2009 он. 06 сар . Баасан гарагийн орой....
“Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон....” Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хёны сүүлчийн гэрээслэл байлаа.
Солонгосын ерөнхийлөгч Ру Му Хёны амиа хорлох болсон талаар эх сурвалжууд 6 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгтэй түлхүү холбон бичсэн байдаг. Манайхан 3 дахь Ерөнхийлөгчөө тодруулах сонгуультай зэрэгцэн энэ хэрэг явдал болж байсан гэдгийг онцлоод энэ үедээ ирцгээе.
Одоо Солонгосын бас нэгэн Ерөнхийлөгч нь авлигын хэрэгт нэр татагдаж, ард түмний шаардлагаар огцорч шүүх хуралд оролцсоор байна. Азийн нэг бар орны хэн гэдэг ерөнхийлөгч, яагаад огцрох болсон ба амиа егүүтгэх болсон шалтгаан бүр өөр боловч огцруулж чадаж байгаад л гол асуудал байгаа юм. Үүнд л Солонгосын ардчиллын том дархлаа оршиж байна. Ард түмэн нь тэмцэгч төдийгүй хууль нь шударга ёсны үйлчлэлтэй байна.
Манай улсын Ерөнхийлөгчийн дөрвөн сонгуулийн мөчлөгт ийм бичээс азаар байхгүй. Эзээр ч байж мэднэ. Учир нь манай Ерөнхийлөгч нарыг тойрсон Но-той, Ноц-той мэдээ олон байдаг ч хариуцлага тооцох алхам бүр нэн хурдан замхарч ирэв. Харин тав дахь Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн ганцхан нь амалсандаа хүрэхгүй бол тэр даруй огцорно гэлээ. С.Ганбаатарын сүүлийн 7 хоногт идэвхжүүлсэн ард түмэнтэйгээ байгуулах гэрээгээ дуудан унших үед “ Хэрэв би ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү гэрээг бүхэлд нь, эсхүл аль нэгэн зүйлийг нь үл хэрэгжүүлэх аваас албан тушаалаасаа шууд огцорно гэдгээ үүгээр батлан илэрхийлж байна ... гэсэн өгүүлбэрт олон нийт уухайлан алга ташихыг харж суулаа.
Уран сайхан үг, зохиомжоор хахсан том амлалт өгөөд зуларч оддог түшээдийг буцаагаад татаж авч чаддаггүй. Ерөнхийлөгч бол бүүр ч цаашаа. Гарсан бол бандан тас, амлалт мөрийн хөтөлбөр нь шинэ мянганы үлгэр болоход хариуцлага нэхэх ямар ч баримт ард түмэнд байдаггүй .Энэ удаад Ганбааг ялсаныхаа дараа амлалтаа огоорвол энэ гэрээг нь бариад 21 аймгаас жагсаалын цуваа хөдөлж болох нь. Мэдээж ийм гэрээгээр огцорчих боломжийг хуульчлах том ажил цаана нь байгаа.
Энэ нь нэг нэр дэвшигчийн санаачилга боловч өргөн агуулгаараа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд суух ёстой үзэл санаа юм. Ялсан ерөнхийлөгч хэн ч байлаа үүнийг хийх түүхэн үүргийг хүлээж байгаа гэхэд дөвийлгөсөн болохгүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хар утаа хиншүү дотроос энэхүү ард түмэнтэй байгуулах гэрээ шинэ жишиг болж үлдээсэй.
Эцэст нь шинэ ерөнхийлөгч хэн байхын цаана Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ард түмний гол ” таашаал” юу байх ёстой вэ гэдгээ сонгуулийн штаб даргалагч нар эртхэн харчих хэрэгтэй байсан. Ерөнхийлөгч намаа дэмжигч, хамтрагч байх ёстой юу. Хяналтыг дангаар тогтоогч байх ёстой юу. Аюулгүй байдал, гадаад бодлогын гол чигийг заагч мөн гээд явцуурах уу. Шүүх, прокуроруудыг томилох онцгой эрхийг нь Ерөнхийлөгч гэсэн ганц субьектэд хадгалаад байх нь зөв үү. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа нь зөв үү. Ерөнхийлөгчийн таашаал гажихад шүүх засаглалын үйлчлэл хүч хавсраад байгаа сэжиг улс төрийн хүрээнээс хальсан. Үүнийг хэлэлцэж ярих ёстой асуудал гэдгийг хууль баригчид хэлсээр байгаа. Эцэст нь энэ бүх эрх мэдлийн хүрээний зөрчлийг Ард түмэн ойлгохоо байж эргэлзсэн.
Ерөнхийлөгч тусгаар улсын бэлгэ тэмдэг төдийхөн бус хууль шүүхийг зөв залсанаар шударга ёс, эрх тэгш байдлыг хангах чухал үүрэгтэй. Үүний тусгал нь шударга нийгэм. Эрх тэгш боломж. Үүнийг хангаж ардчиллыг завхруулахгүй байлгах эрх мэдэл бүхий ганц цайз нь Ерөнхийлөгч болох нь гарцаагүй юм. Гэвч энэ бүхний цаана засаглал хуваах нэг инстүүцийн томилгоог Ерөнхийлөгч дангаар гартаа атгасан байдал нь өөрөө хувийн явцуу тоглолт хийгээд байх цоорхой гаргаж өгснийг харуулах жишээ хур их боллоо. Дөрөв дэх Ерөнхийлөгч улиран сонгогдож эрх мэдлээ хэрэгжүүлсэн он цаг, улстөрчдийн холбогдсон хэрэг явдлууд үүнийг харуулсан.
Үүнд үнэн худлыг дэнсэлж буй мянга мянган шүүгчдийг буруутгахаас илүүтэй тэднийг энэ уяанд оруулж буй гогцоог анхааран ярих нь бодитой гарц руу хөтлөх биз. Үүн дээр хавсарсан нэг гажуудал бол хууль тогтоох болон хэрэгжүүлэх гол хоёр инстүүцээ ялсан нам дангаараа атгадаг жишиг тогтоод байна. Үүнийг анхааруулан засаж, чиглүүлж байх гол үүрэгтэй оролцогч нь Ерөнхийлөгч. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль хүссэн хүндээ үйлчлэх, эс үйлчлэх гол тоглогч нь Ерөнхийлөгч ганцаараа болчихоод байдаг. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч байх тангарагтай Ерөнхийлөгч өөрийнхөө хүсэл сонирхол, нэг бол зүтгүүлсэн намынхаа сонирхлыг хадгалагч байж болохгүй гэдгийг хэлдэг боловч хэрэгжүүлэх нь “онигоо ” болсоор.
Үүнд ямар дүгнэлт, шийдэлтэй байгаагаа нэр дэвшигчид халз мэтгэлцээн дээр хэлбэл зохилтой. Нийгмийн бүлгүүдээ тусгайлан нэрлэж , онцлон онцлон халамжлаад байх мөрийн хөтөлбөр дэх агуулгаар бол нэр дэвшигчид бүгд өнөөх муулаад байдаг ПОП шинжээ хадгалж байна. Ийм амлалтад шартсан нийгмээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэмж хөөсрүүлээд хэрэггүй.
Харин улстөрчдийн болоод өөрийн тань худал амлалтын төлөө хариуцлага нэхэх ямар шинэ хаалгыг ард түмэндээ нээж өгөхөө тодорхой хэлэх хэрэгтэй.
Гадныхан, тухайлбал Солонгосын Ерөнхийлөгч нар тангаргаа зөрчиж, амлалтдаа хүрээгүй бол огцорч, өөрийгөө шийтгэж, амьдарлаас хагацаж чадаж байна. Манайхан тэгэхэд эрх баригчид хулхидаад байхаар нь татаад авчихмаар байдаг ч хэзээ ч бүтэхгүй зүйл гэдэгтээ эвлэрчихсэн өдий хүрлээ.
ШУДАРГА ЁС. ХЯНАЛТТАЙ ТӨР. ХУУЛЬ ХЭРЭГЖИЛТ . Үүн дээр нэмэгдээд байгаа гол шалгуур бол эрх баригч нартай сонгуулиас өөр байдлаар, хугацаанаас өмнө хариуцлага тооцох, буцаан татах гарц. Энэ бол тав дахь Ерөнхийлөгчөөс хүлээж буй ард түмний гол ТААШААЛ. Харин тав дахь Ерөнхийлөгч болох таны ТААШААЛ үүнтэй хэр нийцэж байгаа вэ. Юугаараа нөгөө хоёроосоо ялгарах юм бэ ... ? Нэр дэвшигчид хариулах хэрэгтэй.
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /