Хандив цуглуулдаг албан ёсны байгууллагатай болох цаг болжээ
2017-05-23

 

Монголд цахим ертөнц маш хурдацтай хөгжиж, юуг л бол юуг мэдээлж, цацаж, дамжуулдаг болчихоод байна. Цахим ертөнцөөс далдуур хийж болох зүйл гэж байхгүй болсон. Нөгөө талаар асар том мэдээллийн хэрэгсэл болчихоод байгаа. Хүн бүр л хүссэн мэдээллээ цахим ертөнцөд байрлуулаад, ажил төрлөө амжуулж болж байна. Түүний нэг нь хандив цуглуулах аян. Байсгээд л “Манай тэр түлэгдсэн, хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул ард түмнээсээ хандив гуйж байна”гэсэн зарлал цахим ертөнцөөр тэнэх болсон. Тэр дундаа бяцхан хүүхдийн зураг оруулж, мөнгө цуглуулах байдал газар авчихлаа.

 

Үнэхээр өвчтэй хүн байгаад, хандив цуглуулж чадаад, гадаадад эмчлүүлж эдгэрч байгаа нь ч бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өвчин зовлонгоор түрий барьж, бусдын нэрийг зээлдэж мөнгө олдог хүмүүс ч олширч эхэлжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гэхэд дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж өвчтэй хүүхдийн нэр барьж, хандив цуглуулах луйвар хийж байгаа талаар мэдээлж байсан. Мэдээж өвчтэй гээд байсан хүүхэд нь эмнэлэгт хэвтэж байсан юм билээ.

 

Гэтэл түүний нэрийг бариад, өөр хүмүүс хандив цуглуулж, мөнгө олж байсныг эмээтэй нь ярьж илрүүлсэн талаараа нийтэлж байв.  Уг нь өвчнөө эмчлүүлэхээр зүтгэж байгаа хүмүүс нь хандивын данс нээсэн байсан юм билээ. Гэтэл хажуугаар нь хуурамч данс нээгээд л хүн залилж байх жишээтэй.

 

Хотын төвд салон ажиллуулдаг нэг эмэгтэй өвчтэй хэмээн худлаа ярьж, байсгээд л хандив цуглуулдаг талаар мэдээлэл гарсан. Хандивын мөнгөө дуусахаар л дахиж гарч ирээд дахиж гарч ирээд л өнөөх луйвраа хийдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Цаашлаад хандив цуглуулж өгнө хэмээн амар аргаар мөнгө олдог залуучууд ч ихэсч байгаа гэнэ. Саяхан нэг танилыг маань эмнэлэгт хэвтэж байхад хэдэн залуу уулзаж, танд хандив цуглуулж өгье, мөнгөнийхөө тэдэнд хувийг өгчих хэмээн хэлсэн гэж байсан. Ерөөс өвчтэй, зовлонтой хүмүүстэй уулзаж, хандив цуглуулж өгнө хэмээгээд, хариуд нь олсон мөнгөний 30-40 хувийг нь авдаг сүлжээ бий болчихоод байгаа юм билээ. Харамсалтай нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журам, хууль алга.

 

Нэг талаасаа луйвар гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвчтэй хүн байгаа юу, байгаа. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай юу, тийм. Өөрсдөө хандив цуглуулах гээд тийм ч бүтэлтэй биш байхад нь нэг хүн тусалсан. Хариуд нь тодорхой хувь авсан. Ердөө л тохиролцооны л асуудал. Гэхдээ нөгөө талдаа монголчуудын өрөвч нинжин сэтгэлийг ашиглаж улаан цагаан луйвар хийж байгаа хүмүүс ч зөндөө л байна. Сайны хажуугаар саар нь ихдээд байна гэсэн үг. Тийм болохоор өвчтэй хүмүүст туслах, хандив цуглуулах системийг зөв зүг рүү чиглүүлэх цаг болж. Хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хандив цуглуулж өгдөг 2-3, магадгүй түүнээс арай олон ТББ байвал яадаг юм.

 

Эмчилгээний төлбөрөө олох гэж ядаж байгаа иргэд нэр бүхий хэдхэн ТББ-д хандаад, зөвхөн түүгээр л дамжуулж мөнгөө цуглуулдаг байвал яасан юм. Тэр ТББ-уудын зөвшөөрлийг нь албан ёсоор өгөх хэрэгтэй байх. Мэдээж хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ тийм өндөр биш 10 юм уу түүнээс арай их хувийг нь авдаг байхад л болно. Энэ мэтээр нарийн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна.

 

Тэгэхгүй бол жаахан гүйлгээ ухаантай, танилтай, овсгоотой, түүнийг буруугаар ашигладаг нөхдүүд хандив нэрийдлээр монголчуудыг, цаашлаад өвчин зовлонтой иргэдийг хохироосоор байгаа юм. Энэ янзаараа явбал цаашид өвчнөө эмчлүүлэхээр ард түмэнд хандсан иргэдэд хандив өгөх ч хүн олдохоо болино биз дээ, энэ чинь. 

 

Эх сурвалж: MMINFO.mn

Н.Пунцагболд

 

Shuud.mn
Сонин хачин