Үнэндээ У.Хүрэлсүх нь сайд болно уу, Ж.Эрдэнэбат нь тэсээд үлдэнэ үү ....жирийн иргэдэд одоо хамаагүй болсон. Тэдний улс төрийн идэвхийн оргил үе Ерөнхийлөгчийн сонгуулиар дарагдсан. Үүргээ биелүүлж саналаа өгсөн, худлаа амладаг нөхдүүдэд хариуцлага тооцсон. Одоо амьдралаа бодох минь. Иргэд амьдралын шаардлагаар маш их парагматик болсон бөгөөд Засаг солигдож сайдын суудал шилжлээч өнөөх бэрх амьдрал нь бахь байдгаараа.
Иргэд сонгуульд үүргээ биелүүлсэн. Харин Төр ?
Амлалт аваад бухдаг бол, мөнгө тараагаад хуурдаг бол “май шүү” гэж хорссон залуус МАН-ыг олон жирийн гишүүд дэмжигчидтэй нь хүч хавсраад, нэр дэвшигчийг хойш суулгасан. Жирийн иргэдэд асуулт ганцхан. Өнөөдрөөс өрөө яаж дарах вэ. Лизингээ яаж барах вэ. Банкны ажилтны дуудлагыг блок хийгээд ч өрөө төлөх сэтгэлзүйн дарамтнаас үл гарна. Аргагүйн эрхэнд намаасаа иргэдийнхээ өрийг дарах үүрэг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Баттулгыгаа хараалж сууна. Мөнгөгүй гэсэн хоёр нам сонгуулиар зуу, зуун иргэдийн өрийг дарчих мөнгийг бэлнээр цацаж тараав. Хүүхдийн мөнгийг ганцхан өдөрт дансанд хийв. Тэгээд таг болдог нь жамаараа. Төр манийгаа тэтгэж, бүгдээр ажилтай орлоготой болтол дахиад 2020 оны хулхи амлалт, мөрийн хөтөлбөрийг нь хүлээх хэрэгтэй боллоо. Энэ нь огт шинэ зүйл биш. 25 жилийн турш явж ирсэн нам төрийн ээлжит бантан.
Одоо хонгилын үзүүрт анивчдаг ганц гэрэл нь Солонгост ажиллах. Гурван сарын визээр гарч махаа зулгааж 6 сая төгрөг зулгааж ирэх зам бол хамгийн ойр харагдана. Цалин бага, цаг ачаалал ихтэй багш нарынхаа зовлонг ойлгодог зарим захирлууд багш нараа амрааж чадахгүй Солонгост аялуулах ажлыг зохион байгуулсан гэж байгаа. Нийгмийн даатгалыг нь өмнөө бариад багш нараа зуны гурван сарын амралтаар нь Солонгос чирээд явсан хэрэг. Ямар аялал жуулчлал байхав дээ. Бөөнөөрөө гарч хар ажил хийж байр машины лизингээ дарахаар багаараа хөдөлсөн хэрэг. Насаараа ажилласан нэр хүндтэй багш нар маань явсаар хар ажил хийж явахдаа Солонгосоор нэг байгаа шавь нартайгаа тааралдах вий гэж яс хавталзаж явдаг байх. Эрхэлсэн ажилтай, нийгмийн даатгалын дэвтэртэй нь ингээд нэг аргалаад өрөө дарахаар Солонгос гарчихаад байгаа. Харин ажилгүй орлогогүй, барьцаа мөнгөгүй, өдөр бүр өр нэхүүлсэн виз хүсэгчид Солонгост хэрхэн аялах вэ.
