”Тусгай асуудал”-аар тусад нь саналаа өгье
2017-05-08

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдсан.  Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг  УИХ-д бариад байна.   Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв тус бүрээр дүгнэлт гаргажээ.  Дүгнэлтээс дөрвөн асуудал нь оролцогчдын дэмжлэгийг авсан байна. Тодруулбал:

УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,

 

Улс  төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,

 

Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,

 

Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцсон 740 оролцогч дэмжжээ.

 

Санал асуулга явагдах хугацаанд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламент  Ардын их хурал,  бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудал хүчтэй яригдаж, олны анхаарлын төвд байсан Харин  зөвлөлдөх санал асуулгын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох саналыг асуулгад оролцогчид дэмжээгүй байна.  Мөн Парламентын хоёр  танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжигдээгүй аж.  Монгол Улсын төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдгээс  гадна үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг.  Бүх ард нийтийн саналаар сонгогддог учраас  “Миний ард түмэн” гэж ярих эрх  зөвхөн Ерөнхийлөгчид л хадгалагддаг.  Тиймээс төрийн тэргүүнээ парламентын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн эрхмүүдийн саналаар сонгоно гэдэг өрөөсгөл.

 

Хэдийгээр гадаадын сонгодог парламент хөгжсөн орнуудад Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог ч улстөр төр судлаач, хуульчид үзэж ярьдаг. Ерөнхийлөгчийг парламентаас  сонгодог болвол сонгуулийн төсөв, зардал хэмнэгдэнэ гэж үзэх хэсэг ч байдаг. Гэхдээ энэ нь манай орны онцлог нөхцөлд тохирох цаг нь мөн үү. Нөгөөтэйгүүр парламентыг хоёр танхимтай байх асуудлаар иргэд төдийгүй хуульч, улстөрч судлаачдийн дийлэнх нь эсэргүүцсэн байр суурьтай харагдсан. Ардын их хуралтай байх нь ухралт, өмнөх нийгэм рүү эргээд орох үйлдэл, цаашлаад хоёр төсвийн зардал нэмэгдэнэ гэж толгой сэгсрэн, хүлээн авч байсан. Харин хоёр танхимын оронд одоо байгаа парламентаа  сайжруулах талаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

Тиймээс  ч Зөвлөлдөх зөвлөлийнхөн хуулийн төсөл боловсруулахдаа  оролцогсдын саналыг харгалзан үзэх юм билээ. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулж амжих уу. Зөвлөлд зөвлөлийн өргөн барьсан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн аваад “Зөвлөмжийг УИХ анхааралтай авч үзэж, цаашид хийх ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх талаар анхаарна” гэдгээ онцолсон байсан. УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд заалт бүрээр нь санал хураалгана. Уг  заалт бүр нь гишүүдээс 2/3 –ийн дэмжлэг авбал хуулийн төсөлд сууж батлагдана.  Асуудлыг цаг алдалгүй эхлүүлж болох ч Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар шахаж ажиллах нь “түүхий, цоорхой хууль төрөх”  магадлал бий болно гэдгийг ч анхаарууштай.

 

 

Өнөөдөр парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулан батламжилсан. МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын экс гишүүн Х.Баттулга, МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар тус тус нэр дэвшиж, СЕХ-нд холбогдох материалаа өгч  хуулийн хугацаанд нэр дэвшигчийн батламжаа гардах авна.

 

Ингээд улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалсан ирэх өдрүүдэд  парламентчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлан хэлэлцэж, боловсруулж амжих уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тусгай дэгээр хэлэлцдэг. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Үндсэн хууль өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн баривал уг  хуулийн төслийг батлагдтал парламент тухайн ганц сэдвийг хэлэлцэнэ.  Гэтэл парламентын танхимын гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өрнөж, нийтийн анхаарал тэр зүгт чиглэсэн байна. Тиймээс Үндсэн хууль өөрчлөлт оруулах төсөл зөвхөн парламентын хэлэлцүүлгээр олны анхаарлаас гадуур явагдах болох нь. Нэгэнтээ тусгай дэгээр хэлэлцдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахдаа ч  аль нэг сонгуультай хамтатгах бус тусгайлан асуух нь  зохистой баймаар. 

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Их л бийлэгжүү,мөнгөтэй хүний хэлдэг л үг дээ, ард нийтийн санал асуулга явуулахдаа ч аль нэг сонгуультай хамтатгах бус тусгайлан асуух нь зохистой баймаар.
2017-05-09