УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг хэрхэн батлахаас ирэх өдрүүдэд улсын эдийн засаг сэргэх хийгээд иргэдийн амьжиргаа дээшлэх эсэх шалтгаална. Гэхдээ энэ удаагийн төсөв иргэдэд халтай, улсад ээлтэй талдаа боловсруулагдсан. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, аж ахуйн нэгжтэй холбоотой 7 төрлийн татвар нэмэхээр тусгасан. Харин хэлэлцүүлгийн явцад төсвийн тодотголын төсөл Засгийн газраас анх өргөн барьсанаасаа нэлээдгүй өөрчлөлтэйгөөр батлагдах бололтой. Гишүүд төсвийн тодотгол дахь аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн татвар нэмэх асуудалд шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандаж харагдсан.
Гишүүд төсвийн тодотголоор зарим төрлийн татварыг нэмэх тухайд эргэж харах хэрэгтэйг сануулж байна лээ. Тухайлбал, хадгаламжийн хүүнээс татвар авахаар тусгасан. Ингэхдээ тодорхой хязгаарлалт хийгээгүй. Харин эрх баригч хүчин бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхдээ 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах талаар хэлэлцсэн байсан. Бүлгийн гишүүд нь ч үүнийг дэмжсэн бололтой. Тухайлбал гишүүн Д.Сарангэрэл “Ганц, хоёр өрөө байр авах гээд, хүүхдүүдээ тусад нь гаргах гээд хэрэглээнээсээ хагаслан байж хураасан хэдэн төгрөгнөөс нь татвар авмааргүй байгаа юм. 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс нь татвар авч болох юм гэсэн байр суури илэрхийлж байлаа. Хэлэлцүүлгийн явцад хадгаламжийн хүүнээс татвар авахдаа мөнгөн дүнгээр хязгаарлалт тогтоох нь тодорхой боллоо.
Мөн хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувиас буулгаж 40 хувьд олгох, үлдсэн 20 хувийнх нь мөнгийг хүнсний талонд шилжүүлж, хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгохоор төсөлд тусгасан байв. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зорилтот 60 хувиасаа дахин буулгах шаардлагагүй, харин шаардлагатай бус зардлуудаа танаж, зарим ажлыг хойшлуулан царцаах хэрэгтэй гэсэн санал гишүүд хэлж байсан.
Сөрөг хүчний хувьд төсвийн тодотолыг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийсэн. “Эрх баригчид өр дарж, ард түмний амьжиргааг дээшлүүлнэ гэсэн сонгуулийн амлалтынхаа эсрэг ажиллаж байна. Өнөөдө олон улсын зах зээлд зэс, нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, зээл нэмэгдүүлэх шаардлагагүй” гэсэн байр суурийг тэд хэлж байгаа. Ер нь гишүүд манай танай намын Засгийн газар гэлтгүй төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байлаа. Жишээлэхэд гишүүн Т.Аюурсайхан “Төсвийн сахилга батыг хангахыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаад хийхгүй, яагаад олон улсын байгууллагын хүнд нөхцөлөөр хийх гээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчиж байна. Өнөөдөр өр төлж чадахгүй, зээл нь нэмэгдээд байна” хэмээн бухимдалтай байна лээ.
Цаашлаад тэтгэврийн насыг нэмэхтэй зэрэгцээд ажлын байраа нэмэгдүүүлэх шаардлагатайг Засгийн газарт гишүүд сануулж байсан. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхлээгүй гэж бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь залуучууд. Тиймээс тэдэнд ажлын байрыг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг нэмэхдээ олон улсын жишгийг харгалзахаас гадна өөрийн орны онцлог, хөрс суурийг бодолцох ёстойг гишүүд олонтаа хэлнэ лээ.
Төсвийн тодотголд татварыг нэмсэн хэрнээ төсвийн Ерөнхийлөн захирагч нарын төсөв нэмэгдэж тусгагдсан. Энэ удаагийн төсвийн тодотголоор Шадар сайдаас бусад төсвийн Ерөнхийлөн захирагч нарын төсөв нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, сайдуудын танагдаагүй бүүр нэмэгдсэн шалтгааныг хэрэгжих төсөл хөтөлбөр, зайлшгүй шаардлагатай тусгах зардлуудтай Сангийн сайд холбон тайлбарлаж байсан.
Тиймээс сайдуудын биш иргэдийн бүсийг чангалахаар боловсруулан оруулж ирсэн гүйцэтгэх засаглалынхаа төсвийн тодотолыг танаж, хэрхэн өөрчилж батлах нь УИХ-ын мэдлийнх билээ.
Н.Энхлэн
Уншиж байна |