Төсвийн нэг мэргэжилтэн бүсгүй үүрээр ажилдаа гарах хэрнээ шөнө дунд хүртэл гэртээ ирэхээ байсан гэнэ. Нөхөр нь хардаж мөрдөж үзэж. Цэвэр. Эр эмийн сүлрэлт асуудал байсангүй. Тэгтэл илүү цагаар ажиллаж элдэв уран сайхны номер хайж, цаас бичиг канондуулж, шөнө дөлөөр ажиллуулах болсон гол буруутан нь төлөвлөгөөт нээлттэй хаалагны өдөрлөг арга хэмжээ байжээ.
Байгууллагууд талбай дээр дуу хөгжим болж, хөтлөгч уран яригч нарыг хөлсөлж, асарт сууж үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнадаг нэг ийм арга хэмжээ хавар болохоор тасралтгүй үргэлжилдэг. Ариун зорилготой, гоё нэртэй арга хэмжээнд зориулсан асар майхан, зассан тайз талбай дээр хүрээлсэн байхад хаана нь багтаж утааны эсрэг ч юм уу, Уянгыг дэмжигчдийн жагсаал болох билээ. Сүхийн талбай ийнхүү байнга төрийнхний нээлттэй хаалганы өдрийн түрээст байгаа тул бусад жагсаал арга хэмжээ захиалагдаж зөвшөөрөл олгогдох зай байхгүй гэсэн үг.
Гэхдээ энэ бол гардан зохион байгуулагчид нь гэр бүл салгах шахсан их ачаалалд бэлтгэж, 100 хүрэхгүй хүнд найрсаг үйлчлээд өнгөрдөг арга хэмжээг буруутгах нөхцөл биш. Төрийн аль нэг байгууллага нэг өдрийн нээлттэй арга хэмжээ хийх гэж ямар зардал гаргадаг тайланг ил тод шилэн харуулмаар байгаа юм. Танилцуулга самбар захиалах, анонс өлгөх, тараах материал хэвлүүлэх урлагийн номер үзүүлбэр урьж авчрах гээд чамгүй ажил зардал гаргадаг нь талбай дээр өрсөн тавьсан сурталчилгаанаас нь илт. Ойрын өдрүүдэд буюу хаврын синдромын ид үед талбай дээр өдөр болгон хөгжим узел дуугарч цагаан асрын хормой доор нойрмог хэдэн албан хаагчид ажиллаж байна.
Хүртээмж нь яг иргэддээ хэр хүрч байдаг бол. Нэг мундаг тайлан гардаг л байх. Хэдэн хүн, жирийн иргэд ирж оролцож энэ байгууллагын үйлчилгээг нэг өдөр ч болов дарамтгүй хөнгөлөлттэй авч байгаа юм бол. Шуудхан хэлэхэд бие биендээ, сайд нартаа ажлаа тайланасан өдөр болоод байгаа харагддаг. Салбар чиглэлийн сайд нь ийм арга хэмжээн дээр цайны цагаараа ороод гардаг. Энэ “айлчлалыг” нэр бүтэн даваад үнэлгээ сайтай гарчихвал тэр өдрийн ажлын гол зорилго хангагдах мэт.
Нээлттэй болохоор санаандгүй талбай дээр гиюүрч ирсэн нэгэн аз нь гийж амархан бичиг цаасгүй ажлаа бүтээж байгаа тухайгаа ярьж байна. Саяхан болсон нэг төрийн байгууллага талбай дээр шууд улсын дугаарыг олгож байгаа тухай баярт мэдээ харагдсан. Байгууллагынх нь хаалгаар нээлттэй биш өдрүүдэд нь ийм ажил хөөцөлдвөл тийм амар биш. Хаалттай саад шалтаг мундахгүй л байдаг.
Төв талбайг хөлтэй харагдуулж байгаа нээллтэй өдрүүд үнэндээ бол уйтгартай үргэлжилж байна. Үүл дарга хотыг харьяалж байхад зад хямдралын өдөр гэж зарлахад хоолны махыг тал үнээр нь авах гэсэн иргэд пиг шаваад, хулхидуулаад тарж байсан шуугиан саяхных. Харин төрийн байгууллагуудын тайлан ч юм шиг арга хэмжээг харах гэж талбайг зорих хөшүүргийг хийхгүй байна. Сайдууд, дээд дарга нь зочлох цагт цэмбийтэл эгнээд, түрээсэлсэн аппратур микрофон нь гацахгүй шиг өнгөрсөнд ажил “ОК” болчихлоо гэж 10 бүтэн өдөр 9 бүтэн шөнө хагасалж ажилласан албан хаагч бүсгүйн магнай тэнийсэн тухай нөхөр нь хуучилсан.
Харин энэ нээлттэй өдрүүд эцсийн гол зорилтод бүлэг болсон иргэдэд ямар үлдэцтэй арга хэмжээ болдог вэ гэсэн асуултыг төлөвлөгөөт өдөрлөгийг зохион байгуулдаг дарга нарт нь үлдээе.
П.БАЯР