Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулгыг зэрэг явуулахаар парламент бэлтгэл ажлаа ерөнхийдөө хангаад байна.
Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд яг сарын өмнө зохион байгуулсан. ҮСГ-аас гарган санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга явуулж, тэндээсээ 750 нь Төрийн ордонд зохиогдсон анхдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тодорхой сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийг нэгтгэн, зөвлөмж гаргасан. Шинэ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг оролцогч санал нэгтэй дэмжиж байгаа бөгөөд бүхэлд нь бус зарим өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Эдүгээ хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжид үндэслэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа онцолж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зургаадугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад есдүгээр сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулахад нийтдээ 30 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулж төсвөө хэмнэн, нэг сумаар хоёр туулай буудахаар шийджээ.
Хуулиар ээлжит сонгуулийн санал хураалтын өдрөөс 65 хоногийн өмнө ард нийтийн санал асуулгын товлон заалттай. Тиймээс хууль боловсруулагчид Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж, 65 гэснийг 21 хоногийн өмнө болгон өөрчилж байгаа билээ. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд орж байгаа уг өөрчлөлтэй холбоотой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг явуулахад цаг хугацааны хувьд тохиромжгүй, амжихгүй гэж үзэх гишүүд олон байгаа.
Гэвч эрх баригч хүчний гишүүд өөрийн байр суурийг бус намын бодлогоо нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээд зогсохгүй анхны хэлэлцүүлгээр батлах саналыг ч холбогдох байнгын хороо дэмжээд байгаа. Тиймээс энэ долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдна.
Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-нд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зургадугаар сарын 5-наас эхлэх нь.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны тоосонд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг бүдгэрэн саармагжих вий гэсэн болгоомжлол хэн бүхэнд байна.
Ийнхүү энэ жилийн зуны тэргүүн сард ард нийтээрээ нэн хариуцлагатай давхар сонголтыг хийхээр болж байна, бид.
Н.Энхлэн
Уншиж байна |