Гайгүй өнгөрсөнгүй дээ. Тавлаж буй юм биш. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх талаар баталсан тогтоолын үр дагавар гацаа авчирч болох талаар бичиж байсан. Энэхүү тогтоол дотор чихчихсэн нэг заалт дээр Рио Тинто заалдаж ОУВС дээр лобби үсэргээд байхад манай Сангийн сайд “гайгүй байх аа” гэж хар багцаагаар хариулж суусан. Харин цаадуул нь олон улсын гэрээ хэлцэл ямар байдгийг харуулж, бойкот хийж эхэлжээ. Оюутолгойгоос гадагшаа олгойдож байгаа мөнгийг өөрийн банкуудаар дамжуулья гэсэн тогтоолын агуулга яаж ч бодсон Рио Тинтогийн санхүүгийн үйл ажиллагаанд нүдээ тавих гэсэн манай төрийн алхам гэж харж болохоор. Бас нөгөө талаар “заль” ч байсан юм уу даа гэж муугаар хардмаар.
Долоон төрлийн татвар нэмэх гол учирлал ба цагаатгал нь эдийн засаг өрийн дарамтанд орсон нөхцөл байдал. Үүнээс гарах хамгийн ариун, зөв зам бол ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр буюу зээл тусламж гэж Санийн сайд иргэдэд ч хэлсэн, Их хуралд дээр ч давтсан. Энэ бага хүүтэй хэрнээ олон хатуу шаардлагатай зээлийг авахын тулд хэдхэн татварыг нэмчихье гэсэн учирлал хөврөөд байхаар иргэд төрөө өрөвдөж эхэлсэн байх.
Үе үе зурагтаар гарахаараа палхийтэл мэдэгдэл хийдэг Сангийн сайд нэг орой яг энэ нөхцөлийг хэлж, татварыг нэмэх тулгалтад орсон гэж бүлтэлзсэн. Бүүр тэтгэврийн насаа холдуулж оролдуулсан 7 төрлийн татварыг УИХ батлаад өгсөн. Ингэтлээ улайрч байсан Засгийн газар хамгийн сүүлд нь тодотголыг хэрэгжүүлэх төсөл дээрээ ОУВС-гийнхан найдвартай буцаах ганц заалтыг шургуулчихжээ. Рио Тинтогийн эгдүүцлийг хүргэсэн энэхүү заалтын утга нь энгийн хэрнээ айхтар. “Том төслийн санхүүжилтыг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах” тухай. Энэ заалтаа яг үнэндээ бол гишүүдэд ч танилцуулаагүй. Концессийн гэрээ шиг, тогтоолын төслийн араас нь шургуулчихсан гэж ордноор шуугиж байна.
Санаачлагчаар нь улс төрийн хөзрийн архаг муушгичин, бие даагч байхдаа төсвийн байнгын хорооны дарга хийж явсан, хөрөнгө оруулагч нарын авир араншин, тоглоомын дүрмийг сайн мэдэх Ц.Даваасүрэн гишүүн тодроод байна. Сангийн сайд ч яахав, хар ухаанаар багцаалдгаараа болчихно гээд тогтоол дотор тэр гайтай заалтыг чихчихэж гэж бодъё. Санаачлагч Ц.Даваасүрэн гишүүн бас Риог бүлдэгдэх гээд гүлдийчихэж гэж таамаглъя . Олон улсын гэрээ харилцааг хөндсөн ийм заалтыг Засгийн газрын тогтоолд оруулсанаар гарах үр дагаврыг урьдчилан харж анхааруулах зөвлөх хуульч, экспертүүд манай мэргэжлийн яаманд байхгүй байсан уу ?
