Хавар хаяалснаас хойш бямба, Ням бүрт жагсаалтай байх боллоо. Мэдээж бүгд л улс төрийн уур амьсгалтай. Эрх чөлөөнийхөө өдөр цээж нүцгэн жагсаад шүүхээс арга хэмжээ авахуулсан бүсгүйчүүдийг сошиал тив тэр чигээрээ өмөөрөөд бусад нь таг суусан. Одоо харин оффшорчдын жагсаал дориун масстай, сүрхий залгаатай өрнөөд байна.
Хоёр нөхөр ярьж байна.
- Талбайгаар оров уу... Хэнийх нь жагсаал болж байна.
- 0ффшорчдынх болж байна лээ.
- Аан тийм үү. С Жавхлангийнх жагсаал цуг болж байгаа юм уу ?
- Мэдэхгүй ээ... Баасан энэ тэрийнх хамт болоод байгаа юм уу. Бүүр толгой эргэчлээ...
Жил жилийн “харын синдром” гэж нэг үзэгдэл манайдаа уламжлал болсон. Тодорхой давтамжтай “Үзэгдэл” юм болохоор нийгмийн сэтгэл зүйд их багаар мэдрэгдэхүйц нөлөө үзүүлж байдаг. Энэ хаврын синдром үзэгдэл Оффшор гэсэн малгайн дор өрнөж байна. Жагсаал эхлээд оффшорчдын мөнгийг эх орондоо “даллах” уур амьсгалтай байсан. Харин өнгөрөгч жагсаалаас оффшорын тухай хуулийг хүчингүй болгох тухай онцолж эхэлснийг энд онцлох байна.
Эхний хэдэн гол асуулт бол түшээдийн эргэлзэн байж баталсан хуулий үзэл санаа юу байв. Нэгэнт гарсан мөнгийг татаж авчрах байсан уу. Оффшорчдоо илчлэх цаашлаад хязгаарлахад байсан уу. Нэг бол зүгээр л массын бухимдлыг дарж, улс төрийн оноо авахаар таалагдах хууль батлаж нийгэмдээ ” вакцин” шахсан уу.
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ХОМ мэдүүлдэг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдийг хамруулж байгаа гэж мэдээлэгдлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хэлснээр хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийн бодитой жишээ нь энэ хууль болчихов уу. ЗГ-аас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, ЗГ хамгаалж байна гэсэн нийгмийн давалгаа үүсч, түүнд нь үнэхээр улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид дээр тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд хавтггайруулаад баталчихав уу.
Хууль батлагдсаны дараа Хууль зүйн сайдын хүнд амьсгаатай хэлж байгаагаар бол хууль мөрдөгдсөнөөр төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчхоод байгаа гэнэ. Мөн үйлчлэх хүрээ нь их тэлж 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болжээ. Энэ тайлбараас харахад төрийн албан хаагчид болон тэдний ар гэр ах дүүст “офшор овогтон” болчих магадлал тун өндөр болчихлоо. Яагаад ингэж хавтгайрав гэхээр “ гишүүд нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” гэж сайд дүгнэжээ.
Харин нөгөө талд нэр бүхий улс төрчид болон архаг тэмцэгчид энэхүү хуулийг хулхидсан буюу “дүр эсгэсэн” хууль гэж үзэж байгаа юм байна. Сүүлийн оффшорыг онилсон жагсаалын индрийн зүгээс хэлж буй үг мэдэгдлүүдийг эмхэлж харвал оффшорын мөнгийг эргүүлэн татахыг шаардсан дээрээ нэмээд сая батлагдсан хуулийг нь хүчингүй болгоё гэжээ.
Г. Баасан хатагтай бол бүүр оффшороос буцааж татах мөнгийг хэрхэн зарцуулахаа хэлэлцье гэсэн ба ... Ард түмэн тайван бай гэж тэр оффшорт байгаа мөнгөө залилах гэсэн арга хэмжээг л авч байна.Өнөөдрийн оффшорын жагсаалын гол зорилго бол дэлхий дахинд баригдаад буй С.Баярыг эргүүлэн татах ёстой... Мөн саяхан баталсан оффшорын хууль гэсэн худлаа хуулиа хүчингүй болгох ёстой .. гэжээ.
Эндээс харахад ерөнхийдөө жагсаалын үзүүр гогцоо саяхан баталсан оффшорын хуулиа хүчингүй болгох гэдэг дээр зангигдаад ирсэн нь сөрөг талдаа ашиглагдах совин татуулж байгаа юм.
Улс төрчид ба түүний сонирхогчдын хаврын синдром нь улс төрчдийн гаргасан шийдвэр дээр суурьлаад яаж ч хөдөлж болох л доо. Бас энэ синдромыг тодорхой зорилгоор цаанаас нь сценардаж мэднэ. Ямартай ч батлагдсан хуулийн үзэл санаа хэрэгжилт, цаад нарийн ширийнийг сайн судалж байж нийгэмд хандаж дуугарах ёстой болов уу. Наад захын зарчим бол оффшорт байгаа мөнгөний асуудал 49 нөхрийн нэр дээр байж болох ч тэр хэмжээнд явцуурч 49 хүний мөнгийг татахад зориулсан хууль батлана гэдэг бол арай сэрүүднэ. Их хурал маань шүүх, цагдаагийн газар биш л дээ.
Шинэ хуульд ХОМ гаргагч төрийн албан хаагч нар бүгд хамрагдах болжээ. Оффшор бүсэд хувьцаа эзэмшдэг, хадгаламжтай, компанитай хүмүүс нь АТГ-т мэдүүлгээ гаргаад, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, компаниа татан буулгах зэрэг үүрэг хүлээх. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан гэж эх сурвалжууд мэдэгдсэн.
Харин хөөсрүүлээд байгаа асуудал бол хууль хэрэгжсэнээр олон нийтийн нэхээд байгаа оффшорын мөнгө эргэж татагдах уу. Гулгуулагч нар хариуцлага хүлээх үү. Энэ асуултад жагсаал оройлогч зарим нэгэн санаатай мэт “Үгүй” гэж хэлсэнтэй адил мэдэгдлүүдийг урсгаж харагдсан.
Хууль хэрэгжиж эхлэнгүүт оффшор бүст данстай бол түүнийгээ мэдүүлэх. Зүгээр мэдүүлээд үлдэхгүй дараа нь тэр хөрөнгөө Монгол улсдаа оруулж ирэх үүрэг үүсч байна. Энэ бол сүүлийн жагсагчдын индрээс хэлээд байгаа гол шаардлага. Энэ нь хуулинд туссан харагдана. Хуулиар нэгэнт үүрэг үүсч байгаа болохоор үл биелүүлбэл тооцох хариуцлага гэж байгаа. Тэр нь албан тушаалаас нь эргүүлэн татах.
Харин олон нийтийн зүгээс тавьж буй гол хүлээлт оффшорчдын хүлээх хуулийн хариуцлага буюу “яллах” тухайд бол АТГ-д оффшорт данстай хадгаламж хөрөнгөтэй гэдээ мэдүүлсэн нөхрийг тэнд байгаа хөрөнгийг хэзээ байршуулснаас үл хамаарч Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, зэрэг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу шалгах боломжийг бүрдүүлжээ гэж ойлгогдов. Мэдээж хууль хүчнийхэн улс төр бизнесийн нөлөөнөөс ангид байж намнаж чадвал шүү дээ.
Энэ процедураар харах юм бол одоо нэгэнт оффшорт хөрөнгө мөнгө байршуулсан хардлагад байгаа эрмүүд бүгд батлагдсан хуулийн дагуу хөрөнгөө АТГ- д дахин “илчилж” мэдүүлэх үүрэгтэй ба үүнийг нь бусад холбогдох хуулийн хүрээнд шалгах шаардлагатай бол ял төлөвлөх нөхцөл цагдаа прокурорт бий болж байна. Харин хөөсрүүлээд байгаа асуудал бол хууль хэрэгжсэнээр олон нийтийн нэхээд байгаа оффшорын мөнгө эргэж татагдах уу. Гулгуулагч нар хариуцлага хүлээх үү. Энэ асуултад жагсаал оройлогч зарим нэгэн санаатай мэт “Үгүй” гэж хэлсэнтэй адил мэдэгдлүүдийг урсгаж харагдсан.
Энэ зөрүүтэй ойлголт дээр талбай дээр гарч цагаан хоолой эзэмшиж, цогтой уриа хадаагаагүй ч Т.Аюурсайхан гишүүний олон нийтийн сүлжээнд оруулсан “учирлал” анхаарал татаж байна.
... Энэ хуулийн дагуу жишээлбэл Баярын Нандин, Баярын Бадамханд, Сүхбаатарын Бат-Очир нар оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж С.Баяр Элчин сайдаараа, Сү.Батболд УИХ-ын гишүүнээрээ ажиллах боломжтой. АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой.
С.Баярцогт мэдүүлэг гаргагч албан тушаалтан биш учраас Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу түүнийг шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой ... гэжээ.
Мэдээж дээрх хуулинд эргэлзээтэй заалт байх ч хэзээ оффшорт байршуулснаас үл хамаарч хариуцлага тооцох гарцыг хуулийнханд нээж өгснөөрөө Оффшорчдод шууд л халтай туслаа.
Үүний ард магадгүй “хулхи хууль” боллоо гэж нохой шуугиулж байгаа цаад эзэд нь энэ хуулиар эвгүйтэх, цаашлаад нэлээн олон асуудалд ээрэгдэх болоод буй өнөөх 49-ийн тоонд хүрсэн гэх оффшорчид нь өөрсдөө байхыг үгүйсгэхгүй.
Улс төрд бие халаалт хаврын синдромыг ашиглаж хуулийн хуурай тайлбараар ниймийн сэтгэл зүйг залах замаар арай гэж мултарсан хуулийг Үндсэн хуулийн цэц дээр унагааж цааш харуулах бэлтгэлээ эхлүүлж байж болно. Сүүлийн жагсаалын зарим оройлогчид оффшорын хуулийг дөнгөж төрмөгц “худлаа хуулиа” хүчингүй болгох ёстой гэж шууд мэдэгдэж байгаа нь үнэндээ “сонин” байна. Хэтрүүлсэн бол уучлаад хуулийн цоорхойг нарийн сайхан тайлбарлан өгч нийгэмдээ хувь нэмрээ оруулбал ....
Пүрэвжавын Баярхүү / тоймч /