МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гишүүд нь болоод олон нийт тодорхой хэдэн асуудалд хариулт хүлээж байсан. Ялагдлын гол эздэд хариуцлага тооцох чимээ, намын бага, их хурлын тов зэргээр хүлээлт үүсгэж байсан асуудалд Ах намынхан хариулт өгсөнгүй. Шийдсэн ганц асуудал нь “төрийн албыг зарж, наймаалцах утгатай 60 тэрбумын бичлэг эвлүүлэг учраас Ц.Сандуй буруугүй”. Харин энэ шийдэл МАН-ын нэр нөлөө бүхий эрхмүүдийн уур, дургүйцлийг төрүүлж, тэднийг дуугаргаж эхэллээ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш яригдаж буй 60 тэрбумын бичлэгийн талаар МАН-ынхан эвлүүлэг гэхээс өөрөөр дуугараагүй өнөөг хүрсэн. Харин одоо энэ тухай дотроосоо дуугарч эхэлсэн нь нэг талаар намын зөрчлийг харуулж буй. Худал хуурмагийнхаа төлөө ард түмнээр аль хэдийнэ дүнгээ тавиулсан учраас нэр гутаагчдаас салахыг хүсэгчид энэ намд олон бий болжээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Шулуун шударга, хүссэн нэгнээ загнадаг зантай Ц.Нямдорж энэ удаа намынхандаа чамгүй хүчтэй жавтий хүртээлээ. Түүний Удирдах зөвлөлдөө хэлсэн үг төдий үнэд хүрээгүй ч нийгэмд хүчтэй нөлөө үзүүлнэ.
Ц.Нямдорж 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, намаар ч, ард түмнээр ч тоглохоо боль, одоо хангалттай гэсэн утгатай ярилцлагыг TV25 телевизэд өгчээ. Тэрбээр “60 тэрбумын асуудал ярьсныхаа төлөө зайлах ёстой, улс төрийн наад захын асуудал. Энэ бол М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар гэх гурван хүний асуудал. Одоо болно, зогс” хэмээн шударга үнэний төлөө цаашид ч дуугаргана гэв. Мөн тэрбээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг хариуцлагаа ухамсарлаж, суудлаа чөлөөлөх ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлэв.
МАН-ынхан фракцийн тухай төдийлөн ил ярьдаггүй. Харин энэ удаа МАН дотор М.Энхболдын гэх бүлэглэл бугшиж буйг Ах нараар яриулахгүйгээр ард түмэн харж байна. Тэнд хэн хэн байгааг түвэггүйхэн мэдэж болно. Удирдах зөвлөлийн хуралд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг хэмээн гүрийж, Ц.Сандуйг суудалд нь үлдээсэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гэхчлэнгээр цааш үргэлжилнэ. Намд зөрчил бий болгож, илчлэгдсэн муу муухайгаа дарсаар байгаа тэднийг байх ёстой байранд нь аваачихын төлөө явна гэдгээ Ц.Нямдорж хэлнэ лээ. Бүр Ц.Сандуйг хөөх ёстой гэв.
Хувь хүний хувьд Ц.Нямдорж шударгаар үзэл бодлоо илэрхийллээ гэж харж болно. Харин улстөрчийн хувьд түүнийг аль талд гарсныг анзаарах хэрэгтэй. Тэр М.Энхболд, Ж.Эрдэнэбат тэргүүтэй намын удирдлагын талд бус намаа цэвэрлэнэ, шударга үнэний төлөө явна гэсэн У.Хүрэлсүхийн ард зогслоо. Ц.Нямдоржийн үг, үзэл У.Хүрэлсүхэд их хүч өгөх нь ойлгомжтой.
Ялагдлын хүнд цохилтоос гарч чадахгүй суудалдаа шигдсээр байгаа М.Энхболдыг буулгах нь бараг тодорхой болов. Мөн түүний өв залгамжлагчаар нэрлэгдсэн Ж.Эрдэнэбат ч хариуцлагын гадна үлдэхгүй. Тэгвэл дараагийн намын дарга бөгөөд Ерөнхий сайд хэн бэ. Боломжит хувилбараар У.Хүрэлсүх яригдаж байгаа ч түүний ардах хэн нэгэн эрхэм өөрөө залрахыг ч үгүйсгэх аргагүй.
В.Бат