“Яг түүн шиг” шоуг сая хүн шууд үзэж байна. Энэ бол ТОП шүү, түүхэнд байгаагүй шүү. Юун халтар царайт вэ ... гэж шагналын индрээс Баабар ах нүүр дүүрэн хэлэхийг ТВ-ээр харж суув. Энэ газар авсан шоутай зэрэгцээд “юм” гаргаад хүн үзэхгүй тул улс төрийнхөн ч мөнгөө хэмнэн даруухан суусан байх.
Гурван сар үргэлжилж, 300 гаруй хүний нөр их хөдөлмөр, 630 сая төгрөгийг шууд хаяан хийсэн энэ шоу үзэгчдийг зугаацуулах үүргээ сайн биелүүлсэн. Хоёр сая гаран үзэгчээ булаалдсан 200-д телевизүүдээс “Боловсрол” телевизийг индэрт гаргаж чадсан. Тайз нь л гэхэд 40 саяар боссон сурагтай байгаа энэхүү шоуны рекордыг будаа болгох ганцхан эфирийн хүлээлт байлаа. Энэ бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээн. Намуудын нарийн бичгийн дарга нар ширээний ард сууснаар цэгцэрч байсан шууд мэтгэлцээний тохироо өчигдрөөс таг мухарджээ. Эв нэгдлийн Ерөнхийлөгчид өрсөлдөгч нарын нээлттэй ил тод мэтгэлцээн маш муйхар тулгалтад орсон байх юм. МАН, МАХН нарын хамтарсан мэдэгдлээр бол АН мэтгэлцээнээс бултаж эхэлсэн бололтой.
Гэхдээ шууд ямарч мэтгэлцээн болохгүй гэж гэдийгээгүй. Өнөөх хоёр нь яагаад ч зөвшөөрөх аргагүй, үргэж холдохоор “болзол”-г АН тавьсан гэж байна. Нэг л удаа мэтгэлцээн хийх ба үүнийг дамжуулах телевиз нь мөн тусдаа нэр заагдсан хувийн телевиз байх гэсэн шаардлага АН-ын зүгээс тавьсан талаар эх сурвалжууд мэдэгдлээ. Сонгуулийн тактикийн хувьд шууд мэтгэлцээний ард гарах үр дагаварыг шууд тооцоолох ба хаанаа ашигтай тусахыг урьдчилан харах бэрх байгаа. Сайн эвлүүлгээр зодолддог арга барилтай талынханд мэтгэлцээн бүүр ч их эрсдэлтэй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрх нь нээгдээд байгаа 2.032.094 сонгогчын хувьд сонголт хийх эрхээ эдлэхэд том түлхэц болно.
Сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр ганц болдог халз мэтгэлцээнүүд байсаан. Энэ нь үнэн хэрэгтээ их зохиомол, тавилттай шахам явагдаг, ёс төдий мэтгэлцээн ба босоо уулзалт гэж нэрлэмээр юм болдог . Хэт том хүрээнд тун ч аядуу уйтгартай. Иймэрхүү нэр зүүсэн мэтгэлцээнд иргэд сэтгэл дундуур байсаар ирсэн. Энэ нөхцөлд АН-ын хувьд мэтгэлцээнд тавьж буй болзлоо илүү ардчилсан болгож, нэлээн задгай ярилцах боломжийг хангах нөхцлүүдийг тавьж болох байлаа. Одоогийн мухардаад байгаа төслөөр бол мэтгэлцээн гадаад бодлого, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг Ерөнхийлөгчид шууд хамаарах гурван том сэдэв тус бүрээр явагдахаар байсан. Үүн дээр бие биенээ гүтгээд байгаа буюу гүтгүүлээд байгаа гэж үзсэн хар юмаараа яг таг баримттай тайлбар хийх тусдаа нэг халз мэтгэлцэнийг хийчихье гэсэн бол сонгогчдын загатнасан газар маажин бөөн оноо татаж, дэмжигчдийнхээ урмыг бадраах байв. “Но –гүй л юм бол юундаа айна вэ ...” гэж АН –аас иргэд асуугаад байгаа нь бултсан талынханд хасах онооны л багц болно. Сошиалаар дэмий тэнээд, олон нийтийг төөрөгдүүлээд байгаа гол хов жив, үнэн худал ярианы багц сэдвүүд дээр нэр дэвшигчид жин тан хариултуудаа товч өгөөд л гарахад ард түмэн дүгнэлтээ хийчихнэ. Ингэснээр их мөнгө хаяж сошиалын хэрүүлийг солиоруулах хэрэггүй болно. Мэдээж хэмжээнээс халихгүй, ёс зүйтэй явцуулахыг намуудын зохион байгуулагчид нийлээд хийчихнэ. 18 хоногт 21 аймгаар яаж уулзалт хийж амжих вэ гэж нисдэг тэрэг мөрөөдөж суугаа завгүү нэр дэвшигчдэд шууд мэтгэлцээн гурав дахих нь дутуугаа нөхөж, алхмаа нэмэх боломж. Маш их цаг мөнгийг нь хэмнэхийн дээр ард түмэнд бодлоо тэлэхэд нэн таашаалтай болох юм.
Энэ удаагийн сонгууль медиа хөгжил, мэдээний урсгалын тэлэлт болоод улс төрийн ахуй дүр, цаг үеийн нөхцөл байдал тун ээдрээтэй байгаа нөхцөлд өрнөж байна. Урьдах Ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол өрсөлдөгч нар характерийн хувьд эрс ялгаатай. Зарим талаар цочмог тэсрэлттэй, гэнэтийн үзүүлбэр ихтэй. Ойрын арав хоногийн өрнөлд дүгнэлт хийж, зөвхөн эхлэл хэсгийг нь харахад урьд сонгуулиудын хар Пиарын жишгээс тэс хөндлөн ба маш том дуулиан, үйлдэл хэрэгт бие биенээ нэр заан буруутгаж дэнчигнүүлэх байдалд хүрэх нь тодорхой болоод байна. Одоо аль хэдийн сошиалд биеллээ олоод эхэлсэн дэндүү олон өнцгөөр буюу бие биенийхээ “факт”-ыг сошиалаар дэлгэн нүдэлдэж эхэлсэн талынханд мэтгэлцээн дээр хайнаа хагалах том боломжийг бий болгоно. Сонгуулийн багын зүгээс харвал энд эрсдэл 100 хувь. Харин иргэдийн байр сууринаас бол сонгогчиддоо хүндэлсэн нэр дэвшигчдийн том бахархал болно.
Ний нуугүй ярихад одоо нэр дэвшиж буй гурван өрсөлдөгч сонгогчдын хувьд аль хэдийн танил болсон ба нийгэмд өөр өөрийн улс төрийн “дүр”-ийг бүтээсэн нөхдүүд. Хэвлэл мэдээллээр сайн муу хөргөө ч олонтаа зуруулсан. Тийм болохоор шууд мэтгэлцээнд ямар хувцастай очих, яаж зогсож, хэрхэн аяглах талаар зөвлөх баг бүрдүүлж мөнгө үрж, сэмхэн сургуулилт хийх нь илүүц. Харин хэн хол харж, илүү дээр бодлого гаргаж , одоогийн хур ихээр хуримтлагдсан завхарлыг эмхлэх заслынхаа жорыг товч тодорхой нэг боломжоор хэлэхийн төлөө л халз үзчих хэрэгтэй байгаа юм.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /