Манайхан заримдаа бараа таваар нь гүйж, ажил үйлс нь гарын дор бүтээд байхыг шожигнуулна гэж ярьдаг. 90-д оны шилжилтийг нуруундаа үүрсэн ганзагынхан маань гаргасан үг л дээ.
Яг энэ өдрүүдийн хувьд бол манай төр одоо иргэддээ ивээл хайрласан шийдвэр тогтоол, түүнд зориулах мөнгийг шожигнуулаад байхаар болчихлоо.
Ингэж шуурхайлах их таатай нөхцөл ч зэрэг бүрджээ. Өнгөрөгч долоо хоногт манай валютын нөөц 38.6 сая ам.доллар огцом нэмэгдэв. ОУВС гийн үзгээр захирлуудын баталсан зээлийн эхнийх нь дороо орж ирсэн гэнэ. Ингээд ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ЗГ амжиж мөнгөтэй, бэлтэй боллоо. Одоо харин ч шожигнуулна байх. Энэ багцад гол нэрийн гүйлгээнд юу багтаж байна.
“С” Вирусын үнэгүй шинжилгээг шожигнуулж 340-д мянган иргэн хамрагдана. Приус машины татварыг тэглэх тогтоолыг мөн маш хурдан шожигнуулахаар байна. ОУВС манайхантай түншлээд янз янзын авир ааш шахаа үзүүлсэн. Оюутолгойгоос олгойдож байгаа Рио - гийн мөнгийг өөрийн дансаар хянах манай оролдлогыг няцаасан. харин манайхан хэлснээсээ жижигхээн буцаж Приусийн татварыг тэглэхээр болсоныг хараагүй мэт өнгөрөв. Энэ татвар эхэндээ ОУВС сангийн шахалт гэсэн "овог нэртэй" Их хуралд орж ирж байсан. Одоо бол эргүүлээд тавин хувь татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг Их хурал өргөн барих сурагтай. Энэ хуулийг олонх шожигнуулаад батлах байх.
Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт манай засгийн газарт өөр олон ивээлтэй ээлтэй шийдвэрүүдийг шожигнуулах боломж олгож магадгүй байна. 2017 оны төсвийн төслийг батлах үед 1 тн зэсийг 5.148.8 ам доллар байхаар тооцоолсон бол яг өдийд 5700 ам долараар зарж байгаа гэнэ. Зэрэгцээд нүүрс өсөөд бөөн баяраа. Тонн нь 40 доллар хүрч царай алдаад байсан нүүрс одоо баяжуулчихсал бол 90 ам доллар гэж дуугарч байна. Энэ бүх ээлтэй, ивээлтэй тохирооноос засаг төр сонгуулийн өмнөх Сюрпризүүдээ шожигнуулж өгөхөөр харагдаж байна.
Гэхдээ манайхан өвөрмөц ард түмэн. Хэчнээн ядарч байсан ч, мөнгө яахав газар шороо минь бүтэн үү ? гэж хатуу дуугардаг. Энэ тал дээр ч сүрхий анхаарсан шуурхай ажиллагаа явагдлаа.. Дүнжингарав хайрханы минь Соёмбот уулыг нүдэн дээр трактордоод ухаад буудал барих гэж байсныг илрүүлэв. Цагдаагийн мэдээнд гардгаар ёстой таслан зогсоов. Үүний ард “Дандаа ийм л. Ийм л байгаарай” гэсэн ардыг дууг өргөн олноор амандаа аялж, чихэр шиг хүлхэж байна.
Хэдэн жилийн өмнөх сонгуульд доргисон үедээ манайхан “хэн нь бярдаж ялах вэ” гэж бооцоо тавьдаг байсан бол өнөөдөр “ хэн нь ялбал луйварчдад хариуцлага тооцож чадах вэ” гэж муруйцаж байхыг харлаа. Ийм асуудалд харин төр шууд шийдээд шожигнуулаад унавал хэцүүднэ. Урьд хамт төр барьж байсан томоождоггүй хэдийгээ бүгдийг нь хориод гүтгээд байж болохгүй. Гэхдээ л зүлгэж суугаа бололтой. Монгол банкны “Но” гэсэн маш аймаар мөнгөн дүнтэй /14 их наяд / хохирлын тоог байнгын хороо зарлалаа. Эхний хөдөлгөөнт бай нь улсын мөнгийг барьж байсан Н.Золжаргал болж,ажлын хэсгийн дүгнэлт галын цэгтээ шууд ониллоо. Гэхдээ цаадах нь аль хэдийн бултчихсан Австрали тив хавийн нэг нуувчинд байгаа сураг гарлаа. Үүгээр сонгуулийн үеэр “шожигнох” ээлтэй шийдвэрүүд, гайхам үйл явдлуудын тухайд түр цэг тавья.
Энэ бямба гарагт Амлалт ба Зүтгэлийн аль алинийг нь шожигнуулах Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, эргэлзэх зүйлгүй сонгуулийн цагаан хүлгээ давирлаа.
МАНАН арилна “Монгол босно” . “Монгол ялна” гэсэн уриануудыг нэр дэвшигчид зүрх огштол хэлж байна. Аль аль нь сонсголонтой юм. Монголчууд, Монголынхоо төлөө нэг “ЗӨВ” дээрээ нэгдэх цаг ирсэнийг жирийн найзууддаа нэмээд хэлчихье.
Хэний фэн, дэмжигч байх нь чухал биш л дээ. Энэ бол урлагийн наадам, Монгол авьяастан шоу биш.. Женко талынхан, Ганбаагийн багийнхан гэж байж болох. Харин ганцхан Монголынхоо эрх ашгийн төлөө бол талцалгүй, туйлшралгүй харах учиртай .
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /
Уншиж байна |