Татвараа нэмсэн хуулиа ягштал хэрэгжүүлээд эхлэнгүүт Валютын сангийнхан шийрэгнэлээ. Рио-Тинтогийн гомдлыг хүлээн авахыг эелдэгээр тулгаснаар тэд бидний дунд хэрүүлийн алим шидчихээд шийдвэрээ түдгэлзүүлчихлээ. Харин манай төрийнхөн ОУВС-ийн хөтөлбөрийг алдахаасаа нэг их айхгүй болсон шинжтэй “пээдгэр” мэдэгдлүүдийг шууд хийж байгаа нь гайхал төрүүлэв. Энэ нь ерөөсөө энэ ОУВС-гийн шаардлага халхавч байж, татвар нэмэх ажиллагаа байсан уу гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна.
Өргөтгөсөн хөтөлбөрийн эцсийн шийдвэр хойшилсон дуулианы араас бэлдсэн мэт манай төр “гүрийнэ шүү” гэсэн мессеж өндөр авч эхлэв. Урьдчилсан байдлаар МАН-ын бүлэг ба Удирдах зөвлөл нь тогтоолын төслийн Рио Тинто-д холбогдох заалт дээрээ хатуу зогсоно гэсэн бор шувууг нисгэж байна. Гол гацааг үүсгэсэн заалтын автороор тодроод байгаа Ц.Даваасүрэн гишүүн “оруулсан заалтаа татахгүй” гэж баатарлав. Энэ эрчээр нь харвал дэлхийн долларыг атгагчдын эгдүүг хүргэж байгаад өргөтгөсөн хөтөлбөр цаашаа болбол болог, “яадаг юм” гэдэг дээрээ ирчихсэн харагдана. Одоо иргэд ОУВС-гийн нэр барьсан татварын нэмэгдлээ тэврээд үлдлээ. АН-ын бүлэг ард нь мэдрэмжтэй улс төр хийж таарна. Гэхдээ цаагуураа МАН-тай хавсраад манийгаа араар тавиад байгаа мэт. Манайх төртэй, парламенттай улс гэдгээ харуулах ёстой. ОУВС-д дунд хуруу өгье гэсэн утгатай тэрс мэдэгдлийг хийж цөөнх томорлоо.
Өчигдрөөс хэрэгжсэн татварын хууль бодитой үйлчилж эхлэхэд иргэд болоод олон нийтийн хөдөлгөөнүүд сэрсэн мэт болов. Манайхан ирээд маажихаас нааш муурныхаа хумсыг авдаггүйтай адил, сайхан хэнэггүй. Шууд хуулийн төслөөр хэтэвч рүү нь гараа хийчихээд, таван сарын нэгнээс мөнгийг чинь суйлна шүү гэж хэлээд байхад тоохгүй л ирэх наадмын төсвийг шинжээд байсан. Суйлаад эхлэнгүүт нь жагсаад бухимдаад хөдөлгөөн ороод эхэлдэг хийрхэл давтагдлаа.
Бүгдийг тоочиж бухимдал дээр тос нэмэхээ болъё. Тухайлан авто машины албан татвар, тэр дундаа хос хөдөлгүүрт буюу бидний номхон морь шиг унадаг приусын татварын нэмэгдсэн тариф үйлчилж эхэлсэн. Зөвхөн энэ нэмэгдлээс төсөвт 33 тэрбумыг төвлөрүүлнэ гэж байгаа. Өөр бусад татвараас төсвийн цоорхойг нөхөх “том“ мөнгө цугларна. Үүгээр төсвийн цоорхой энэ тэндээсээ нөхөгдөнө. Харин энэ нөхөгдөж өгөхгүй байгаа төсвийн том цоорхойг хэн гаргасан байдаг билээ.
Тэр ноёдууд л жил дамнан яригдаж, гол татваруудаа нэмүүлэн байж хүлээсэн ОУВС-гийн зээл төслийг өөрийн этгээд зүтгэлээр гацаалаа. Одоо бүх зүйл цаашид “бүү мэд” болчихсон харагдана.
“ОУВС төслөө татвал манай төр баталсан хуулиа өөрчилж татварын нэмэгдлээ буцаагаад татах уу” гэх гэнэн асуулттай иргэд, тэгвэл Приусны үнэ буцаад буурах юм байна гэх тайвшралтай. Манай төр иргэдийнхээ парагматик сэтгэлгээг сайн хөгжүүлжээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /