Цаг бол алт гэдэг үгийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхэм, тэдний сонгуулийн штабынхан хамгийн ихээр мэдэрсэн өдрүүд үргэлжилж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр яг долоо дахь өдрөө үргэлжилж байгаа ч нэр дэвшигчид хэд хэдэн аймаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалтаа хийгээд амжлаа. Гэхдээ л 18 хоногийн сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн гороолон сонгогчидтой уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэдэг “чанга” асуудал. Тиймээс ч техникийн хурдыг ашиглан нисдэг тэрэг хөлөглөн яаран довтолгож байгаа билээ.
Сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд морин цагт нээсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд шууд л Дорнод руу хүлгийн жолоо залж, гурван цагийн дараа тус аймгийн иргэдтэй уулзалт хийгээд явж байсан бол АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн нээлтээ Дорноговиос эхлүүлсэн бол, харин МАХН-наас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар Сүхбаатарын талбайгаас нээлтээ хийж, Дархан-Уул аймгийг зорьсон юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчид нийслэлд ажиллалаа. Ажлын цагаар гэр нь ихэвчлэнгүй эзэнгүй байдаг нийслэлчүүдтэй амралтын өдрүүдэд уулзалт товлох нь тактик барьсан бололтой.
Сонгогчдын тухайд нэр дэвшигчдийн уулзалтад очиж, үгийг нь сонссон хэсэг л хэн ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг нь зах зухаас мэдэхээс одоогийн байдлаар гурван нэр дэвшигчийн нэр, албан тушаалаас цааш мэдээлэлгүй байгаа нийтлэг үзэгдэл байна. Сонгогч бидний хувьд энэ сарын 26-ныг хүртэл зай байна гээд уужуу сэтгэлээр хандах тал анзаарагддаг.
Хэдийгээр сонгуулийн сонин, хэвлэл айл өрхүүдэд түгээгдэж байгаа ч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сөхөж унших гэхээсээ цахим сүлжээгээр тарсан үнэн худал нь үл мэдэгдэх цуу яриа, хов жив, дам яриа л өнгөрсөн хэдэн өдрүүдэд сонгогчдын чихийг сортойлголоо.
Ер нь сонгогчдын дийлэнх нь аль ч УИХ-ын хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнээс хэн нь хэн бэ, хэнд саналаа өгөх вэ гэдгээ шийддэг. Учир нь мэтгэлцээн хүртэлх хугацаанд сайн муу тал бүрийн мэдээлэл сонгогчдод очсон байдаг билээ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг гурван нэр дэвшигчдийн дунд үе шаттайгаар өрнүүлэх саналыг олон нийтийн зүгээс гаргасан ч “уналаа”. Мэдээж, сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр уламжлал ёсоор гурван нэр дэвшигч мэтгэлцээнд оролцож, төрийн тэргүүн болвол хэн юу хийх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, гадаад дотоод бодлогод ямар байр суурь баримтлахаа, эх орноо дэлхийд хэрхэн сурталчлахаа хэлэх байх.
Мэдээж, сонгогч бид ч өөрсдийн дэмжиж, сонгох эрхмийнхээ талаар сонголтоо баталгаажуулах шийдэлд хүрнэ. Ямартай ч гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудаас 7000 гаруй нь төрийн тэргүүнээ сонгох сонгуульд саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, эрхээ ч эдлээд байна.
Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн цагалбарын дагуу өнгөрсөн бямба, ням гаригт гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд саналаа өглөө. Гэхдээ гадаад дахь монголчуудын саналыг энэ сарын 26-нд тоолон мэдээлэх юм.
Харин эх орондоо байгаа бидний сонголтоос сонгуулийн дүн ихээхэн хамаарна. Тиймээс ч бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг сонгох нэн хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна.
Шинэ Төрийн тэргүүнээ сонгоход бидэнд ердөө 14-хөн хоногийн хугацаа үлдсэн шүү.
Н.Энхлэн