Сонгуулийн жил дууссан хэдий ч парламентад суудалтай намуудад улстөр намжаагүй буцалж байна. Тэр дундаа эрх баригч хүчин МАН-ын дотоод асуудал савнаасаа хальж, “гал дээр шар тос” хэдийнэ асгарч, дүрэлзлээ.
Эдүгээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдөр биш гэхэд маргааш огцрох нь тодорхой болоод байна. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэе гэхээр наанадаж нэг жилийн хугацаа эртэдэнэ, цаашлаад Засгийн тэргүүн санаачлан эхлүүлсэн гэхээр гавьтай ажил байхгүй. Тэгээд ч Ерөнхий сайдад эрх мэдэл дутаж, намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрээр хөдөлж, тэдний “ам”-ыг харж байсан нь олны өмнө ил байлаа. Жишээлэхэд, төсвийн зардлыг хэмнэх, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрийдлээр төсөвт тодотгол хийн, хүүхдийн мөнгө олгодог зорилтот бүлгийн хувийг багасгаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн дээрх гаргасан шийдвэрээ буцаан татаж, нааш цааш холбирсон нь олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн. Засгийн газрын энэ мэт бодлогогүй шийдвэрт эсрэг байр суурьтай байсан намын зарим гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтай зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн бариад байна.
Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулиар ялсан ч, ялагдсан ч Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөх нь тодорхой байсныг ажиглагчид онцолж байгаа. Учир нь Ж.Эрдэнэбатын гэхээсээ МАН-ын дарга М.Энхболдын “байгуулсан” Засаг гэж болно. Бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, зарим сайд нарыг сугалах уу гэдэг цаг хугацааны асуудал байсан.
Өнөөдрийн тухайд эрх баригч хүчний намын даргаар хэн сонгогдохоос Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Хуулиараа “Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор УИХ-д оруулж ирвэл 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ”, дэгээр “Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, санал, дүгнэлт гаргана. УИХ-ын нэгдсэн чуулган 14 хоногийн дотор Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ” гэж заасан.
“Бүдүүн-65”-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Үүнийг сөрөг хүчин болох АН-ын бүлгийн 9 дэмжихээ мэдэгдсэн. Үүн дээр гурав дахь хүчний төлөөлөл болох МАХН-ын гишүүн О.Баасанхүү эсрэг санал өгөх нь тодорхой. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны 19 гишүүний олонх нь Засгаа огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч парламентаар хэлэлцэхэд Ж.Эрдэнэбатын танхим бүрэлдэхүүнээрээ унахаар байгаа.
Харин одоо парламентаад хэлэлцүүлэх асуудал хүлээгдээд байгаа. Нэгэнтээ намын бага хурлаа хуралдуулж, их хурлаараа намын даргадаа хариуцлага тооцон, шинэ удирдагчийг сонгох МАН-д Ерөнхий сайдаа огцруулж, дараагийн эрхмийг тодруулж, эсвээс үүрэг гүйцэтгэгч Засагтай байхаар яарах нь хүсэх зүйл биш. Гэсэн хэдий ч парламент хуулиа барьж, энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ биз.
Уг нь сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар тухайн үеийн сөрөг хүчин МАН-д саналаа өгч үнэмлэхүй олонхи болгохдоо “төр түвшин, түмэн олон амгалан” байх бэлгэдлийг бодолцсон. Учир нь аль нэг улс төрийн хүчин парламентад олонхийн бус олон суудалтай нөхцөлд Засгийн газраа байгуулахаар зөвшилцөл явагддаг. Парлаемнтад олон суудал авсан улс төрийн хүчин нь бусадтайгаа зөвшилцөх, гэрээ байгуулан хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээр хийхээс эхлээд цаг хугацааны хувьд хүлээлт үүсдэг. Бүрэн эрхийн хугацааны явцын дунд хамтарсан аль нэг улс төрийн намын эрх ашиг хөндөгдвөл сайдыг, Засгийг огцруулахаар гүйлддэг.
Тиймээс л сонгогчид тогтвортой төр, засгийг төлөө нэг намд үнэмлэхүй олонхийн суудал өгч, эрхийг нь олгосон. Гэвч цаг үеийн шаардлага гэхээсээ төрийн эрх барьсан цагаасаа эхлэн МАН дахь албан тушаалын төлөөх талцал хагарал түмний олны итгэлийг ч хөсөрдүүллээ. Энэ хэрээр аль нь ч олон суудал авсан, олонхи болсон эрх мэдлийн төлөөх хагарал үргэжилнэ гэх олон нийтийн хүлээн зөвшөөрдөггүй бодлыг бататгаж, улс төрийн намд, улстөрчдөд итгэх олны итгэл хүндлэл салхинд хийсэн одсоор...
Н.Энхлэн