Хүүхдээ байнга балбахгүй ч үглэж яншин, чимхэж дарамталж, нулимс цөхрөлийг нь барж байдаг арчаагүй нэгэн байх. Өөрийнхөөрөө шийдвэр гаргаж сонголт хийх оролдлого бүртээ янших үглэх дарамтыг хүлээнэ. Ямар нэг эрс алхам хийхгүй л бол сэтгэл гутрал нэмэх далд дарамтын тойрог үргэлжилсээр л байж таарна. Учир нь хүн ч, нийгэм ч өөрөө бүтээх бодит жаргалд хэзээ ч дасаж ээнэгшихгүй хэрнээ хэн нэгний импортолсон зовлон дарамтыг хүлцэн тэвчиж, уучлан цагаатгахдаа төрөлхийн сайн.
Залхаалт дарамтын ард гар дээр нь тавих өдрийн хоолны шидэт мөнгө “чиний төлөө” гэсэн титэм үгтэй доромжлолы мартуулдаг байлаа гэж хүү хожим дурссан байдаг. Нэг нартай өдөр тэр томоотой дорой ноомой байдлын төлөөсөнд авдаг мөнгөнөөсөө татгалзаж, өөрөө мөнгө олж сонголтоороо амьдармаар байна гэдгээ эрс хэлж. Харин дарамтлагч хариуд нь : “ Тэр болно гэхдээ чи яг одоо гараад мөнгөө яаж олох, юу хийж чадахаа надад тодорхой хэлчих “ гэхэд хүүд хариулт олдсонгүй. Энэ асуултад хариулт олчихвол чи энэ гэрээс явж болно л гэж дарамтлагч тавлахаа мартсангүй. Дарангуйллын тайлал нь энэ.
Гадаад ертөнцөд амьдрал хэрхэн өрнөж, өрсөлдөөнд хүмүүс яаж орж, эрх чөлөөг ямар үнээр олж авч буй, түүнийхээ төлөө тэмцэхийн тулд ямар их мэдээлэлтэй байх хэрэгтэйг харж ухаарах боломжийг дарангуйлагч хүүд хэзээ ч олгодоггүй байсан. Дотор байгаагаа алдвал, гадаа ямар их зовлон хүлээж байгаа талаарх мөнхийн үглэл, зохиомол айдас бол гадагшаа гарч үзээгүй хүний дотор л амархан биежинэ. Энэ бол дарангуйлагчдын гол зэвсэг. Одоо байгаа боломжийг алдвал ирээдүйд шууд балрах тухай суртал ухуулга бол өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө гаргах эрс шийдвэрийг нь хазаарлаж байх. Энэ бол улстөрчдийн гол арга мэх.
Энэ долоо хоногт Монголын улс төр намрын халуунаа эхлүүлнэ. Намрын чуулган ээлжит бусаар эхлэх товтой байгаа нь парламентын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичих юм.
Ээлжит бусаар хэлэлцэх топ асуудал нь хүүхдийн мөнгөний эх үүсвэрийн тухай бус, Засгийн газрыг огцруулах эсэх тухай. Сонгуулийн амлалтаа А- аас нь эхэлж умартсан, мэргэжлийн бус сайдуудын багцаар иргэдийнхээ дарамтыг нэмсэн бодлого явуулсан. Энэ бол засгийг солих гол үндэслэл. Хариу няцаалт нь хэрвээ засгаа унагаавал хөрөнгө оруулагчид үргэж, тогтвортой байдал алдагдана.
Тогтвортой байдал, гадаад талд нэрээ бодох, эв нэгдэлээ дээдлэх зэрэг тос даасан хэдэн сайхан үгийг хадганд боож хэлсээр эрх мэдлээ хадгалж үлдсэн эрх баригчдын дурсамж даанч олон байгаа. Одоо ч ялгаагүй, өрөө төлж чадахгүй дефольт болох айдсаар иргэдээ аргалах үндсэн тактикаар тархи угаалт явуулсаар байгаа харагдаж байна. Цувраа олон бондын өр нь хэнийх нь ч санаачилсан өр юм. Энэ иргэд хөөрхий хэдэн хувийг нь хувааж аваад идчихсэн юм. Төлж чадахгүй суугаад нь иргэд ямар ч буруутай байсан юм. Ямар ч л байсан засагтаа хариуцлага тооцох дэмий, бондоо төлж чадахгүй баларна л гэнэ. Мөнгөтэй гадаадынхан ирэхгүй үргэнэ л гэнэ. Өрөвдөөд үлдээлээ гээд өөдлөх тал дээр өгөх бодит дүгнэлт, тодорхой амлалт үгүй хэвээр.
Шударга ёс алдагдсан, цөөнхөөрөө сүлбэлдэн идсэн уусан хуйвалдаан хяналтаас нэг гарвал хямралын тойрог хэзээ ч тасрахгүй. Хариуцлага нэхэгдэж буй энэ засаг ч, урьд засгууд ч тэр дэнчигнээд ирэхээрээ тогтвортой байдал, эдийн засаг хөрөнгө оруулалтаа бодоод үлдээчих гэж гоншигнодог, тэсээд үлддэг. Хаана нь эдийн засаг үнэхээр сэхэж , хэзээ улстөрчид үнэхээр эх орон минь гэж ухаажсан юм бэ.
Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах эсэх асуудал ороход мөн л иргэдээ бодьё, эдийн засгаа аваръя ч гэж уриалцгаан, Ерөнхийлөгч онцгой анхаарч, гишүүдийн кнопыг хянаж байгаад үлдээж байсан. Ч.Сайханбилэгийн засаг үлдээд сайдууд нь улсаа бодсон уу. Хэдхэн сарын дараа эх орны хишиг тараалт, 1072 хувьцаа хошгируулалт эхэлж бэлэн мөнгө тараалт явагдаж, Оюутолгойн ашиг улам алсарч, Эрдэнэт хөгшин үнээний пайз зүүж гэрлийн хурдаар хувьчлагдсан. Огцруулалгүй өршөөсний хариу нь ингэж гарсан.
Одоо МАН-ын талаас засгаа огцруулах тухай шаардлага өргөн баригдаад байна. Огцрохгүй талдаа зуурч буй барьц нь яг адилхан тогтвортой байдал, эдийн засаг хөрөнгө оруулалтаа бодъё гэсэн улигт тайлбараар хөвөрч байна. Судалгаа тооцоогүй үр дүнгүй бодлого, сонгуульд цацсан асар их мөнгө, нэмж тавьсан өр энэ бүхэн яг хэлснийхээ эсрэг үргэлжилдэг. Энэ бүхэнд цэг тавихгүй юм уу. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө, шударга ёсны төлөө улс төрийн намын гишүүд мандатаа яралцтал өргөх үү, хуучнаараа аялдан дагах уу. Энэ асуултыг маргааш болох МАН-ын бага хурлын гишүүдээс асуумаар байна. Нэг жилийн дотор намынхаа амлалтыг ноорог болгоод байгаа энэ засагтаа хариуцлага тооцохгүй авч үлдэх ёс зүйг хаанаасаа тэмтэрч гаргах вэ. Тогтвортой байдал нэрийн дор томоотой дарлуулж байх сонголтыг та бид яагаад зөвшөөрч суух ёстой вэ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/