ОУВС-гийн төлөөлөл Монголд хэрэгжиж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтээ дүгнээд явлаа.
Гурван жилийн хугацаатай хэрэгжих, улирал тутам үнэлгээ хийгдэх тус хөтөлбөрийн эхний үе шатны үнэлгээг хийх ОУВС-гийн Ажлын хэсэг энэ оны 7 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийв.
К.Матай: Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч К.Матай мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч, ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна. Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтанд байлгасны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биелж гарлаа. Давж биелсэн орлогын дүнгийн тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр, зээллэгийн хэмжээг бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотой юм. Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэгдсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхлээд байна. Банкны системийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Активын чанарын үнэлгээг удахгүй эхлүүлнэ гэжээ.
Хөтөлбөрийн хүрээнд эрхзүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах ажил хийгдэж, зохицуулалт, хяналтын шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа юм. Мөн төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явагдаж байгаа. Цаашдаа төсвийн зөвлөлийг байгуулах аж.
Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүүхдийн мөнгийг 40 хувь нь бус 60 хувь нь эргүүлэн олгож эхэлсэн. Энэ тал дээр ОУВС гэрээнд тусгагдсан байр суурин дээрээ хэвээр байгаа аж. Учир нь “Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн” гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Эдийн засгаа сэргээх замд орсноор хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгож байна
ОУВС-гийн төлөөллийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хүлээн авч уулзсан. Тэд уулзалтын үеэр төр, засгийн тэргүүнүүдэд эдийн засаг сэргэсэн гэж тайвшрах болоогүй гэдгийг онцолсон байна. Тухайлбал, Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч, эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг онцолсон байна лээ. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгаа талаар дурджээ.
Хүүхдийн мөнгө халамж биш хүн амаа өсгөх бодлого
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа нэг бүтээгдэхүүн, нэг, зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулжээ. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдсан байна. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцолжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн байна.
Ямартай ч эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээн дээр ажлын хэсгийн түвшинд тохиролцжээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулж батлуулснаар хүчин төгөлдөр болох юм. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ оны есдүгээр сарын сүүлээр хуралдаж, эхний шатны энэхүү үнэлгээг эцэслэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр манайд дараагийн санхүүжилт болох 37.82 сая ам. доллар орж ирэх юм.
Н.Энхлэн