Ганцхан удаа тохиох халз мэтгэлцээнтэй, 18 хоногийн сурталчилгаатай, 90 минутын бичлэгийн дуулиантай, оффшорчдынхоо ам бүлийг нэмсэн сонинтой сонгууль өндөрлөх тал руугаа оров. Гурван сая хүн амтай, уудам баян нутагтай тусгаар улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаа гэхэд даанч жижгэрлээ. Гарц шийдэл, хөтөлбөр зорилт өчүүхэн зүйл болж, жалга довны сонгууль мэт талцаа хэрүүл үлдээж, хаалтын тууз руугаа ирж байгаа энэ сонгуулийн харамслыг олон нийт янз бүрээр илэрхийлж байна.
“Дайны сүүдэр” гэж байдаг тухай олон зохиол, тууж бий. Буу бариад тулалдах цэргийн ард сүү өргөөд үлдсэн аав ээжүүд, эгэл ардын сэтгэлийн шарх, ялалтын төлөө үүрэх ачааны тухай энэ сүүдэр дор багтаан өгүүлдэг. Энэ удаагийн “Сонгуулийн сүүдэр” сүү өргөн төрөө дээдэлж, шинэ дээлээрээ гоёж саналаа өгөх ардынхаа төрдөө итгэх итгэлийг хумсалж, эрх баригч нарынхаа шударга бусыг зэвүүцэх үзлийг улам сэдрээлээ. Үнэхээр их идээ бээртэй болсон улстөрчдийнхөө идсэн уусан завшсан тоог амандаа арай гэж багтааж, буруу гараар орсон мөнгөн дүнгүүдийнх нь тайлан ил боллоо. Хэдхэн сонгуулийн өртөөнд гаргасан тэдний хар мөрүүдийг нь эвлүүлэгтэй ч үзлээ, яг таг байгаагаар нь ч харлаа.
Сурталчилгааны гэсэн гоё нэртэй ч бие биесээ тас хараар будах 18 хоногийн ард “Ямар их юм хулгайлсан юм бэ дээ, эд нар” гэсэн сүүлийн ганц дүгнэлттэй сонгогчид төрийнхөө тооныг өргөх хүнийг сонгох сонголтод тулж ирлээ.
Сонгуулийн хууль ч гэж солгой гараараа хийсэн мэт алдаа хий ихтэй хярамцаг байгааг харууллаа. Унтуулдаггүй шөнийн шоу, шавхагддаггүй мөнгөний урсгалыг хязгаарласан олон дэвшлийг шинэ хууль авчирсан ч нэр дэвшигч нарын тэнцвэртэй өрсөлдөх боломжийг хязгаарлажээ.
Мөнгөтэй хүчтэй, эрх мэдэлтэй нь дийлэхэд тун амархан цаг хугацааны бооминд ард түмнээс ганц санал хураалтаар шууд сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц бохирдож гүйцлээ. Сурталчилгааны 18 хоногт тэрбумыг гаргаад зурагтаар хар, цагаан юмаа цацаж амжиж байгаа ч 21 аймгийнхаа сонгогчдод хүрч мөрийн хөтөлбөр, зорилго санаагаа таниулахад хаанаа ч үгүй давчууг бид харлаа.
Том шүү дээ, манай газар нутаг. Хэрвээ цаашид энэ 18 хоногийг хуулинд хэвээр хадгална гэвэл сошиалын урсгалыг хуулиар хязгаарлаж, халз мэтгэлцээнийг хуульчлах нь зөв бололтой. Аймаг нэгж бүрт нэг сценаритай уулзалтыг хийж, нэг хэвийн амлалт уриалгад иргэдээ уйдааж, түүнийгээ сүрт уулзалт болгон харуулахаар баахан мөнгө шатааж байна. Энэ мөнгөний ядаж талыг халз мэтгэлцээнд гамгүй хаячихвал ард түмэн нэр дэвшигчдийг тэнцүү нөхцөлд харьцуулан дэнслэх өргөн боломж нээгдэх байлаа.
Хэрвээ халз мэтгэлцээн гурваас доошгүй удаа хуулийн хүрээнд зарлагдаж, тэр нь нэр дэвшигчдийн зайлшгүй үүрэг болчихсон байсан бол Х. Баттулга орно, болилоо орохгүй гэж соногчдоо шоглохгүй байсан. Наад зах нь зарлагдсан мэтгэлцээнийг үл хүндлэн тасалдуулбал зурагт радио, сонин хэвлэлийн сурталчилгаанд худлаа сурталчилгаа хийж зарцуулсан мөнгийг хуулийн дагуу төлөх хариуцлага хүлээх байсан. Халз мэтгэлцээн 90 минутаар 3 удаа болоход 270 минут. Нэр дэвшигчид 15 хоног хөдөө давхихдаа хооллож ундалдаг цагаасаа 10 минут хэмнээд байхад гаргачих цаг. Телевиз хэвлэлээр бие биенээ харлуулахад зориулж цацсан төлбөртэй нэвтрүүлгийн мөнгө нэг тэрбум хүрчихээд байна. Ийм мөнгө хэдэн цэцэрлэг барих вэ гэдгийг манайхан тооцохдоо сурмаг болсон. Үүний оронд зүгээр л мэтгэлцээн хийгээд чоно уу, хонь уу, нэг бол удирдагч уу гэдгээ харуулах хоёр удаагийн боломжийг нэг нэр дэвшигч, түүний штаб өөрийн дураар “cancel” болгочихож чадаж байна. Дараагийн сонгуулиар халз мэтгэлцээнийг хуульчилья.
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /