Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа долоо дахь хоногтоо орж, дүгнэлт судалгаа хийдэг дээрээ ирээд байгаа. Сурталчилгааны багууд багаа хуулж, сошиалыг халааж бие биенээ зөөлхөн чихмсээр байна. Ерөнхийдөө өнгөрсөн өдрүүдэд сурталчилгаа уулзалтууд жигдэрч МАН, АН хоёр талынхан том сэдвүүдээрээ бие биедээ тулж ажилаллаа.
Том сэдвүүдийн үргэлжлэл ...
УИХ-аар Монголбанкны шалгалтын дүнг хэлэлцэн эцэслэж, тогтоол баталлаа. Агуулга нь зөрчил алдаа гаргаж улс оронд их хэмжээний хохирол учруулсан байж болох нөхдүүдэд хариуцлага тооцуулах тухай. Ингэснээр Х.Баттулга нэр дэвшигч төмөр замын асуудал дээрээ нэмээд нэг “НО”- той асуудлаар шалгагдаж болзошгүй байдал бий боллоо. Түүний хувьд сонгуулийнхан хэллэгээр бол баллуурдах буюу өөрийн нэр холбогдоод буй мөнгө төгрөгийн асуудлуудад тодорхой хариулт өгөх ажлаа эрчимжүүлэх шаардлага гарч буй бололтой. Цензургүй багийнхан 4 жилд зорьж очоогүй төмөр замаа эргэж тойрч нэвтрүүлэг бэлджээ. Төмөр замын далан баригдсан. Цааш явах байсан ч тухайн үеийн төр засгаас төмөр замд мөнгийг нь өгдөггүй байсан гэж учирлалаа. Тэгээд яарахын эрхэнд мөнгө босгож эхэлсэн гэсэн ерөнхий учирлалын доор нэвтрүүлэг бэлтгэгджээ. Гэвч төмөр замын асуудал бол манай эмзэг сэдэв төдийгүй хууль хяналтынхан шалгаад тоот хавтаст хэрэг нь нэлээн зузаарсан. Зарим сэжигтнүүд нь гадаадад оргон бултсан зэрэг ээдрээ ихтэй тул тийм амархан цагаан цаас болчихгүй бололтой.
Төмөр замын асуудлууд ингэсгээд хүлээлтэд орох хандлагатай байтал нэр дэвшигч Х.Баттулгын оффшор данс ил болсон тухай мэдээлэл гарлаа. Эдийн засагч, банкир Ч.Ганхуяг энэ талаар мэдсэн талаараа телевизээр хэвлэлээр мэдээлж, сошиалынханд шайр хийв. Дэлхийн толгой баячууд сая саяар нь доллараа нуусан оффшор бүсийн мэдээллийг харууллаа. Энэ дунд “Энглийш”-ээр галиглаад мэссэж биччихдэг захын хүн ч гаргаад уншчихаар “Х.Баттулга “гэсэн нэр тов тод харагдана.
Одоогоор энэ олон сая доллар ямар учиртай нэр дээр нь байршчихсан байгаа талаар Х. Баттулга нэр дэвшигчийн зүгээс албан ёсны тайлбар хийсэн зүйл болоогүй тул олон нийтийн эргэлзээ хүлээлтийн багцад байна. Харин Х.Баттулга хэнийг ялах гээд байгаа талаараа хэлсэн үгэндээ тодотгож эхэлсэн нь сайшаалтай. Ямар ч байсан Монгол Монголтойгоо байлдах гээгүй. Эдийн засгийг буруу тогтолцоотой нь байлдах гээд буй санааг хэллээ. Харин МАН-ын нэр дэвшигчийг хятад гаралтай гэх утгатай ПиАрынхаа эрчийг сошиалд сулруулсан харагдлаа. Олон нийт ийм сэдвээс нь 100 хувь уйдсан ба ноён Ерөнхийлөгч та юу өөрчлөх хүн бэ гэж мөрийн хөтөлбөрийг нь эргүүлсэн шиг сууцгааж байгааг мэдэрсэн ч байж магадгүй.
С.Ганбаатар нэр дэвшигч хүчтэй өрсөлдөгч төдийгүй, сурталчилгааны мөнгө, санхүү сул байгаа нь илт харагдаж эхэлж байна. Харин хоёр томын гол фонн болоод буй хэн хэн нь буруутай гэж бие биенээ үгүйсгэх хар цагаан дайны дундуур хэлүүлэх гүтгүүлэх балуурдах юмгүй гар цэвэр, зам цагаан тул, уулзалт сурталчилгаандаа зүтгэж оноогоо нэмсээр байгаа гэж найдья.
Мөрийн хөтөлбөрүүдэд “ ДҮН ” тавьсан нь ...
Хэлж буй утга санаа, гол чиглэлүүдэд томьёолсон тодорхойлсон байдлаараа бол М.Энхболд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хэний ч анхааралд тусч буйг хүлээн зөвшөөрнө. Яллаа гэхэд ганцхан Монголынхоо төлөө зүтгэх эцсийн зорилго нэг тул нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт гол чиглэлүүд дээр адил төстэй зорилт шийдлийг илэрхийлсэн байх нь тодорхой Харин манай телевизүүд мөрийн хөтөлбөрийн харьцуулалт гэж юмыг тойм хөтөлбөрөөрөө ичихгүй хийж байгааг энд ярихгүй орхимооргүй. Гол хүснэгтүүдэд гурван баганад хувааж байгаад харьцуулаад ярьж байх юм. Өгүүлбэрийнх нь тоог харуулах гэсэн мэт. Яаж ч харсан хөтөлбөрт М.Энхболд нэр дэвшигчийнх илүү олон багц өгүүлбэртэй . Мэдээж тэр бүрийн ард Монголын тав дахь Ерөнхийлөгчийн баримтлах чиглэл, гол үзэл санаа буусан байх. Гэхдээ сэтгүүлч өөрийн үзэл бодлоор харьцуулан дүгнэлт хийх эрхгүй. Харин ялзраад байгаа засаг төрийг хяналттай, тусгаар тогтнолын баталгаатай, тодорхой хөгжлийн чиг баримжаатай авч явахад үзэл баримтлал нь юугаараа өөр байна гэдгийг сонгогчид харьцуулж байгаа.
Энэ эрхийг нь сонгогчдод 100 хувь үлдээх ёстой. Зарим мэдээний тоймч нарын мөрийн хөтөлбөр дээр өгч буй мэдээллийг хар үгээр буулгавал энэ нь юмтай юм, энэ юу ч үгүй юм гэж хэлж буй мэт харьцуулалтыг хэлж сууна. Мөрийн хөтөлбөрт өгөх дүн зөвхөн соногчдын эрхийн асуудал. Нэр дэвшигч гол таван санаа зорилтоо нэг үзэл баримтлал, суурь зарчимд багтаасан байж болно. Зарим нэгийг нь Ерөнхийлөгчийн харьяалж оролцох асуудал биш гээд орхисон байж болно. Ийм илэрхий зүйл дээр шалгалтын материал засаж багш мэт тэр энэ хэсэг нь хоосон, онгорхой юм байна гэж эфирт дүүрэн хүснэгтлэн харуулж, хар цагаанаар чагтлах нь буруу. Жоохон цаашилбал хууль зөрчсөн болно. Гол сувгууд нэр дэвшичг С. Ганбаатарын мөрийн хөтөлбөр дээр яг ийм хандлага харьцуулалтаар харуулсан нь тун ч ёс зүйгүй харагдлаа. Хоёрыг нь товойлгож байгаад нэгийг нь ядмаг л харагдуулах гээд байх шиг. Хэрвээ үнэхээр мөрийн хөтөлбөрүүдэд анализ дүгнэлт хийх гэж байгаа бол үүнийг өөр түвшинд, олон нийтинй хэлэлцүүлгийн хэмжээнд нээлттэй явуулж болох.
Мэтгэлцээн яг болох уу, Шударга болох уу
Энэ асуулт нээлттэй ба энэ сонгуулийн дүн гарахын өмнөх том хүлээлт болоод байна. АН-ын хүсэлтээр хойшилсон бололтой гэж хоёр нам айлын хүмүүст ойлгуулжээ. Ямар ч байсан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд манай гурав гэрийн хойморт тань зэрэгцээд зогсож байх болно гэж зохион байгуулагчид амалж байна. Мэтгэлцээн гол нь шударга болох ёстой гэдэг дээр санал нийлж байгаа. Энэ нь эфирт үзэлцэх өгөгдсөн цагийн хэмжээнд ч бус зохион байгуулалт бэлтгэлийн хувьд ч нээлттэй, шилэн байж нэр дэвшигч бүрийн эрхийг хүндэлж эрсдлийг нь тооцох ёстой.
Телевизүүдийн холбооноос өгч буй мэдээлээс харахад олон нийтээс нэр дэвшигч бүр дээр асуулт авч буй байдал их сонин харагдлаа. 1950 лавлах утсаар иргэд асуултаа “сэмхэн” өгөөд буй бололтой. Нэг мэдсэн асуултууд овоорон нэр дэвшигч бүр дээр багцлагдаад байгаа юм байна. Яг санал авах хуудаст нэр дэвшигчдийн нэр байршсан дарааллыг мөрдсөн мэт. М.Энхболд / МАН/ дээр хамгийн олон асуулт ирсэн бол Х.Батуллга /АН / -д удаах тооны асуулт, тэгээд үлдэх илт цөөн асуултууд С.Ганбаатар /МАХН/ нэр дэвшигчид хаяглагдсан гэж байна маш тодорхой тоо тоочин зарлаж байна. Энэ мэт нэгийг нь товойлгож нөгөөг нь дарсан мэт харагдах чимхээг харуулаад байвал шууд мэтгэлцээний хүлээлт талаар болж сайхан “халтуур” болох талтай. Энэ удаа шууд мэтцгэлцээн санал хураалтаас нэлээн өмнө болох тул эхний мэтгэлцээний ард хар цагаан будгаа цацах сошиалын баг гараа үрж байгааг ч нэр дэвшигчид тооцож л байгаа байх.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /