Хэн нэгэн баримт гаргаж ирж нотлоогүй болохоор ийм онцгой бороо хаагуур орж, ямар азтай ба тэнэг нь энэ дор шүхэргүй зогсож норсон талаар таахаас цаашгүй сууна.
Бэлэн мөнгөний ган гачиг ихтэй байдаг хөдөөгүүр, жинхэнэ ба жинхэнэ бус АН гишүүдийн дээрээс ийм “төгрөгийн бороо” орсон гэж сошиалаар шуугиж байна. Сунгаа бүрийнх нь ард АН-д гомдлын цуваа хөвөрдөгч гэлээ энэ удаагийнх оргүй цуурхал бас ч биш байх.
Мөнгөн бороог оруулахаар газраас үүл рүү буудсан цаад эзэн нь харин хэн бэ. Р.Амаржаргал бороо шороо тавиад ч хамаагүй шууд сунгаанд гараад ирсэн бол хэнийг хамгийн их айлгаж, ажил удах вэ гэдгээс энэ асуултын хариуг хайж болно.
АН-ынхан анхнаасаа нэр дэвшигчийг бүртгэхдээ эрсдлээ тооцож найдлага болсон Р.Амаржаргалыгаа хайрцаглаж болох байсан. Гэтэл бараг сүүлд нь дуу сүр багатайхан нэрээ бүртгүүлсэн Женко сунгаанд сүүл байрнаас гарч ирж, Трампын түүхийг Монголд жижгээр давтлаа. Бараг яллаа гээд задалсан байсан оргилуун дарсаа ялагдлын нулимсаараа амталсан Хилларигийн байранд Р.Амаржаргал шилжив. Гэхдээ АН-ын Трамп болчихоод байгаа Женко бол гараанаасаа бүдрэх нэр дэвшигч гэдгийг захын жижигхэн ПиАрчин баараггүй мэдэж байгаа.
Төмөр замын дуулианд түүний нэр орчихсон яваа. Үүнд гар нийлж байсан цэрэг нь хилийн чанадад цойлчихсон. Нэг нь бараг АНУ -ын иргэн байсныг хэн ч мэдээгүй гэж байгаа. Үүгээрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын Женко хоёр хоёулаа эрх баригч МАН-д дам төмсөгдүүлсэн байгааг нурших нь илүүц. Гэвч шүүхээс гэм буруутай гэсэн тогтоол авчихаагүй болохоор Женко энэ хэсгийг баллуурдаж болно. Хувь хүнийхээ хувьд Х.Баттулга спортын хүний онцлогоо их харуулдаг. Дайчин зоригтой имиджтэй, шартай эр. Улстөрчийнхөө хувьд бол санаснаа хийдэг гэдгээ харуулсан нэгэн. 2012-2016 онд фракцуудын дайнд тэргүүлэх хорчноор явж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад онцгойлон баатарласан. Эсрэг кнопчдын багийг цэгцэлсэн гэж “хардагддаг”. Энэ удаагийн нэр дэвшилтээр Ерөнхийлөгч болж манийгаа цочоохгүй гэхэд хараагүй болж хөлөө сул авахуулчихаад “төмөр замын хэрэг” гэсэн пайзнаас нэг мөр салах бол харин бодитой биелэх байх. МАХН-ын Н.Энхбаяр дарга ч мөн адил. Өөрөө шансгүй болчихвол хэнийг гаргаж ирж, аль талд нь шавар үсэргэх вэ гэдэг сонголт дээр ухаанаа малтаж суугаа. Түрүүчийн сонгууль дээр С.Удвалыгаа өмнөө барьж Элбэгээтэй өршөөлөөр тохиролцсон. Энэ удаа М. Энхболдыг ерөөгөөд хариуд нь Төв аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших эрхээр ярьчихмаар л байгаа. Гэвч шинэ гишүүнд аль хэдийн биеэ сойчихсон суугаа МАН-ын дайчин өрсөлдөгчид түүнд энэ боломжийг өгүүлэхгүй.
Үнэн бол АН-ын гишүүдийн сэтгэл ийм хариуцлагатай сонголт дээр яагаад маш хямдаар мөнгөн бороонд норж орхив. Тэд массаараа сэтгэл хөдлөлд автаж Р.Амаржаргалаа алгассан гэдэгт хэн итгэх. Намын дарга С.Эрдэнэ ийм гэнэтийн мөнгөн бороо орох цаг агаарын урьдчилсан мэдээг тусгай шугамаар авсан л байж таарна. Яагаад гишүүддээ шүхэр барихыг сэрэмжлүүлэлгүй хаяж, баахан гишүүдээ бороонд цохиулав. Арай гэж сэргээх гэж яваа намын нэр хүндийг энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлт нэг мөсөн унагааж болохыг харахгүй байна гэж байхгүй. С. Эрдэнэ даргыг ямар гээч хуян баглахаар ийм том борооны үүлийг харахгүй болгов. Яагаад буруу тал руу хүзүүг нь хөшөөчихөв.
Тодорхой хэлж болох дүгнэлт бол АН-ын сунгаандаа санаснаа хийхдээ сурцтай болсныг бид харлаа. Гишүүд нь ч гайхлаа. Харин энэ нэр дэвшүүлэлтийн ард ганцхан АН-ын гишүүд мөнгөн бороонд хатгаа тусаагүй. Шударга өрсөлдөөний шинэ найдлага тээж байсан Монголын ээлжит сонгуулийн тэнгэрт бараан үүл хаяаллаа даа.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /