Энэ оны төсвийн тодотголыг УИХ шөнө дөлөөр хуралдан баталлаа. Эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар асуудлыг хүч түрэн шуурхайлж, төслийн тодотголын шүүсийг ч базалгүй шахаагаар баталлаа.
Төсвийн тодотгол батлагдсанаар ОУВС-гийн сангийн хөтөлбөрт хамрагдан, ирэх гурван жилд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гадаад орнуудаас татах нөхцөл бүрдэж байна. Үүнээс гадна дотооддоо санхүүгийн сахилга батыг хангах үүндээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг өсгөлөө.
Энэ удаагийн төсвийн тодотгол иргэдэд халтай, эрх баригчдад ээлтэй байхаар боловсруулагдсаны дагуу батлагдлаа. Ирэх сараас Хүн амын орлогын албан татвар нэмэгдэж, 1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна. Энэ асуудалд зарим гишүүд болгоомжтой хандаж, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах санал дэвшүүлж байсан. Гэвч тэдний санал ажил хэрэг болсонгүй. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр заалт орууллаа. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар 100 хувь хөнгөлөлт үзүүлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд ард түмний унаа болсон пирус маркийн машиныг татварын хөнгөлөлтөөс чөлөөлөх саналыг гаргасан боловч олонхийн өмнө хүч дутсан.
Шатахууны онцгой албан татварыг энэ онд үе шаттайгаар хоёр удаа нэмэгдүүлнэ. Ингэхээр өмнөх түвшиндөө очиж, иргэдэд хүндрэл учрахгүй гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын ам ажил хоёр байнга зөрж байдаг. Тиймээс шатахуун нь импортоос хамааралтай манай улсын хувьд татвар нэмэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хуультай.
Цаашлаад ирэх жилүүдэд Нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхинд ногдох албан татвар нэмэгдэнэ. Эрх баригдчын цалин, тэтгэвэр үе шаттай нэмэгдүүлэх амлалт сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй хамт салхинд хийсэн замхарлаа. Ирэх жилүүдэд “Чингис” бондын өрийг төлөхтэй зэрэгцэн ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ зээл иргэдэд өгөөжөө өгөх үү, өр болон үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах юм.
Н.Энхлэн