Маргааш сонгууль болбол сонгогчдын 80 илүү хувь нь санал өгөх байр руу гүйхэд бэлэн байгааг судалгаа харуулжээ. Мэдээж улс төрийн намуудаас уйдсан буюу тэд улс орны асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа гэж олонх дүгнэжээ. Иргэд өнгөрсөн сонгуулиас хойш аль нэг намаас илүүтэй хувь улстөрчид итгэх байдал давамгайлж байгаа харагдлаа. Нэг ёсны Лидерийн мухар эрэлд гарсаны шинж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байхад төрийн тэргүүн, улстөрчийг хэлмэгдүүлсэн ч бай, буруутай ч уучлах, хүндлэх үзэл давамгайлж байсан. Тэгээд ч 2012 оны сонгуулиар МАХН санаанд оромгүй санал түүж бялуу хүртсэн. Сайнаар яривал төр барилцсан. Муугаар яривал намын даргаараа барьцаалсан улс төр хийж жижгэрсээр намаараа хоёр томын өгөөш болсон. Харин одоо масс хаашаа ч эргэхэд бэлэн байна. Төрийн хүн гэж хүндэтгэх, эрхэм түшээ гэж үгийг нь сонсон аясаар нь хүлээх эерэг хандлага сэтгэхүйээс нь арчигджээ. “Улстөрч тусмаа шийтгэ, оймсыг нь гозолзуул” гэдэг уур хилэнтэй ард түмэн болж хувирчээ.
Үнэн хэрэгтээ ардчилсан төр, эрх мэдлийн хуваарилалт гэдэг цөөнх олигархи нарын гарт төрийн эрх мэдлийг өгөх үзэгдэл. Энэ нь манайд дөнгөж эхлэл үйл явц дээрээ байгаа гэдгийг олон нийт сонсохыг ч хүсэхгүй. Чухамдаа хөрөнгөтэй цөөнх хэсгийн тохироо ба толхилцоо, тэдний алдсан оносон сайн муугийн аясаар амьдрал, асуудал нь савлаж байгаатай олон нийт яагаад ч эвлэрч чадахгүй байгаа. Тэгээд ч энэ хэдэн хөрөнгөтөн, феодолууд, луйварчид холилдсон намуудын хэн нь ч байлаа идсэн уусныг нь шийтгээд хориод өгөөч гэж хилэгнэж байгаа.
Энэ л цөхрөл дээр Н.Энхбаяр шиг ухаажсан харагдаж буй улстөрчийн рейтенг өсөх нь зүй. Хэн гэдэг улс төрч улс орны асуудлыг шийдэхэд илүүрхэж, жин дараасай гэж хүсч байна гэхээр Б.Бат Эрдэнэ гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар үзүүр түрүү булаалдаж орж ирсэн харагдана. Энэ бол улс төрчдөөс тулхтай буурьтай буюу АН шиг савсганаад салхилаад байдаггүй кандитатыг олон нийт хайж байна. Энэ төсөөлөл нь Б.Бат-Эрдэнэ гишүүн.
Нөгөө талд төр барих туршлага мэдлэгтэй, тодорхой хөгжлийн гарц олсон бодлоготой бас энэ хэдийгээ сайн хашраагаад өгөх лидерийн төсөөлөл байна. Энэ талд нь Н.Энхбаяр нэгээр гараад ирж. Түүний дуулиант оймс гозолзуулсан түүх одоо бол сөрөг гэхээсээ тулалдаж үзсэн буюу зовлон үзэж хаширсан гэдэг нэмэлт бонус болчихоод байна.
Яг өнөөдрийн тухайд иргэд ихэнх нь эрх баригчдын бодлого шийдвэрийн хуурай тунхаглалаас залхсан буюу шүүмжлэгч байр сууринд бүрэн автсан болохыг шилдэг улстөрчдийн нэрст С.Жавхлан гишүүнийг нэрлэснээс харж болохоор. Мань эрийн эрх баригчдын ямар уйтгартай хуралддаг, хэрхэн тэнэглэдийг гайхаж байна зэрэг дуу алдалт нь өнөөдөртөө ухаантай ярианаас залхсан иргэдэд загатнасан газрын маажилт болчихоод байгаа. Яг тулаад мань хүнд төрийн эрх өгч дээш нь гаргах дээрээ тулахаар “дуучнаас улс төрч арай ч жул байна “гээд гэдийх нь тодорхой.
Өнөөгийн эрх баригч хүчин МАН их итгэлээр төр аваад бараг хадан цохиотой тулчихсан харагдана. Үүнд манай хэдийн урьд урьдын олон жилүүдийн урхаг мунхаг бодлого, олигорхжих үйл явцын үр дүн хорт хавдар болж, хамгийн том үсэрхийлэл эдийн засгаа барьчихсан байхад МАН найдвар болж төр барьсан. Сонгуульд ялах олон жор тэдэнд байсан ч яс тулаад ирэхээр хорт хавдрыг анагаах нарийн жор, цаашлаад ур чадамж бас дутуу байгааг яг одоо өрнөж буй үйл явц харуулсаар.
Хаашдаа өнгөрсөн эдийн засгийг ард түмэн Валютын санд нь даатгаад Чойжоо сайдын хар ухаанд хаяад түр мартчихаж чадах ч энэ харанхуйд хөтөлсөн улс төрчдийг зүгээр орхихгүй гэдэг реакц нь улам дэвэрсээр. Үүнийг дарах буюу тайвшруулах үйлчилгээ сайтай жор нь одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал . “Үндэсний зөвшилцөл” гэсэн чихэнд наалдацтай энэ тодотгол бол ард түмний тайвшруулах давхар үйлчилгээг үзүүлж байгаа “Аспирин С “ гэдэг шиг супер эм болчихоод байна.
Ингэж байгаад үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж энэ хэдэн даварсан гарууд хариуцлага хүлээдэг болох юм байна гэсэн итгэл сүүмэлзэж байгаа нь массын олигархуудаас салж болно гэсэн хоосон итгэлийг одоохондоо усалж байна. Харин ардчилал гээч нь манайд төрөхийн гажиг хэлбэрээрээ явсаар цөөнх олигарх ба тэдний шийдвэр дор зүтгэгчид гэсэн хоёр туйлын хагарал дээр ирээд мухардчихсан байгааг энд нуршихаа түр орхьё.
Судалгаанд хамрагсдын 80 хувь нь шударга ёс алдагдсаныг зөвшөөрчээ. Ийм их савлагаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг нүдэлцээн эхлэх гэж байна. Сонгуулиас сонгуульд мөнгө төгрөг харж, хөгжлийн горьдлого тээдэг ард түмэн энэ удаа бол өөр болсон байна. Тэд хариуцлага тооцох хатуу гарыг улстөрчдийн дээр байлгахыг хүсчээ. Энэ нь улс төрийн хайр найргүй тэмцлийн сорви болж үлдсэн Н.Энхбаярын эргэн ирэлт болохыг үгүйсгэх аргагүй. Гэвч үүний цаана үүнийг үл гүйцэлдүүлэх том тоглолт дөнгөж эхэлж буй.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /