Гурван ч удаа нэр дэвшигчдийн рейтингийг харуулсан албан ёсны судалгааны дүн зарлагдаад байгаа. Харин хоорондоо хол зөрүүтэй жинхэнэ сонгогчдын мэдрэлээр наадсан дүнг намууд төлөөлөн зарласаар байна.
“Инфра Тест” судалгааны байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг танилцууллаа. Уг рейтингийн судалгааг 3501 хүнээс түүврийн аргаар авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 94 хувь нь сонгуульд оролцоно гэсэн бол 18 хувь нь хэнд өгөхөө шийдээгүй байгаа хэмээн хариулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн улс даяарх рейтингийг судлахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 35.8 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 30.1 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 15.2 хувийн рейтингтэй гарсан гэжээ.
Мөн “Смарт” төвөөс гаргасан судалгаа олон нийтийг бүр эргэлзээтэй болгож байна. Энэ судалгаагаар М.Энхболд 28.5 хувьтай, Х.Баттулга, С.Ганбаатар нар 39:33 буюу зургаан хувийн зөрүүтэй явж байгаа үзүүлэлт гарсан гэжээ.
Нөгөө талд нь АН-ын О.Магнай халз мэтгэлцээнээс "зугтсан" талаараа тайлбар хийхдээ өөрийн нэр дэвшигчийг тэргүүлж яваа ба мөн л 30 гарсан хувьтай гэж мэдээлсэн.
Энэ бүх зөрүүтэй мэдээллүүд хөндлөнгийн хараат бус судалгааны байгууллага хэрэгтэйг харуулна. Судалгааны байгууллагыг намууд ямар шалгуураар хэрхэн сонгож, нөхдүүд ямар үнэ ханш хэлж , бас хэр үнэн бодит түүвэр дүн гаргасныг хэндээ хянуулж харгалзуулж байдгийг нэг мэдээлмээр байгаа юм.
Энэхүү захиалагчийнхаа талыг харсан мэт дүн зарлаад байгаа судалгааны багийнхны дунд хөвж яваа нэг үнэн бол сонгогчдын бараг тал нь буюу 33.8 хувь нь сонголтоо хийгээгүй буюу гурван нөхрийг өөрсдийг нь судалсаар ажигласаар байгаа гэдэг тоо. Өнгөрсөн долоо хоногийн МАН, АН-ын ширүүхэн нүдэлдээнд зарим нэг шийдсэн байсан сонгогчид ч эргэлзэхээр үр дүн гарсан байх. Цонхны цаанаас үгээ хэлэх Доржзодовын нуугдалт жоохон хуурамч ба мэдэгдэл нь маш зөрчилтэй байсан нь 60 тэрбумаар МАН-ыг хардаж байсан талынханд бараг эерэг хандлага төрүүлэхээр өрнөсөн. Энэ сэдэв дээр хоёр нам хоёул хяналтаа алдаж, бараг ил заамдалцаад биеэ барьцгаасан.
Доржзодовыг ч хэвлэлээр сайн “зодож” байна. Улс төрийн тоглоомонд дүрээ олохгүй яваа боловч “Эх оронч “ гэж өргөмжлүүлэх гээд байхаар нь эгдүү хүрч нуувчнаасаа гараад ир гэж би ч бас нэг чимхээд л авсан. Доржзодовын асуудал зогсоолдоо хүрсэн байх. Түүнийг сонгуульд ашиглах том хөзөр болгосон боловч эхнээсээ энэ асуудлыг улс төржүүлсэн буюу нэг намын эсрэг факт, цаашлаад шантааж болгосон байдлаар харагдуулаад байгаа болохоор олон нийт төдийлөн өмгөөлөл хайрын нүүрээ харуулахгүй байх шиг. Төрийн эргэлтийн хэмжээнд ноцтой баримт дурдагдаад байгаа 60 тэрбумын асуудал энэ сонгууль дууссан ч заавал эцэслэгдэх ёстой. Тэгэхгүй бол 2020 оны сонгуульд III анги нь үргэлжилнэ гэдэг нь тодорхой. Энэ удаад бол оффшорт нэр тодорсон Х.Баттулга нэр дэвшигч, 60 тэрбумаар М.Энхболдыгаа доош нь татчих гээд байгаа МАН хоёрын ПиАрчид яг адилхан эрсдэл хийснээ дүгнэж буй гэж найдья.
Х.Баттулгын хувьд маш зөв хамгаалалт ба дайралт хийж, тууштай үзэж байгаа ч халз мэтгэлцээнээс хоёронтоо бултаж өнөө хоёроо хошгируулж хот руу гаргачихаад өөрөө баруун хязгаар руу замаа хөөсөн нь захын хүнд ч жудаггүй хулхи харагдуулсан, том ухралт хийлээ. Хал мэтгэлцээний тов тулж маргааш болно хэмээн ТВ- ээр явуулсан сурталчилгаанд багагүй мөнгө урссан л байх. Мэтгэлцээн маргааш шүү гэж ид шуугиж байхад С.Ганбаатар хотод ирсэн ба өнөө хоёр нь тус тусын замыг хөөн баруун тийш довтолгож явсан нь “сэжигтэй”. МАН-ын нэр дэвшигч мэтгэлцээн цуцлагдсанд харамсаж байгаагаа зам зууртаа сошиал сүлжээнд мэдэгдсэн ба бултаагүй гэдгээ үүгээр харууллаа гэж тооцсон байх. АН-ын нэр дэвшигчийн хувьд эхнээсээ болохгүй байхыг нь сайн мэдэж байсан тул нийслэлээс улам баруун тийш дүүлж явжээ. Үүн дээр МАН, АН-ын хоёроо бодвол нэн ядуу ба бараг явган шахуу яваа С.Ганбаа хөөрхий мэтгэлцээнд орлоо гэж хот руу буцаж давхисаар хамгийн их цагийн давчууд орж байгаа бололтой.
Нэр дэвшигчид гурвуулаа эх орны баруун хязгаарыг тулж эргээд байгаа. Энэ сонгуулийн тухайд элдэв зураг багатай байгаа тул уулзалтын мэдээ үйлдвэрлэгчид бэрх байгаа бололтой. Хөдөө аймгуудын иргэд маань бүх нэр дэвшигчдэд тал алдахгүй тактик барьсан мэт харагдахаар, бас л толгой эргэм мэдээллүүд хөвөрнө. Баян-Өлгийнхөн гурван нэр дэвшигчдэд гурвууланд нь бүргэдийн зориг хайрласан ба гурвууланг нь гаргана гэж яг таг амласан талаар штабууд нь уралдан мэдээлж байна. Харин Завханы Тосонцэнгэлийнхэн жоохон даруухандаж, М.Энхболдыг дэмжинэ гэдгээ ил хэлж чадалгүй Д.Оюунхорол сайдаар хэлүүлсэн зэрэг уулзалтын мэдээнүүд уран үгсийг шавхсаар байна.
Хуурайшилт хэвээрээ... Бороо оруулчихаж мэдэх тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу дуусахад ТАВ хоног үлдлээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /