Хонхны дуутай ардчиллын ялалтыг тунхагласан миний он жилүүдээс хойш 27 жил өнгөрчээ. Монгол хөгжсөн байна. Зам барилга нэмэгджээ. Гудамж хороолол шигүү давчуу болж. Бараг хүн бүр машин унадаг болж, явган яваа нэгнийгээ ядуу гэж гоочилдог болжээ. Агаар бохир, уух ус арайл гашуун болсон мэт санагдаж байна.
Жагсаалын оройд явсан ардчиллын олон залуусын санчигт буурал сор татсан байна. Хахир хүйтэнд Сүхийн талбай дээрээ тэмцэж явсан залуус бүгдээрээ ордон руу нүүжээ. Бүгд шахам элэг бүтэн байгаа нь сайхан. Ардчиллын ахмадууд минь олбог хөнжилтэй, тансаг хэрэглээтэй орд харшид амьдардаг болсон нь бүүр ч сайшаалтай. Ард түмэн нь харин яасан их ядуураа вэ.
Шинэ үндсэн хуулиа баталж, эрх зүйт төрийг тунхаглаж парламентад засаглалыг сонгосноор миний он цаг Монголын түүхэнд бахархал дүүрэн үлдсэн. Гэвч тэр үед тээж үлдсэн төсөөлөл минь энэ цагт эсрэгээрээ болж нийгэм, төр улс тань танигдахааргүй өөрчлөгджээ.
Агаар ус чинь төртэйгээ ямар их булингартай вэ. Бүгдээрээ баяжина, баялгийн эзэд болно гэж уухайлж явсан 90-д оны идэр залуус танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Яагаад гэж өөрөөсөө асуулаа. Надаар түүчээлэн цааш өгссөн он жилүүдийг чинь цэгнэж нэг харлаа. Баялаг тань эх хэвлийдээ байхад ч та нар ийм ядуу байгаагүй ээ. Эрдэнэтээ олз мэт булаалдахын цаана Оюутолгой зэсийн их орд чинь харийн хүний гарт оржээ. Танай улстөрчид баялагаа ухахдаа газар шороогоо зарчихсан юм биш үү... Уул талаа сэндийчүүлж, ус мөрөн ширгэсэн байна. Энд юу болоовэ!!! Цагаан морин жилд миний он цаг дээр тунхагласан ардчиллын замаасаа танай төр хазайсан байна.
Анхны их хуралд та нар бүх салбарыг мэдэж хошуу дүрж суудаг "супер” элчийг гаргах эрэлд мордож байгаагүй. Төр түших оюунлаг мэргэн эх орончдын нөөц та нарт хангалттай байсан. Үе үеийн эрдэм мэдлэгтэй залгамж үеэр улс төрчид чанаржиж байх учиртай. Энэ нөөц өнгөрөх он цагт шавхагдаж, төрийн эрх мэдэл миний үеийн улстөрчдийн гэр бүл, бүлэглэлийн өмч болжээ. Зарчимтай, хариуцлагатай байх гэсэн нэгнийгээ танай улс төр ямар балчиг торуулдаг болчихоо вэ... С. Зориг энд алга... амь үрэгдсэн гэнэ.
Энэ удаад монголчууд төрийн тэргүүн, Ерөнхийлөгчөө сонгох тул харах өнцөг мөн том байх биз. Сайн муу хүн, надад талаагддаг таалагддаггүй гэх хувийн үзэл дүгнэлтээ давж улс гэрийг авч явах, шудрага ёс тогтоох Ерөнхийлөгч гаргана гэдэг аль ч цагт том үүрэг.
Энэ цаг үе бол бүүрч чухал.Улс орон даяар чинь “энд удаан зогсож болохгүй” гэсэн анхааруулга асчихсан байгааг сануулья. Иймд цаг үешинэ Ерөнхийлөгчөөс хараат бус зоригтой,шийдэмгий үйл ажиллагааг шаардах байх.
Миний он цагт гарч ирсэн улстөрчдийн эрхэмлэх зүйл нь үнэхээр “эх орон” гээд байгаа ч ялзарсан тогтолцоондоо өөрийнхөөрөө зогсох боломжгүй торонд орцгоосон байна. Эх орон, түүний цөм тусгаар тогтнол, эрх чөлөөт ард түмний эрх ашгийг чин үнэнээр барих гэсэн хэнд чулстөр,эдийнзасгийндарамт нөлөө бодитой үйлчилсэн дорой нийгэм болж хувирчээ.
Ийм цаг үед өөрийнхөөрөө тууштай байх мөнчанартай, нийтлэг эрх ашгийн төлөө зогсож чадах шалгуурыг шинээр тодрох Ерөнхийлөгч дээр туйлын харах хэрэгтэй болж. Нийтийн эрх ашгийн төлөө бусдыгаа итгүүлж, зөвшилцөл ойлголцолд дагуулж чадах хол ч ухаантай удирдагч хэрэгтэй харагдана. Яг миний үеийн С.Зориг шиг эрх ашгийг зөв эрэмбэлдэг, улстөрчийн ухаантай...
Өөрөө “Супер” улстөрчөө харуулах бус төрийн хэрэгт сэргэдгийг бодох ухаарах, засаглалын хямралын оношыг зөв тавьж, хяналтын тогтолцоог бүрдүүлж чадах тийм улстөрч нийгмийн захиалгад том зай эзэлсэн байгааг энэ цаг үе тань надад хуучилж сууна. Ийм нөхцөлд шинэ Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амьд холбоотой байж, бие даан ажиллаж засаглалын хямралыг зогсоох “АЗ” та нарт тохиож болно.АЗ-ыг сохор тохиол биш сонголт болгох боломж Монголын ард түмний гарт одоо ч байна.
