Сонгуулийн ирц тун хангалтгүй. 70 хувь хүрсэн газар тун бага. Мөн хар машин хөөрхий, хардлагаас бараг бүрэн ангижирлаа. Энэ хоёр гол тэмдэглэлийг бусад сонгуультай харьцуулахад гэдэг малгайн дор оруулчихаж болох. Харин санал өгсөн байдал нь цочмоор дохиог намуудад илгээв.
Ганц орой шийд нь гарч, шууд сонгуульдаа орсон С.Ганбаатар нийт санал өгсөн сонгогчдын 3/1-ийг авч чадлаа. МАН-ын нэр дэвшигчийн хувьд бүх сонгуулийн түүхэнд хамгийн их тэвдсэн сонгууль нь болсон. Бараг л итгэлтэй ялдаг М.Энхболд дарга урьд шөнө сонгуулийн дүн мэдээлэгдэх явцад анх удаа тэвдэж үзсэн байх.
Өмнөө явсан С.Ганбааг үүр үүрээр нэхсээр өчүүхэн хувиар буюу мянга гаран хүнээр барьсан дүнтэй нойроо авч болохоор болжээ. Жижиг тойрогт яг ийм аргаар ялдаг. Хоцорч яваад замдаа “саатсан” хэсэг хорооны мэдээ, зөөврийн хайрцагны ”ид шид” -ээр ялчихдаг. Чин үнэн бол төрийн тэргүүний сонгуулийн том тойрогт гуравхан хувийн илүүгээр хоёрт гарна гэдэг далайсан илдтэй гар халтирсантай адил АЗ.
Сонгууль талаас нь харах юм бол МАН-ын ПиАрч-дын балбах ба хэт долигносон нялзгай авир барил нь мөрөөрөө ялчих нэр дэвшигчийн нэр хүндийг ихээр унагаасан харагдана. Улс төрийн талаасаа бол намууд дорвитойхон шинэчлэгдэж чадахгүй бол одоо ямар ч гоё маск, үнэтэй сурталчилгаа зүүснээрээ ард түмний эгдүүг хүргэхээс цаашгүй, итгэл алдарч буйг санууллаа.
АН намтай хариуцлага тооцсон хөрсөн дээр 2016 оны сонгуульд ялсан МАН амлалтдаа хүрэх хэрэгтэй хатуу сануулгыг авлаа. Сонгууль тосож бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт тэтгэвэр нэмэгдэл, хишиг буян өгч, гэр хорооллын орон сууцжуулат, хороолол шинэ замын хичнээн их “гоё” мэдээллээр тууз хайчлав. Нийслэл хот бараг 18 хоногт хөгжлийнхөө оргилд хүрчих шахам юм болсон. Нөгөө талд амьдрал нь пад хараараа суудаг зүүн баруун захын гэр хорооллын сонгогчид МАН-ыг байя гэтэл нь хашрааж, саналын багцаараа Х.Баттулгад илт давуу байдлыг олгов. Захын хорооллоо штабууд маш их аргадаж, бараг манаж хоноод байхад л саналаа АН-ын нэр дэвшигчид өгчихөж байна. Урьд ядуу дээр нь өлгөж, мөнгө тараагаад авдаг байсан халаасны 25 хувь нь одоо “гонж” болсныг санууллаа.
С.Баттулга нэр дэвшигчийн хувьд ч мөн адил 2016 оны сонгуулийн яг эсрэг тусгал дээр буюу МАН-д хариуцлага сануулах гэсэн фонн дээр шууд гарчих шахав.
Хэрвээ ирц 80 хувиа давсан бол юу ч болж мэдэх байлаа. С.Ганбаатар нь хөөж гүйцэхээргүй холдож 20 мянгаар илүүрхэн тасраад явчих байсан биз. Үгүй дээ тэр эрчээрээ Х.Баттулга 50+1 саналаа бараг авчихаар эргэсэн байлаа.
Энэ сонгуулийн эхний шатанд Монгол ч ялсангүй, Эв нэгдлийн тунхаг ч ялсангүй. Харин өөр гарц хайж, цөхөрч байгаагаа сонгогчид илэрхийллээ. Өөр зам дээрээ ирээд харин саналаа нэгтгэж чадсангүй, хоёр хуваагдсанаар дундуур нь М.Энхболд нэр дэвшигч үлдлээ.
Дахин санал хураалтын 7.2 тэрбум намуудад бол бага мөнгө. Нэг нэр дэвшигч нь зөвхөн гуравхан аймагт өгөх ухуулагч нарын цалин урамшуулалд гээд тэрбумыг зүгээр л зайрмаг шиг ачаад явж байсан. Энэ зургаараа бол 21 аймагт 10 тэрбум энүүхэнд байгаа ба МАН, АН-д мөнгө бол удаах асуудал байгааг энэ явдал харуулсан. Харин төсөвт бол 7.2 тэрбум том мөнгө. Гэхдээ төрийн тэргүүнийг гаргах энэ сонголтын зөв, буруу 7 тэрбумаас илүүтэй “юм” үзүүлнэ.
Энэ өдрүүдэд сонгогчдын санаа бодлыг хаанаа алдчихав гэж намуудын хар ПиАр-чид шаналах хэрэггүй л дээ. Энэ бол хэлбэрдсэн ардчилал төгсгөлдөө ирж буйг л харуулсан үйл явцийн нэг үргэлжлэл. МАН дотор тал руугаа нэг сайн өнгийж, тэрбумтан түшээд, зулгуй дарга нартаа хазаар чөдөр тараахгүй бол олон нийт өөрсдөө сонгуулиар хариуцлага тооцчих бололтой. Мөнгө, эрх мэдэл, сүрт рекламаар ааглаж барахгүй чөлөөт сонголт гарт нь байгаа гэдгийг бүх иргэдийн тал хувь 1.5 сая сонгогчид хэлж өглөө. Сошиалын хар дайнаар ялахгүйг харлаа. Хамгийн харамсалтай нь сонголт ард түмний Монгол холч ухаанд ч бус, олонтаа хууртагдсан уур ундууцал, бухимдал дээр хийгдэж байгааг Х. Баттулга нэр дэвшигчийн багцалсан саналаас дүгнэж болохоор.
С.Ганбаатарын хувьд гуравдагч хүчнийг хөл дээр нь босгож, ялалтын тавцангийн хоёрт зогсоож чадлаа. Мухардалд өөр гарц байгааг, мөнгөгүй ч ялж болохыг иргэдийнхээ бодит дэмжлэг 3/1 хувийн сонголтоор баталгаажууллаа. Үнэнийг хэлэхэд урьд шөнө үүр хаяартал цэнхэр дэлгэцийнхээ өмнө өндөлзөж суухдаа“ Хүүш Ганбаа... хоёроор гарчихлаа ” гэж ард түмэн нь хүлээн зөвшөөрсөн шүү.
Одоо С.Ганбаатар ба Н.Энхбаярын баг М.Энхболд нарын талтай гар атгалт хийгдэх эсэхээс дахин санал хураалтын олон гогцоо тайлагдана.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/