Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Парламент дахь улс төрийн хүчнүүд их, бага хурал, чуулганаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулаад байгаа. Эрх баригч хүчин МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, сөрөг хүчин АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, гуравдагч хүчин МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг тус тус Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр батламжиллаа.
Сонгуулийн цагийн хуваарийн дагуу ЭМ-ийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус батлан СЕХ-нд өргөн бариад байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ. Харин хувь хүний нууцлалын үүднээс шинжилгээний дүнг олон нийтэд зарлахгүй.
Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдийн бичиг баримтыг энэ сарын 11-ний дотор бүрдүүлэн СЕХ-нд өргөн барина. Энэ хугацаа маргаашаар дуусгавар болж байгаа. Тиймээс намууд өнөөдөр маргааш хоёр амжиж нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д өргөн барих биз. Харин СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн эсэх шийдвэрээ тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд нэр дэвшиж байгаа бүх субъектүүдэд нэгэн зэрэг гардуулах хуультай.
Тиймээс өнөөдрийн байдлаар улс төрийн хүчнүүдээс нэр дэвших эрхмүүдээ тодруулан батламжилсан ч СЕХ-ны шийдвэрээр албан ёсоор баталгаажуулах учиртай. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
-Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
-Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;
-Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
-Шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
-“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.
-“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.
-Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.
-Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
-Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.
Парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулахдаа дээрх шаардлагыг харгалзаж үзсэн байх. Тиймээс ч МАН, АН-аас нэр дэвшигчдийн зүгээс СЕХ-нд бүртгүүлэх хүртэлх хугацаанд ямар нэг үйлдэл гаргахгүй байгаа нь хуулиар харшлах асуудлаа зохицуулсны илрэл байх.
Харин намаасаа эрхээ аваад байгаа гурван эрхмээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчийн бүртгэлээс буцаах магадлал тун өндөр. Учир нь түүний ял эдэлж байгаа хугацаа хүчингүйд тооцогдсон эсэх нь тодорхойгүй. Ялын хугацаа нь хүчингүй болж цагаатгалаа ч эрүүл мэндийн дүгнэлтийн асуудал дагуулах магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар нэр дэвшигч нь “сүүлийн таван жил эх орондоо амьдарч байсан” гэх шаардлага байгаа. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлж байсан нь дээрх заалтад харшлахгүй. Энэчлэн Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл үүсэхээс МАХН-ынхан сэрэмжилж, хэвлэлийн бага хурал хийн, түүнээс өөр нэр дэвшүүлэх хувилбар байхгүйг мэдэгдэж, тайван жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа билээ.
Харин СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа мөрдөх ч Н.Энхбаярын өрсөлдөх эсэхийг улс тохироо шийдэх биз ээ.
Н.Энхлэн