Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, мөшгисөн гэх Ч.Батболдыг өнгөрсөн пүрэв гаригт баривчилж, ажлын сүүлийн өдөр хуралдсан шүүх яллагдагчаар татав. Түүнийг хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх хэргээр нэг сар цагдан хорьж, шалгахаар болсон юм. Хуулийн байгууллагын энэ шийдвэрийг Ч.Батболдын өмгөөлөгч болоод У.Хүрэлсүхийн талынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэргийн цорын ганц гэрчийг барьж, хуулийн байгууллага эрх мэдэлтэнд үйлчилсэн гэх үндэлслэлээр У.Хүрэлсүхийн болоод Ч.Батболдын өмгөөлөгчид ерөнхий шүүгчид хандахаа мэдэгдээд буй. Хэргийн процесс хуулийнхан болоод хоёр талд илүү хамаатай. Харин олон нийтэд золиос гэх үгийн утга. Улс төрийн хүрээний томоохон сонголт бүрт нэг гэмгүй гэмтэн золиослогддог уу. Эсвэл залуус золиослогдох дуртай болоо юу гэх эргэлзээ олон нийтэд бий.
Хамгийн сүүлд Ч.Батболдын эхнэр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ нөхрөө эрх мэдэлтнүүдийг золиос болох вий гэдгээс айж байгаагаа ярьсан. Үнэхээр түүнийг МАН-ын эрх мэдэлтнүүд дундаа хавчуулж, золиосонд гаргах гээд байна уу. Эсвэл Ч.Батболд өөрөө мөнгөний төлөө хэн нэгнийг шантаажлав уу. Одоо бол эрх баригч МАН-ын ялагдагч удирдлагуудад хариуцлага тооцож, шинэ даргыг сонгох чухал сонголтын үе. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлж яригдсан У.Хүрэлсүхийг тагнаж, мөшгисөн гэх асуудал яагаад энэ сонголтын өмнө өндрөө авав?
Харин үүнээс өмнө буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Г.Доржзодов гэгч гол дүр гэнэт гарч ирсэн. Тэрбээр МАН-ын 60 тэрбумын бичлэгийг сонгуулийн үеэр задалж, багагүй шуугианыг тарьсан. УИХ-ын гишүүн асаны гэрт толгой хоргодож, цонхны цаанаас намайг улс төрийн золиос болгох гээд байна хэмээн золиос уу, золиосонд дурлагч уу гэх шилийг олон нийтэд долоолгосон. Мөн “Надтай ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзаж нэг сая доллар амалсан” хэмээн мэдэгдэж, томоохон мөнгөний асуудлыг нийтэд дэлгэсэн. Харин үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Доржзодов надаас нэг сая доллар нэхэж, Австралийн виз долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаардсан” хэмээн хариу барьж, нарийн учир мэдэхгүй олныг төөрөгдүүлсэн. Мөн л АН,МАН-ынхан Г.Доржзодовыг золиослов уу. Өөрөөр Г.Доржзодовт сая долларын сонирхол байв уу гэдгийн учир тайлагдаагүй, асуудал намжсан. УИХ, орон нутгийн сонгуулийн дараа яригдсан 60 тэрбумын бичлэг Ерөнхийлөгчийг сонгох эгзэгтэй цаг үед гарч ирсэн нь мөн л сонирхол татах асуудал.
Энэ жишээнүүдээс ялгагдахгүй бас нэг хэрүүл нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн гэх хэрэг. 29 насандаа төрийн түшээ болж, энэ парламентын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдсэн Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн эсэхийг хэлэх боломжгүй. Учир нь мөн л золиос яригдаж буй асуудал. Хүчиндүүлсэн бүсгүйн эгч Ч.Саранзаяа, өмгөөлөгч М.Ичинноровтой хамтран хэд хэдэн удаа мэдээлэл хийж, дүү нь болоод нэр хүнд нь золиос болж буй учраас Д.Гантулгыг хэзээ ч зүгээр орхихгүйгээ мэдэгдээд буй. Мөн Д.Гантулга тэдний амыг таглахын тулд 500 сая төгрөг амласан ч татгалзсан тухайгаа дэлгэсэн. Харин хэргийн эзэн Д.Гантулга “намайг улс төрийн бүлэглэл хүчиндэж байна” хэмээн Төрийн ордонд нэлээн сүржин мэдэгдэл хийсэн ч тусыг олоогүй. Харин ч Төрийн ордонд дотуур хувцасны хэрүүл хийсэн буруутан болж, гишүүний суудал нь дэнжигнэж эхэлсэн. Энд мөн л асуулт. Түүний хэлдгээр Д.Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчиндэж, гол дүрээр нь эгч дүүсийг сонгов уу. Харин эгч дүүст төгрөгөөр бус доллараар тооцоо хийх сонирхол байв уу. Эсвэл Д.Гантулга үнэхээр хүчин хийчихээд хэргээ хаацайлахыг оролдсоор байна уу.
Олон олон асуулт ургуулан гаргаж болох энэ асуудлууд хэд хэдэн талаараа адилхан. Тухайлбал энэ хэрэг явдлуудад бүгдэд нь золиос яригдсан. Улстөрчид томилгооны томоохон сонголтын өмнө ирэхдээ олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд золиос гаргадаг байж болох. Зохион байгуулалттай тактикийн энэ золиос бүхнээрээ дэнжин тавьдаг. Нөгөө талаас нь бол залуус хялбар аргаар мөнгө олох сонирхолтой. Улс төрийн хүрээнд хөөрхөн тоглолт хийж, аль нэг талтай нь тохиролцож, мөнгөтэй болоод таг чиг болдог.
Төстэй өөр нэг асуудал нь мөнгөний асуудал. Г.Доржзодов гэхэд сая доллар нэхсэн, нэхүүлсэн гэх тоотой. Харин Ч.Саранзаяа нар 500 сая төгрөгийн мөнгөн дүнтэй. Одоогоор Ч.Баттулгад мөнгөний асуудал яригдаагүй. Магадгүй маргааш мөнгө нэхсэн гээд хэн нэгэн гараад ирж ч болох.
Өөр нэг адил шинж нь энэ хэргүүдийг хуулийнхан тоодоггүй. Хохирогчид гэх залуус хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргалаа тоохгүй, шалгахгүй байна гэж байнга гомдоллодог. Г.Доржзодов, Ч.Саранзаяа нар ч энэ тухай ярьсан. У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх Ц.Баасандорж ч хуулийнхан эрх мэдэлтэнд үйлчиллээ хэмээн хэвлэлээр гомдлын үгээ дайсан. Хэсэг хугацаанд цагдаа, АТГ, прокурорынхон хоорондоо цаас шидэлцэж байгаад л орхичихдог. Магадгүй холбогдогч нар тохиролцчихдог учраас хуулийнхан үр дүнгүй, илүү ажил хийхийг хүсдэггүй биз.
Золиос, мөнгө яригдсан хэргүүд улс төрийн сонголт бүрийн өмнө гарч ирээд дараа нь таг чиг болдог зуршил тогтож. Улс төр нь залуусаараа наадаж байна уу, залуус нь улс төрөөс ашиг хонжоо хайж байна уу гэдгийг хэрэгт холбогдогч нар л хэлнэ. Харин олон нийт зоос, золиос хоёр хамтдаа яригдахад үнэн мөн улам бүдгэрдгийг харж байна.
В.Бат