"Туйлын эх оронч бай, өөрийгөө үлбод” гэсэн миний өмнөх он жилүүд шиг өндөр шаардлагыг төр баригч нартаа тавихаа больжээ, та нар минь.Эрх тэгш ёсыг дээдэлж, нийтийн эрх ашигт захирагдаж, улс орноо 4 жилээр биш ядаж дөчин жилийн зургаар хөгжүүлээд өгөөч гэж улстөрчдөөс та бүхэн хүсдэг байсан. Одоо бүр дор орж ядахдаа шудрага ёсыг үнэртүүлж, намын сүүдэрт орсон засаглалыг хянаад өгөөч гэж Ерөнхийлөгчөөсөө гүйдаг болсон байна. Ард түмэн гуйдаггүй юм. Энэ гуйлтаа шаардлага болгон сонголтоо хийцгээх цаг үе ирсэнийг онцольё.
Ёс зүйг дээдэлдэг байх, шударга голч, тодорхой салбарыг төлөөлөх мэдлэгтэй, зарчимтай, нээлттэй... гээд хурдан мориныхоошинж шиг туйлын төгс улстөрчийн шалгуурыг нэг хүнээс хайх нь аль ч цаг үед бол муйхарлал. Улс орон, иргэдээ гэсэн туйлын эрх ашгаар мэдлэг туршлагаа шавхан ажиллах, танигдахаа байсан парламентийн засаглалд төрийн хяналт тогтоохыг тав дахь Ерөнхийлөгчөөс чимээлэх нь ард түмний хүлээлт болжээ.
Энэ сонгууль дээрта бүхэн алдах эрхгүй болсон байна. Үүнийг бараг сонгууль бүрийн урьд өдөр хэлцгээж харагддаг. Гэвч зүрх сэтгэлдээ туйлын ухаарлаар хэлдэггүй юм байна.
Мөнгөн борооны урамшуулал, цалин тэтгэврийн нэмэлт, хишиг хувь тараалт төдийхөнд хууртаж ирсэнийхээ төлбөрт барж идэхгүй мөнгөтэй, асар хүчтэй бүлэглэлийн дарангуйлалд та нар орсон байна. Үүний нотолгоо гэнэ сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногтоо задаргаа, дэлгэрэнгүй тайлантай нь би харлаа. Товчдоо бол цагаан морин жил миний мэдэх улс төрчид танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, та бүхэн 25 жилийн хууртсан сонголтоороо мафийн засаглал тогтох хөрсийг бэлдэж өгчээ гэж цөхөрмөөр байна.
Миний он цагаас хойш эгнээгээ тэлж буй дүр эсгэсэн ардчиллын элч нар, нэр барьсан “Эх орончид”-ын цувааг таслах л ёстой цаг үе тулж иржээ. Хэлсэндээ хүрч, хараат бус үйл ажиллагаагаа явуулж чадах тиймЕрөнхийлөгчийн захиалгыг энэ цаг чинь үе ард түмэндээ зөвлөж байгааг анхааран тольдоорой.
Танай улс төрчид, төр баригч нар эрх ашгийн эрэмб дарааллыг алдаж, өөрсдөө эмчлэхэд хэт оройтсон хорт хавдрын үүр болсон байна. Өрөм дотроосоо өтвөл аюултай гэсэн өвгөдийн үгийн цаад утга Монголын одоогийн улс төрчид,бүлэглэлүүд, олигарх нарт бүх утгаараа таарч байна. Эрхэм дээд зорилгоо алдаж, сүүн сэтгэлт ард түмнийхээ саналыг хуураад, худалдаад авчихаж болно гэж итгэсээр буйболардчиллын алтан үе, цагаанморин жилийнх шигээ ард нийтээрээ “ҮГҮЙ ШҮҮ“ гэж хэлэх цаг иржээ.
Нийгэм улс оронд болон хувь хүн, гэр бүлд нь тулгарсан нөхцөл байдлыг зааглан харж, жалга нүх битүүлж, цэцэрлэг сургууль барих амлалтаар бус төрийг засч, улсыг авч явах хүн гэдэг сонгодог утгаар нь шинэ Ерөнхийлөгчөө харах цаг болсон байна.
Үндсэн хуулийн минь өөрчлөлтийн хүрээнд хүрсэн хямрал, улс төрийн намын хаанчилсан, тогтолцоог задалж, жинхэнэ эрхзүйт төрийг цэгцлэх эрмэлзэлтэй ба үүнийг хийж чадах зөв хүнээ ШУУД сонгох цагаан морин жилийнх шиг боломжийг сонгогч таны гарт урьдын адил ганцхан өдөр өгнө. Энэ бол урьд урьдынхаас хатуу анхаарах түүхэн гэж болох сонголт шүү гэж энэ сонгуулийн үнэ цэнийг нь тодотгомоор байна.
Дээр тоочсон нэн төвөгтэй байдал, хур өр тээсэн энэ нийгмээ яаралтай өөрчлөх болсон ирээдүй цагийн тань сануулгыг дамжуулж, ШУУД сонгох Ерөнхийлөгчөө туйлшраагүй, намчирхаагүй өнцгөөс, хэний ч ятгалаг нөлөөлөлгүй нэрлэх ард түмнийхээ бүрэн эрхийг хүндэтгэв.
Хийморлог Монголын ард түмэндээ зочилж, 27 жилийн хоймороос захидал илгээсэн 1990 оны Цагаан морин жил.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/