Үндэсний их баяр наадмын дараагаар аймаг, сумын наадам, тэгш ойн арга хэмжээ үргэлжилж байна.
Үүнтэй зэрэгцээд улс орон даяар явагдаж байгаа томоохон хэлэлцүүлэг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангажээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын тавныг хүртэл хэлэлцүүлэг өрнөнө. Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэдийн төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлэг аймаг, сум, баг гэсэн гурван шаттайгаар хэлэлцүүлэг явагдах юм. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн нутгийн төлөөллийн байгууллага бүрэн хамрагдах бөгөөд Засгийн газрын төлөөлөл бүрэн хяналт тавьж, УИХ-ын Тамгын газар хуулийн төслийн талаарх ном товхимыг хэвлүүлж, сургагч багш бэлтгэх, зохион байгуулагчийг нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцаж байгаа юм байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдээс олон санал ирж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байна. Иргэдэд хэлэлцүүлэг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэжээ. УИХ-ын Тамгын газраас найман баг гарч, орон нутагт бүсчилсэн байдлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн бэлтгэл ажил хангагджээ.
Гэхдээ хэлэлцүүлгүүд зөвхөн баг, сумын төвд явагдсанаар хязгаарлагдахгүй юм байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн төслийг бүхий л үе шатанд тасралтгүй үргэлжлэх аж.
Түүнчлэн сошиалаар Үндсэн хуульд мэдээлэл авах журмыг боловсруулж байгаа гэнэ. Хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх, оролцогчдын үндэс угсаа, боловсролын тэнцвэртэй харьцааг хангах зэргийг зарчмыг ажлын хэсэг баримтлах аж.
Иргэд биечлэн оролцож, амаар болон бичгээр саналаа өгч болно. Мөн орон нутгийн төлөөллийн байгууллага болох Засаг даргын Тамгын газарт саналаа өгч болох юм. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шуудангаар саналаа илгээж болох гэнэ. Ингэхдээ хэвлэлийн дугтуй, санал өгөх хуудсыг шуудангуудад өгөх юм байна. Цаашлаад цахимаар саналаа өгөх эрх нь нээлттэй юм. Хэлэлцүүлгийн үеэр төсөл зохион байгуулагчаас асуулт асууж, хариулт авна, харин бусад хуулийн төслөөр хэлэлцэхгүй аж.
Хэлэлцүүлгийн дэгийг журамд нарийн зааж өгчээ. Хэлэлцүүлгийн нийт хугацаа, асуулт асуух, санал хэлэх хугацааг тогтоох юм байна. Хэлэлцүүлэгт оролцогчид бүдүүлэг үг хэрэглэх, хөлөө дэвслэх, бусдыг доромжлох, хашгирах, бусдыг үгээ хэлэхэд саад учруулах, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ дээрх үйлдлийг хийвэл хэлэлцүүлгийн танхимаас гаргах юм байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Ийнхүү хэлэлцүүлэг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ны хооронд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, наймдугаар сарын 7-21-д Ховд, Баян-Өлгий, Увс, Төв, Өвөрхангай, Өмнөговьд, наймдугаар сарын 4-27-нд Булган, Архангай, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт тус тус бүсчилсэн хэлбэрээр явагдана.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоорой, иргэд ээ.
Н.Энхлэн