Саяхны нэг өдөр автобусны цонхоор бодлоо тэнүүлж, таавар тухалж суутал хөдсөн дээлтэй хөдөөний гэмээр өвөө автобусанд орж ирэхэд нь суудал тавьж өгсөн юм. Тэгсэн өвөө талархсан сэтгэлээ илэрхийлээд, дээлнийхээ өврийг уудлав. Өврөөсөө жижигхэн торгон алчууранд нандигнан боосон бор хэтэвчээ гаргаж ирээд хуруу зүсчихэм зуугийн дэвсгэрт гаргаж надад өглөө. Нэг их тус үзүүлсэн биш гэж нэрэлхсэн дээ авахгүй гэмээр байвч өвөө хайрлаж, хадгалж явсан хамгийн эрхэм зүйлээ надад өгч, мөнгөтэйгээ сэтгэлээ хүртэл хамт өгчих шиг санагдаж билээ. Автобуснаас буугаад “Өвөөгийн өгсөн зуун төгрөгөөр юу авах вэ” гэж бодлоо. Ширхэг бохь л авах мөнгө. Харин өвөө “Төрийн минь сүлд өршөө” гэж амандаа шивнээд надад барьсан юм.
Манайхан хэзээнээс л энэ өвөө шиг улсынхаа мөнгөн дэвсгэртийг бурханыхаа өмнө залж, өглөө оройдоо залбирч, цайны дээжээ өргөн хүндэтгэж ирсэн ард түмэн. Аав ээж минь ч бидэнд “Мөнгөөр тоглож, урж, хаяж болохгүй” гэж сургаж өсгөсөн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн зүй бус хэрэглээний улмаас чанаргүй, дахин ашиглах боломжгүй мөнгөн дэвсгэртийн тоо нэмэгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд нэг төгрөгөөс 20 мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэрт ашиглагдаж байна. Монгол Улс 1995 онд 5 000 болон 10 000-ын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан бол 2006 онд буюу хамгийн сүүлд 20 000 төгрөгийн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүлжээ.
Эдгээрээс хамгийн урт насалсан буюу элэгдэл багатай нь 20 000-ын дэвсгэрт аж. Энэ дэвсгэрт 2.6-5.6 жил “насалдаг” байна. Тэгвэл 100, 500, 1000-тын дэвсгэртүүд устгалд түлхүү ордог бөгөөд хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт аж. Эдгээр дэвсгэртийн хэрэгцээ өндөр байдгаас элэгдэлтийн хугацаа шалтгаалдаг байж болох ч 10,20,50,100,1000-тын дэвсгэрт жил ирэх тусам үнэ цэнэгүйдэж буй нь нөлөөлдөг болохыг албаныхан хэлсэн.
Учир нь худалдаа хийгээд 10-20 төгрөгийн хариултаа авч буй хүн цөөн үзэгддэг болж. Хариултаа авдаггүй болохоор арав, хорин төгрөгийг өгөх гэдэг худалдагч ч цөөрч, энэ дэвсгэртүүд бараг гүйлгээнээс хасагдах шахаад байна.
Амттай юмны мөнгө нэхсэн дүүдээ 2 ширхэг 20 төгрөг өгөхөд “Наад усны мөнгөөр чинь би яахав дээ” гэж билээ. Модтой чихэр ч аваад идчихэж хүрэхгүй нь үнэн ч 20 ширхэг хорьтын дэвсгэрт цуглуулбал 400 төгрөг, 200 ширхэг нь дөрвөн мянган төгрөг болно гэдгийг ойлгуулж, мөнгөн дэвсгэртээ хайрлаж сургах шаардлага тулгараад байна. Тэгж гэмээнэ 20 төгрөг, 20 мянган төгрөг ч гэлтгүй төрийн сүлдтэй мөнгөн дэвсгэрт дээр зураг зурж, захиа бичиж болохгүй гэдгийг тэд ойлгоно. Багачууд гэлтгүй томчууд ч могой, боодол мөнгөний зургийг “Бурзай бурзай” хэмээн фэйсбүүк хуудастаа нийтэлсний оронд үндэсний мөнгөн дэвсгэртээ хайрлаж гамнах нь хүсээд буй их мөнгөний үндэс болох учиртай гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Мөнгөний үнэ цэнийг унагаж, хайхрамжгүй хандаж буйн бас нэг жишээ бол жижиг дүнтэй дэвсгэртүүдийн худалдан авах үндсэн үүргийг алдагдуулж, шашны зан үйлд зориулах болсон явдал юм. Лус савдаг тайтгаруулах гэж суварга овоонд 10-20-тын дэвсгэртийг өргөн муйхарлах болж. Төгрөг бол Монгол Улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын бэлгэдэл гэж сонсч өссөнөөс биш лус савдаг тайтгаруулдаг гэж хэзээ хэнээс өвлөсөн сүсэг бишрэл юм бүү мэд.
Могойн зураг шэйрлэхийн оронд монгол төгрөгөө хайрлая
Монгол банкны мөнгөн тэмдэгтийн мэдээллийн сангаас мөнгөний насжилтыг тогтоодог. Хөгжсөн орнуудад мөнгөн дэвсгэртийн насжилт 5-8 жил зарим тохиолдолд 10-12 жил байна. Харин манай улсад төгрөгийн дундаж насжилт 3.8 жил байгаа нь бид мөнгөтэй хэрхэн зүй бас харьцдаг болохыг харж болохоор юм. Устгалд орж буй ихэнхи мөнгөн тэмдэгт бохирдлоос шалтгаалсан байдаг аж.
Монголчууд “ноён ногоон”-д туйлын дуртай мөртлөө улсынхаа төгрөгт хайргүйн жишээг өнгөрсөн хавар автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас гарч ирсэн уранхай, тасархай мөнгөнүүд гэрчлээд өгсөн. Хайран мөнгө гэж халагламаар, уйлдаг бол уйлахаар болсон халтар төгрөгүүд гарч ирснийг бид нүдээрээ харсан.
Чингис хаанаар овоглох дуртай хэр нь хааныхаа хоёр нүдний голоор хайчилж зүрхлэх нь магадгүй монголчууд л байх. Яахав автобусны жолооч, өөр бусдыг өнөөдөр уранхай эсвэл канондсан мөнгөөр хуураад өнгөрч болох ч эргээд мөнгөн тэмдэгтийн насжилт богиносч буй нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, төлсөн татварын мөнгө шинэ дэвсгэрт хэвлэх, үйлдвэрлэх, үйл ажиллагааны зардалд зарцуулагдаж байгааг ухаарах нь чухал байна.
Бидэнд их, бага гэлтгүй мөнгөн дэвсгэртийг ижил түвшинд үнэлэх жаахан ухамсар л дутаад байх шиг. Ерөөс амархан л даа. 20 ч бай 200 ч бай хариултаа авч сураад, түүнийгээ түрүүвчинд хадгалаад сурчихад л мөнгөний насжилт уртасахад хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
Г.Тэгшсүрэн