эргэн ирэх” яагаа ч үгүй байна, Ерөнхий сайд аа. Монголын уул уурхайн бизнес хэдхэн хүний гарт байж, тодорхой улстөрчдийн бизнес хэвээр. Энд задрал явагдахгүй бол хөрөнгө оруулалт царцанг хэвээр байна. Нэг нутгийн “депутаат” эргэж сонгогдохын тулд хөрөнгө оруулалттай уурхайг шууд хаалгачихдаг байхад, төрийн шийдвэр нь байнга эргэж буцсан залгамж чанаргүй хэвээр байхад “Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй ...” зэрэг гоё үгсээ индрээс хэлэхээ больж, тогос шувуунд үлдээх хэрэгтэй юм.
Засаглалаа нэн түрүүн засаж, хууль дээдэлдэг, эрх зүйн хэм хэмжээ нь эрх тэгш үйлчилдэг, шударга ёсыг хамгаалдаг төрийг хөрөнгө оруулагчдын нүдэн дээр цогцлоож чадвал ямар ч “даллуур” хэрэггүй. Өөрсдөө л төсөл тооцоогоо бариад ороод ирнэ гэж форумд суудаггүй ч хөрөнгө оруулагч татаж уурхай босгох гэж түмэн зовлон туулж явдаг жирийн бизнесийнхэн хэлдэг.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/