Манай дүр эсгэсэн, утгаа алдсан ардчиллын 25 жилийн ард нийгэмд үнэт зүйл гэж үгүй болсон нь энэ сонгуулийн өдрүүдэд харагдаж байгааг эхэнд онцолмоор.
Гал гарсан шөнийн өглөөнөөс сонгуулийн галыг асаасан ганц өдрийн үйл явдлын өрнөл үүнийг харуулж байна. Доржзодов гэдэг нэг залууг хоёулаа зодчих гээд байгаа ч юм шиг. Бас хоёулаа хамгаалаад байгаа ч юм шиг . Хамгаалах гээд булаацалдаад байгаа нь аав ээжээс нь илүүтэй улс төрийн хоёр НАМ шүү дээ. Ард түмнээ ингэж булаацалдан өмгөөлдөг болоосой гэж ундууцах найзын зөв л дөө.
Ц.Оюунгэрэл / гишүүн асан/ хатагтайн тодотгоод байгаагаар эх оронч хүү Доржзодов одоо сонгуулийн хар тойрогт гол тоглоом болчихлоо. Улс төрийн бохир тоглоомд биеэ барьж чадалгүй орсон энэ залууг хүнийх нь хувьд эрсдлийг нь ойлгож байгаа. Гэхдээ Эх оронч гэхэд үнэндээ хэл эвлэхгүй нь ээ. Их энгийн шүү дээ. Анхны Долоогийн нэг нь Орост хандсан нууц захидлаа бариад Гамингийн штабын үүдээр эргэлдээд байгаагүй л байхгүй юу. Суурь хонь, отго жинсээр тэмцлээ худалдах гэж явсан бол тэднийг өнөөдөр ард түмэн жигших байлаа. Хоёр талд тултал үнэ хаясаар сая долларт хөнгөхөн үнэлэгдээд байгаа 60 тэрбумыг эвлүүлэг биш гэдгийг одоогоор хэн ч эцэслээгүй. Мөн худлаа гэдгийг ч МАН нотлоогүй байна. Хоёр талд мөнгө нэхэж, наймаа тохироо үсэргэж явсаар цонхны цаанаас ханшаа зарлаад байгаа Доржзодов гэдэг энэ залууг Эх оронч гэж дуудан, өвгөдийн минь ясыг өндөлзүүлэхээ болио гэж хэлмээр байна.
Эх оронч нар ингэж нуугддаггүй. Хэлмэгдүүлэлтийн үед хэнээс ч айхгүй үгээ хэлж, бууны аман дээр амь гүйгаагүй мянга мянган зоригт эрсийн дурсгал Төрийн ордны баруун талд ганц хөшөөтэй үлдсэн ч ард түмэн нь үүрд дурсан хүндэлдэг тул сүнс нь амар нойрсож буй. Тэд мөнгө аархсан энэ цагт байсан ч “би үгээ буцаж, видео бичүүлье” гээд НАМ хэсээд явахааргүй ястай, жудагтай Монгол эрчүүд байсан.
Доржзодовт тавих ганц асуулт байгаа юм. Хэрвээ энэ бичлэг үнэхээр бодитой хийгдсэн бол эх орны тусгаар тогтнолд маш ноцтой зүйл яригдаж байхад яах гээд сонгууль хүлээгээд дараад байсан юм бол доо. Бичлэгээ бас хэсэгчилж эвлүүлээд халааслаад явж байсан бололтой. Эхэлж ард түмэндээ зарлачихаад аргагүйдэж зугтаад эхэлсэн бол ардууд ч, Америкууд ч ёстой булаацалдаад хамгаалах байсан. Эх орондоо төдийгүй гэр бүл, нэр төрд нь халдахад ч тэвчихгүй шууд дуугардаг, булхай луйврыг ард түмэндээ зарлаад босоод ирдэг тийм эрийг Эх оронч гэнэ. Жинхэнэ эх оронч ханш яриад, нуувчинд хэвтээд байдаггүй. Намайг ал, Үнэн ялаг гээд зогсдог байсан. Тийм энгийн эх орончдын нэг “үлдэгдэл” С.Ганбаатар нь хандивын хайрцаг аялуулж, цугласан мөнгөөр нь сонгуулиа урагшлуулж байгааг ч энд хэлчихье.
Энэ тойргийн мэдээллүүд дунд Доржзодовын овгийг тавихгүйгээр бичиж буйг уншигчид анзаарсан байх. Учир нь түүнийг Болд гэж нэртэй байсан гэж бас яригдаж байна. Нэр нүүрээ сольсон тагнуул байдаг. Харин тийм ядсан Эх оронч байгаагүй. Хэлж буй мэдэгдэл хийж ирсэн үйлдлүүдийг нь харахад 60 тэрбумын гэх бичлэгээ мань эр ямар ч байсан үнэлсэн ба панз үсэргэсэн байна. Хэрвээ эвлүүлэг гээд хэлчихвэл хэрэгт орохоо тооцоолоод зарах нь зөв гэж шийджээ гэж ойлгогдохоор мэдэгдлийг цонхны цаанаас хийж байна. Аз болоход сонгууль тулсан тул торны цаанаас биш айлын цонхны цаанаас. Тэр айлынх нь эзэгтэй хөдөө аймгаас, намынхаа сонгуулийн штабаас “би нууж байсан” гэж мэдэгдэж байна. Энэ бүхнийг улс төрийн тоглоом болж байна гэж үзэхээс өөрөөр юу гэж харах вэ. Үүнийг Эх орончийн тэмцэл гэж олны эгдүулийг хүргэх хэрэггүй.
Сонгуулийн хамгийн том хөзрийг Доржзодовын нүүрэн дээр барьчихаад байгаа энэ цагт гар дээр нь ганц цэрвүү үсрэхэд 60 тэрбумынхан хордуулчихлаа гэж зарлах алхамыг олж харсан МАН нүүрээ ширлэж байгаад цагдаагаар мануулж авчээ. Эрхзүйн хувьд процесс талаасаа энэ нь хэр зөв дараалалтай болохыг хуульчид хэлэх биз. Тоот хэрэг үүсч байж гэрч болж хамгаалдагдах ёстой гэсэн Ц.Оюунгэрэл гишүүний зөв ч байх. Харин чин зоригт эх орончдынхоо талаас хэлэхэд больж үз гэж шуудхан хэлье. 60 тэрбумын тухайд бол хуулийнхан шалгаж мухарлаад ташаагүй үнэнийг ард түмэнд хэлээд өгөх хэрэгтэй байна.
Сонгуулийн хэрүүл онцгой ба +40 зааж байна. Юун эвтэй, найртай Монгол. Үнэнийг хайж цөхөрч төөрөлдөж, хуваагдаж дууслаа энэ ард түмэн чинь ...
Пүрэвжавын Баярхүү / тоймч /