Солонгос явах бол хүү нэмэгдэнэ, Яагаад
Манай улстөрч түшээд Солонгос, Япон зэрэг улсад айлчлаад ирэхээрээ нэг “гоё чихэр”авчирсанаа дуулгадаг. Энэ нь хоёр талын зорчих визний асуудалд ахиц гаргалаа гэсэн мэдэгдэл. Визний шалгуурыг хөнгөлөх талаар дээд хүмүүстэй нь яриад ирлээ гэх нь бидний гадаад явах хойрхойг улам хөдөлгөдөг. Солонгос улсын хувьд бид гомдолтгүй. Тэд хэлсэндээ хүрч визний нөхцөлийг аль болох олон боломжоор хөнгөлөв. Ямар нэг орлоготойгоо нотолбол барьцаа мөнгө тавиад аялалын визээр зорчиж болох боломжийг монголчуудад олгосон. Харин энэ өөрчлөлт өнөөх виз хүсэгчид биш бэлэн мөнгө атгасан хувиараа зээлдэгч, ББСБ- уудад илүү ашигтай тусав. Виз хүсэгчид 5 саяын барьцаа босгох зээлийн эрэлд ах дүүсээрээ гарсан хэрэг. Хашаа байшингаа барьцаалаад 5 саяыг авах гэхээр Солонгост явах гэж байгаа юм уу гээд сарын хүүгээ өсгөчихөж байна. Жирийн зээл 3-5 хувийн хүүтэй гардаг бол Солонгосын визний барьцаанд 5 саяын зээл авах бол 6 хувийн хүүтэй шүү гэж сууцгаана. Ийм ширэн нүүрлэсэн шулаач, мөнгө хүүлэгч нарт дэг журам сахиулдаг хяналт тавьдаг газар байна уу. Санхүүгийн зохицуулах хороо гэж байдаг дуулддаг. Тэд энэ нугалааг шалгах ёстой.
Лангуу түрээсэлдэг гэрээ- ҮНЭ 150 мянга
Солонгос улсад аялалын виз хүсэхэд тавих нэг гол шаардлага нь орлогоо нотлох. Үүнийг тойрсон жижиг бизнес жинхэнэ утгаараа цэцэглэж байна. Ажилгүй хүн чинь Солонгос явахын тулд ямар орлоготойгоо харуулж нотлох билээ. Гэтэл энийг нь аргалж өгдөг хүмүүс бий болжээ. Танд аль нэг зах дээр лангуу түрээсэлдэг гэрээ, орлогын баримт хийж өгөх санал тавьсан хүмүүс 200-300 мянгыг бэлнээр өгөхийг зөөлнөөр шаардана. Зовсон ядарсан нэгнийхээ гачаал дээр жижигхэн мөнгө тоншсоор зоолж байгаа энэ бизнес бараг сүлжээ болжээ. Солонгосын гэр айлын хаяг зарна, Зочид буудал захиалж өгнө, банкинд мөнгө байршуулж өгнө зэрэг тус бүртээ 100-200 мянгын ханштай энэ өвөрмөц үйлчилгээнд виз хүсэх иргэд цаг мөнгөөрөө чирэгдэж дуусч байгаа харагдана. Хамгийн гол нь энэхүү сонины зарын замаар олж авсан үйлчилгээ цаанаа Солонгосын элчинд очихоор ямар ч баталгаагүй ба шалгаад үзэхээр хуурамч гэдэг нь дороо “баригдана”. Тэгээд л гүйцээ. Аялалын зорилго тодорхойгүй гээд виз олгохоос татгалзсан хариу өгчихнө. Өнөөх хэд бол үйлчилгээгээ үзүүлээд мөнгөө халаасалчихсан. Дараагийн виз хүсэхээр орлого нотлох, дансандаа мөнгөө хийх дээр гацчихсан хүмүүсийн учирлал гуйлт, дараалал пиг.
Визний зориулалтаар зөвхөн дансанд мөнгө байршуулж өгдөг хүмүүс байна. Тэд өдөрт банкны салбарын гадаа утсаар яриад л мөнгө хийгээд хөлжиж байна. Таван хүн баталгаа авья гээд гүйгээд ирэхэд гүйлгээ хийх эрхгүй данс нээж өгөөд 400 мянгыг олж байна. Үнэхээр хэрэг болдог бол яахав. Гэтэл бодит байдал, элчингийн хянаж шалгах өөр. Дансанд мөнгө байршуулах гэдэг бол таныг аялалаар яваад ирэх хангалттай мөнгөтэйг нотлох төдий бус. Эцсийн зорилго нь таныг Солонгост хар ажил хийхээргүй боломжийн орлоготойг харах гэсэн шаардлага. Гэтэл 3 хоногийн өмнө нээсэн шинэ дансанд 10 сая төгрөг хийлгэчихээд шагналд нь 100 мянган төгрөгөө өгчихнө. Энэ нь тухайн хүний орлого зарлагын санхүүгийн байдлын түүхийг харуулж чадахгүй тул үндсэндээ хуурамч баримт гэж үзэж болно. НДШ-ийг эс тооцвол цалинтай орлоготойг нотлох баримт бол маш энгийн шалгуураар ордгийг бид ойлгох ёстой. Гүйлгээний түүх орлогын хэмжээг л харах гээд байгаа.
Барьцаа мөнгө гол шалгуур мөн үү.
Одоо 3 сарын виз хүсэхэд барьцаа мөнгө гол шалгуур биш болсныг олон даваа давсан учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь таван саяыг орхиод Солонгост харлаж байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа хэрэг. Тэгэхээр боломжийн орлоготой, дансандаа мөнгө хадгаламжтай байх мөн Солонгос талаас баталгаатай уригч, батлан даагчтай байх зэрэг нь нэмэлт шалгууруудыг Элчин сайдын яамны зүгээс харах болно.
Манай Гадаад харилцааны яам ийм асуудал дээр жижиг гэхгүй тайлбар тодруулга авч иргэддээ туслах ёстой. Солонгосын виз хүсэх материал лавлагаа бүрдүүлэх талаар төрөлжсөн тодорхой тайлбарыг тусгай дугаарын лавлах утас нээгээд өгч болно. Үүнд иргэдээ гэсэн санаачилга л дутсан, том яамны чухал албатан гэсэн их зан нь саад болоод байгаа юм. Элчингийн материал хүлээж авдаг төлөөлөх байгууллагууд бүрдүүлэх материалын талаар тайлбар учрыг хэлдэг ч дансандаа мөнгө байршуулах тал дээр нарийн учрыг тэр бүр толгой мэдэн тайлбарлахаас зайлсхийж байгаа нь ажиглагддаг. Тэд виз хүсэхэд тавигдах шаардлагын дагуу материалыг бүрдүүлсэн нөхцөлд цааш нь Элчин сайдын яаманд дамжуулах үндсэн үүрэгтэй тул таны дансандаа хийсэн мөнгө өөрийнх үү, хүнээр дундын данс нээлгээд байршуулсан уу зэрэг нь ухаж төнхөх асуудал нь биш юм. Харин Элчин сайдын яамных нь шалгадаг хүмүүс нь өнөөх дансанд мөнгө хийх үйлчилгээгээр дансны хуулга авчихсаныг хараад л ойлгодог болсон байх.
Манай Гадаад харилцааны яамнаас иргэдийн энэхүү шимтгэл төлж бусдын гуйвуулгаар байршуулж байгаа 3000 доллараас доошгүй мөнгө нь банкны баталгаа болж чаддаг эсэхийг судалж, Солонгосын Элчин сайдын яамны консулын хэлтсээс албан ёсны тайлбар авч иргэддээ үнэн зөв мэдээллийг өгмөөр. Виз авах гэж байгаа бол дансандаа заавал мөнгөтэй байх ёстой гэсэн энэ шаардлага ба орлоготойг нотлох дансны хуулга зэргийн ялгааг ойлгохгүй төөрөлдсөн иргэд захын хүний аманд унаж 50, 100 мянгаар сэгсрүүлж байна. Банкууд дансны хуулга хэвлэж өгөхөд харилцагчдаасаа хураамж авч байгааг эргэн харах хэрэгтэй. Дансны баталгаа гаргуулах нь үнэн хэрэгтээ хуурамч баталгаа гаргуулж мөнгө төлөөд, эцэст нь виз олгохоос татгалзсан хариу авч улам өр зээлийн дарамтад орж иргэд хохирч байна.
Иргэд дундаа нэг барьцаа тавихад туслаач ...
Манай төрийн сайд дарга нар иргэддээ яаж туслах вэ гэж толгойгоо гашилгаж, санаачилгатай ажиллаж байгаагаа зурагтаар мөн ч их ярих юм. Барьцаа мөнгө, орлогын баталгаагүй Солонгос зэрэг оронд аялж жуулчлангаа ажиллаж өрөө дарах гэж буй иргэддээ уян хатан нөхцөлтэй барьцаа мөнгө зээлдүүлэх ажлыг санаачлан хий л дээ. Хэн нэгнийх нь хөрөнгө эзэмшдэг банк дампуурах гээд ирэхээр иргэдийн хэдэн тэрбумын хадгаламжинд батлан даалт гаргах шийдвэрийг төвөггүй гаргадаг манай төрд хүсвэл энэ нь тийм зохицуулж барахгүй ажил биш. Тодорхой нөхцөлөөр бага хүүтэй аяллын зориулалттай зээл өгдөг бүтээгдэхүүн үйлчилгээг банкуудаар дамжуулаад нээчихэж болж байна. Жишээ нь, хувьдаа портер, амьжиргаа гэх машинтай иргэд бол орлоготой. Гэтэл тэд үүнийгээ нотлох гэхээр дансны гүйлгээ байдаггүй. Бүх төлбөр тооцоо нь баруун зүүнээрээ бэлнээр хийгдэнэ. Үүнийгээ мобайл дансаар өгч авч суралцах талаар сургалт сурталчилгааг санхүүгийн байгууллагууд санаачлаад хиймээр.
Жишээ нь, Солонгост эмчилгээний виз гаргадаг байгууллагууд 30 хоног яваад ирэх баталгааг үл хөдлөхөөр нь барьцаалан эмчилгээний визийг шуурхай гаруулж байна. Тэд их уян хатан. Барьцаанд ах дүүгийнхээ, танил хэн нэгний хашаа байшинг тавихыг зөвшөөрдөг. Зарим зуучлагч байгууллагууд 2-3 хүн нийлээд дундаа нэг барьцаа /хашаа байшин, орон сууц, хөдлөх хөрөнгө /тавиад явахыг ч мөн ойлгож зөвшөөрдөг. Манай төрийн итгэмжлэгдсэн нэг санхүүгийн байгууллага иргэддээ нөхцөл боломжинд нь тааруулсан ийм зээл баталгааг 90 хоногийн хугацаатай өгчихдөг болчихвол өнөөдөртөө юун Дэлхийн банкны мөнгөөр бидний амьдрал сайжрахыг хүлээх. Хүнд үед хамгийн бодит тус болно. 60 саяын нэг байраа 15 саяд тавиад ах дүүсийн 3 хүн нь Солонгос гарчихаад ирэх бол бодитой зээл. Гэтэл энэ нь ББСБ дээр очоод таг мухардаж байна.
150 мянга илүү өрх өр зээлийн дарамтанд байна.
Засгийн амлаад байгаагаар 2019 оноос эдийн засаг сэргэж, маний амьдрал цэгцэрч орлого цутгах юм байж . Тэрнээс чинь өмнө зээлээ төлөхийг шаардсан банк бусынхны шаардлага иргэдийн чинь үсийг бууруултуулах гээд байна. Улсын хэмжээнд 150 мянган өрх айл байгаа бүхнээ барьцаанд тавьж амьдарсаар өрөө нэхүүлж цөхрөөд байна. Виз дагасан анкет бөглөх, иргэний бичиг баримт , өргөдөл тодорхойлолт орчуулуулахаас эхлээд хуурамч банкны баталгаа гаргуулж шимтгэл татах, зочид буудал захиалсан болж интернэтэд шивсэний төлөө хураамж авах, огт танихгүй Солонгосын нэр хаягыг зарах гээд Солонгосын визний тоосонд хөлжигсөд дэндүү олон боллоо.
Хувьцаагаа авч барьцаа, баталгаа мөнгөтэй больё.
Хууль бусаар үлдэж харладгаараа дээгүүр байр эзэлдэг тааруу статистиктай Монголын иргэдийг боломжоороо өөрийн улсад аялан зорчих боломжийг олгосон Солонгос улсын Элчин сайдын яаманд талархаж буй хүн олон. Үүн дээр дэм өгч манай төр барьцаа мөнгө гаргах зээл авах дээр тал дээр нь гараа сунгавал иргэдийн боломж илүү нэмэгдэнэ. Сонгууль болгоноор тараадаг эх орны хишиг ба 1072 хувьцаагаа тооцоод зүгээр л дансанд 5-6 сая төгрөг хатуу нөхцөлтэйгээр бэлэн бусаар гүйлгээ хийж байхаар хугацаатайгаар хийгээд өгчихөөч. Ядахад энэ ядарсан иргэн бүр чинь “би дансандаа 5 саятай, хувьцаатай хүн” гэж банкны хуулгаа бариад гадны элчин дээр нүүр бардам зогсож байг л дээ.
“Би харлахгүй ээ” гэж мянга хашгираад Солонгосын Элчин сайдын яамныхан харж үзэхгүй. Дүрэм журмаа л хатуу барина. Үүнийг төр сонсох учиртай даа. Зохих байгууллагууд нь анхаарч ямар нэг байдлаар барьцаа мөнгөний зээл баталгаа олгох талаар зохицуулаад өгчихөөч. Ийм энгийн хэрнээ эзнээ олсон бодитой тус хүргэсэн намд 2020 оны сонгуулиар ногоон гэрэл шууд асна шүү дээ. Энд ямар ч популизм байхгүй шүү. Баялгаас оногдох мөнгөө аваад визний барьцаанд тавья л гэж байна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/