Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийх их аянд мордоод байна. Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд өрнөх бас нэг чухал асуудал бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн хэлэлцүүлэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард түмнээрээ өргөн хүрээтэй хэлэлцүүлэх тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ хэлэлцүүлэг сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээс нэг өдрийн өмнө буюу зургадугаар сарын 5-наас эхлээд байна. Есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх энэ хэлэлцүүлэгт иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийн дагуу УИХ, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах бодитой ил тод байх гэсэн үндсэн зарчмыг баримталдаг.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өрнүүлэх ажлын хэсгүүд нийтдээ долоон төрлийн арга хэмжээ зохион байгуулах аж. Энэ хүрээнд Бүх байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гэхэд сум, дүүрэг, хорооны иргэдийн нийтийн хурлаас эхлээд сум дүүргийн ИТХ энэ ажлыг хариуцна. Харин яам, агентлаг зэрэг төрийн бүх байгууллагууд чиглэл чиглэлээрээ хэлэлцэнэ. Улстөрийн намууд гишүүдийнхээ дунд хэлэлцүүлж дүнгээ нэгтгэж ирүүлэх юм байна. . Шүүх, прокурор, ШЕЗ, Хүний эрхийн үндэсний комисс гээд УИХ-ын дэргэдэх болон шүүх эрх мэдлийн байгууллагууд хэлэлцэнэ. УИХ-ын Тамгын газрын олон нийттэй харилцах албанаас хүмүүсийг тогтмол гаргаж иргэдийн саналыг авна. Цахим ертөнцөд регистер, паспортын дугаараа оруулаад саналаа илгээж болно. Энэ болгоныг нэгтгэж санал дүгнэлтэд оруулна. Ингэснээр гадаадад байгаа монголчууд санал асуулгад оролцох боломжтой гэж ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тайлбарлаж байна лээ.
Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргажээ. Харин өнөөдрийн тухайд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиуд баталж, улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдийнхээ оролцоотойгоор энэ оны хавар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Иймээс Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш, Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүйгээр тодорхой хүрээ хязгаарт зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л ярьж байгаа юм.
Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд сарын өмнө зохион байгуулсан. ҮСГ-аас гарган санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга явуулж, тэндээсээ 750 нь Төрийн ордонд зохиогдсон анхдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тодорхой сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийг нэгтгэн, зөвлөмж гаргасан. Шинэ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг оролцогч санал нэгтэй дэмжиж байгаа бөгөөд бүхэлд нь бус зарим өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Ажлын дэд хэсгийн тухайд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулж тараах, төслийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм байна.
Ийнхүү ирэх өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, наадам, их амралын сезоны үеэр ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг үргэлжлэх нь. Тиймээс энэ зуны гурван сар зугаатай ч, завгүй ч үргэлжлэх нь бидэнд.
Н.Энхлэн
Уншиж байна |